Гукеш Доммаражу
Гукеш Доммаражу (тамил. குகேஷ், телүгү గుకేష్ దొమ్మరాజు; 2006 оны 5-р сарын 29-нд Энэтхэгийн Ченнай хотод төрсөн) — 2019 онд Энэтхэгийн шатрын Их мастер цол хүртсэн, 2024 онд дэлхийн 18 дахь шатрын аварга юм.
Гукеш дэлхийн шатрын түүхэн дэх хамгийн залуу аварга юм. Тэрээр 17 настайдаа FIDE-гийн 2750 оноог давсан хамгийн залуу тоглогч, 16 настайдаа 2700-г давсан хамгийн залуу тоглогчоор тодорсон. 12 настайдаа шатрын түүхэн дэх хамгийн залуу гурав дахь шатрын Их мастер юм.
Намтар
засварлахГукеш Доммаражу 2006 онд Энэтхэгийн Ченнай (өмнө Мадрас гэдэг байсан) хотод Энэтхэгийн өмнөд Андхра Прадеш мужаас гаралтай Тэлүгү гэр бүлд төрсөн. Түүний эх Падма микробиологич, эцэг Ражиникант нь чих хамар хоолойн мэс засалч ажээ. Гукешийн гэр бүл Андхра Прадеш мужийн Тирупати дүүргийн Сатяведугийн ойролцоох Ченчуражу Кандрига тосгоноос гаралтай. Түүний өвөг эцэг Шанкар Ражу Ченчуражу Кандрига хотод төрж өссөн бөгөөд Энэтхэгийн төмөр замд ажиллаж байжээ. Түүний хүү буюу Гукешийн эцэг Ражиникант дараа нь эмчийн мэргэжлээр ажиллахаар Ченнай хотод суурьшиж, Падмаватитай гэрлэжээ. Гукешийн өвөг эцэг Шанкар Ражугийн оршин сууж буй Ченчуражу Кандрига хотод гэр бүл нь үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.
Гукеш төрөлх хотынхоо "Виламмал Видьялайя" дунд сургуульд сурч байхдаа 7 настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2010-аад оны дунд үеэс Ази тивийн хүүхдийн тэмцээнд амжилттай оролцсон байна. Гукеш шатраар 2013 онд хичээллэж эхэлсэн бөгөөд долоо хоногт гурван удаа зохион байгуулдаг нэг цагийн хичээлээс эхэлжээ. 2017-2018 онд түүний эцэг нь Гукештэй хамт янз бүрийн тэмцээнд явахаар ажлаасаа гарсны дараа эх нь цорын ганц тэжээгч болсон. Гэр бүл нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Гукешийг тухайн үед эцэг эхийнх нь найзууд, сургууль зэрэг ивээн тэтгэж байжээ.
Улмаар 2018 онд Испанийн Сантьяго-де-Компостела хотод болсон 12 хүртэлх насны хүүхдүүдийн ДАШТ-нд түрүүлсэн байна. 2019 оны 1-р сарын 15-нд 12 нас 7 сар 17 хоногтой байхдаа Гукеш шатрын Их мастер цолны болзлыг хангасан байна.
2022 оны 8-р сард Ченнай хотод болсон Дэлхийн шатрын олимпиадад Энэтхэгийн хоёрдугаар шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, хүрэл медаль хүртжээ. Улмаар 2024 оны 9-р сард Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн шатрын олимпиадад аварга болсон билээ.
Мөн 2024 оны 4-р сард тэрбээр Канадын Торонто хотод болсон дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээнд 9 оноо авч түрүүлсэн юм. Энэ үеэр түүний дасгалжуулагчаар Польшийн их мастер Гжегож Гаевски байсан. Ингээд 17 настай Гукеш аваргын төлөө өрсөлдөх хамгийн залуу шатарчин болсон юм.
2024 оны 12-р сарын 12-нд Шатрын дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолтын 14 дэх өрөгт Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражу 58 дахь нүүдэл дээр Хятадын шатарчин, дэлхийн аварга Дин Лижэнийг хожсон байна. Сүүлчийн 14 дэх өрөгт Дин Лижэн цагаанаар, Гукеш хараар тоглосон бөгөөд Энэтхэгийн шатарчин хожсоноор нийлбэр дүнгээр 7,5:6,5 гэсэн онооны харьцаагаар Хятадын их мастерыг илүүрхэж, дэлхийн 18 дахь аварга болсон байна.
Эрэмбэ | Өрөг | Оноо | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |||
Гукеш Доммаражу (Gukesh Dommaraju, Энэтхэг) | 2783 | 0 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | 0 | ½ | 1 | 7½ |
Дин Лижен (БНХАУ) | 2728 | 1 | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 1 | ½ | 0 | 6½ |