Гэлэгпилийн Чулуунбаатар
Гэлэгпилийн Чулуунбаатар (1957 онд Ховд аймгийн Дарви сумын “Гурван толгой” гэдэг газар төрсөн) нь Монгол Улсын төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич.
Намтар
засварлах1957 онд Ховд аймгийн Дарви сумын “Гурван толгой” гэдэг газар төржээ. 1975-1981 онд МУИС-ийг философич мэргэжлээр суралцан төгсөж, 1981-1990 онд Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, 1990-1993 онд ОХУ-ын Москва хотноо Удирдлагын Академийн аспирантурт философийн ухааны доктор (Рh.D), 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид философийн шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын зэрэг хамгаалсан, нийгэм, хүмүүнлэгийн салбарын тэргүүлэх эрдэмтэн хүн байлаа.
Тэрээр 2023 онд нас барсан.
Ажил хөдөлмөр
засварлах1994-1996 онд Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,
1996-1997 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
1997-2009, 2013-2016 онд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал,
2001-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх,
2008-2012 онд Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирлаар тус тус томилогдон ажиллаж,
2000 оноос Хүний эрхийн комиссын тайлан, Хүний хөгжлийн үндэсний илтгэлийн ерөнхий редактор,
2007-2011 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын судалгааны төслийн үндэсний захирал,
2018 оноос Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн,
2008-2019 онд Монголын философийн холбооны ерөнхийлөгч зэрэг сонгуульт болон томилгооны ажил, албан тушаалыг хавсран эрхэлж байв.
2016-2022 оны хооронд ШУА-ийн Тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчөөр удаа дараа сонгогдон,
2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдаар томилогдон ажиллаж байв.
Мөн Монгол Улсын Их Хурлаас үндэсний хэмжээнд явуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн даргаар 2017, 2023 онд ажиллаж шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн бодлого шийдвэр гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
1997 онд ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы анхны гишүүнээр сонгогдож, өнөөг хүртэл тус Бага чуулганы (2020 оноос Хүмүүнлэгийн ухааны салбарын Бага чуулган) дэргэдэх “Гүн ухаан, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын зэрэг хамгаалуулах” зөвлөл, 2017 оноос Философийн ухааны доктор (Ph.D) хамгаалуулах зөвлөлийн даргаар тус тус томилогдон ажиллахын зэрэгцээ 20 гаруй магистр, доктор (Рh.D)-ын, 10 гаруй шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөхөөр ажиллаж хамгаалуулсан шилдэг сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн багш хүн байв.
Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Соёл урлагийн Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, СУИС-ийн тэргүүлэх профессор, Японы Сока их сургууль, БНХАУ-ын Нефтийн их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургуулийн хүндэт профессор цол хүртсэн, гадаад, дотоодод танигдсан шинжлэх ухаан, дээд боловсролын томоохон зүтгэлтэн байв.
Гавьяа шагнал
засварлахТөр засгаас түүний шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 2000 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Алтан гадас одон”, 2003 онд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медаль, 2008 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2021 онд “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртээжээ.
Бүтээл туурвил
засварлахМонголын нийгэм-иргэншлийн тогтолцоо, нийгэм, улс төрийн философи, нийгмийн хөгжил, өөрчлөлтийн философи асуудал, ардчилсан засаглалын онолын судалгааны 300 шахам эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, онолын суурь судалгааны төслүүдийг амжилттай удирдаж, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааг хөгжүүлэхэд онол, арга зүйн удирдлагаар манлайлан ажилладаг шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч, салбараа тэргүүлэгч нэр хүндтэй эрдэмтэн байлаа.