Гончигдамбын Дарамзагд

Гончигдамбын Дарамзагд Монголын нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач. 1930 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн. 1980 оны 7-р сарын 8-нд Эрдэнэт хотод нас баржээ. Найрал дууны удирдаач, хөгжмийн зохиолч. 1961-1966 онд Москвагийн хөгжмийн дээд сургуулийг найрал дууны удирдаач мэргэжлээр төгссөн.

1947 оноос МААрмийн Дуу Бүжгийн чуулгад дуучин, 1951-1961 онд мөн тэндээ найрал дууны удирдаачаар ажиллаж байв. 1966-1969 онд УАДБЧуулгад, 1969-1970 онд Дорнод аймгийн ХЖТеатрт, 1970-1979 онд УДБТеатрт найрал дууны ерөнхий удирдаачаар болон Эрдэнэт хотын Соёлын ордонд ажиллаж байсан. 1959 онд МХЗХолбоонд элсжээ.

Уран бүтээл засварлах

“Нүүдлийн замд” дуурь 1980 (Л.Түдэвийн зохиол, П.Бадарчийн цомнолоор бичиж дуусгасан.(Найрал хөгжмийн сүүлийн хэсгийг бичиж амжаагүй нас барсныг түүний шавь МУГЖ, алдарт дуучин, хөгжмийн зохиолч Д.Дашням гүйцээн дуусгасан. Энэ дуурийг 1985 онд ДБЭТеатрт тавьсан). “Ленин” – оратори 1972он (Ж.Бадраагийн үг), “Хүн” – магтуу-найраглал 1975-1976 (Ж.Межелайтисын найраглал), “Нэг цэргийн тухай дууль” – 1971 (Ч.Чимидийн шүлэг), 500 орчим найрал дуу, чуулга, дуу, романс,бүжгийн хөгжим,200 орчим дууны найруулга хийжээ. “Баавгай дуулах уу” хөгжимт жүжиг 1974(А.Очирбат), “Гургалдай” хөгжимт жүжиг 1975 (А.Чойсон), киноны хөгжим “Ардын цэрэг” 1977. “Өргөн Сэлэнгэ” дууны түүвэр – УБ., 1972, “Орчлонд бид азтай төржээ” дууны түүвэр – УБ.,1983, “Монголын сайхан орон” дууны түүвэр-УБ.,2011 онд хэвлэгдсэн.