Гэлэнхүүгийн суварга
Гэлэнхүүгийн суврага бол Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 10 км зайд уулын дөрвөлж дээр нэгэн суврага.
Тус нутагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд оны эхээр төрж, 10 орчим насандаа хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч шашин ном, зан үйлтэй тэрсэлдэн хөөгдөж хөдөө гарч амьдарчээ. Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийг сонирхон монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин ярьсаар иржээ. Тэрээр өөрийн төрж өссөн Дэвүүр гэдэг газар тарвага нутагшуулж, голын усыг боон шуудуу татан ногоо жимс тарьж ургуулах болон ур дарх хийн олон түмэнд хүндлэгддэг байсан нь 8-р Богд Жавзандамбаас "Жадамба" зэс барыг урлахад Халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж бүтээлцэж байсан байна. Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар сувраганд орох материалыг цуглуулж, шүншигт нь өөрийн дархны нарийн багаж хэрэгслийг хийн суварга бүтээн босгосон байна. Суврагын сэнтий нь 2.5 ам дөрвөлжин метр талбайг эзлэн бумба, гонхорын хамт 3 м өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавгайлан дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ. Суврагыг барихдаа амыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нь уг хүний сэтгэлийн илэрхийлэл байж болох талтай. Суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу түүхэн үйл явдал зориулж уул газар нь барьж байгуулдаг барилгын байгууламж юм. Гэлэнхүүгийн суврага нь хувь хүний дурсгалын төрөл зүйлд багтан орох юм.