Гренландын мөсөн бүрхүүл
Гренландын мөсөн бүрхүүл (Greenland Ice Sheet) нь Дэлхийн хоёр дахь том мөсөн биет юм. Дундаж зузаан нь 1.67 км, хамгийн зузаан хэсэгтээ 3 км хүрдэг байна. Уртрагийн дагуу 2900 км, 77°N өргөргийн дагуу хамгийн өргөн хэсэгтээ 1100 км хүрдэг. Нийт талбай нь 1,710,000 квадрат километр буюу Гренландын нийт нутгийн 80 хувийг эзлэх бөгөөд Антарктидын мөсөн бүрхүүлийн 12 хувьтай тэнцэхээр хэмжээтэй юм. Гренландын мөсөн бүрхүүл гэсэн нэршлийг шинжлэх ухааны ном зохиолд GIS эсвэл GrIS гэж товчилдог.
Гренландад 18 сая жилийн турш томоохон мөсөн гол, мөсөн бүрхүүл тогтсон байсан хэдий ч нийт нутгийн ихэнхийг бүрхсэн анхны мөсөн бүрхүүл 2.6 сая жилийн өмнө тогтсон гэж үздэг. Энэ бүрхүүлийн хэмжээ өдийг хүртэл томсож жижгэрсээр иржээ. Гренландад илрүүлсэн хамгийн эртний мөс 1 сая жилийн настай. Хүний үйл ажиллагааны нөлөөтэй хүлэмжийн хийн нөлөөнөөс болж Гренландын мөсөн бүрхүүл сүүлийн 1000 жилийн хугацаанд хамгийн дулаан цэгтээ хүрч, дор хаяж 12,000 жилийн турш хайлаагүй хурдтайгаар хайлж байна.
1850 онтой харьцуулахад 2-5 дахин илүү хурдтайгаар зун болгон мөсөн бүрхүүлийн зарим хэсэг нь хайлан бутарч далай руу унаж байна. Энэ мөс нь ихэвчлэн өвлийн хугацаанд буцан нөхөгддөг байсан ч 1996 оноос хойш Дэлхийн дулаарлаас үүдэн хөлдөлтийн хурд нь хайлалтынхаа хурдыг гүйцэж чадахаа больжээ.