Говийн бага дархан газар
Монголын зүүн өмнөд говийн үндсэн хэв шинжийг төлөөлсөн, байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан, дэлхийд ховордсон амьтад болох хулан, хар сүүлтийн гол байршил нутаг бөгөөд Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, ландшафтын өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор нь УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Говийн Бага дархан цаазат газар байгуулагджээ. Говийн Бага дархан цаазат газар нь говийн аймгуудын зааг нутгийг хамрах тул ерөнхийдөө зэлүүд байдалтай, хилийн дагуух жинхэнэ говийн ландшафт бүхий энэ нутгийг хамгаалалтад авснаар говийн эмзэг экосистемийг хамгаалах, судлах, зүй зохистой ашиглахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү дархан цаазат газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 1.8 сая га талбай эзэлдэг. Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг Байгаль Орчны сайдын 2006 оны 238 дугаар тушаалаар Өмнөд говийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас салбарлан Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулан ажиллуулж байна.
Газарзүйн онцлог
засварлахБайгалийн 2 мужийг төлөөлж Галбын говь, Борзонгийн говийн өргөн уудам нутгийг хамарна. Дархан газрын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдөө талархаг байрлалтай. Галбын говийн зүүн хойд хэсэг уудам хоолой нь дотроо Амтгай, Энгэр, Сухайт, Цавчим, Гүн Сухайт зэрэг бага зэрэг тусгаарлагдмал хотгоруудаас бүрдэх ба эдгээр нь эртний нуурын хурдас тойром байдалтай оршино. Эдгээрийг хүрээлээд заг, бутлаг ургамал бүхий бүрхэвч элс, хармагийн довцог элбэгтэй. Эдгээр нь салхин гаралт элс бөгөөд ихэвчлэн сөөглөг, өвслөг ургамлаар дунд зэрэг бэхлэгдсэн нүүлт хөдөлгөөн багатай, бэлчээрийн ач холбогдолтой элс юм. Үлдсэн хэсгийг Говь Алтайн уулсаас саланги тусгаар орших үлдмэл цулдам ба бэлэрхэг нам уулс, цав толгод эзлэх ба эдгээр нь элэгдэл, эвдрэлд гүн автсан, харьцах өндөр багатай, агуй хонгил элбэгтэй, хал чулуурхаг, говь цөлийн бартаа ихтэй уулсын нэгээхэн хэсэг болно.
Ургамлын аймаг
засварлахГалбын говийн хэсгээр хотгор дагуудаа бударганат, олон наст бударгана-загт бүлгэмдэлтэй. Талархаг газраа баглуурт, хотгорт, мөнгөн хайргат, бор бударганат цөлийн ургамалшилтай. Мөн хотгор дагуу хужир мараалаг болон элсэрхэг хэсгээр заган ой ихтэй. Энэ хэсэгт заган ойн 4-5 томоохон тархац нутаг бий.
Амьтны аймаг
засварлахМонголын зүүн өмнөд говийн үндсэн хэв шинжийг төлөөлсөн, байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан, дэлхийд ховордсон амьтад болох хулан, хар сүүлт, аргаль, янгирийн гол байршил нутаг бөгөөд дархан газрын дэвсгэрт амьтдаас хярс, мануул, чоно, үнэг, өмхий хүрэн, агнуурын шувуудаас ногтруу, хахилаг элбэгтэй. Манай орны хулангийн 50 орчим хувь нь энэ нутагт байршин нутгалдаг бөгөөд хулан, хар сүүлт нь сүүлийн жилүүдэд байгалийн болон хүний үйл ажиллагааны зохисгүй нөлөөний улмаас цөөрөх хандлагатай боллоо. Говийн бага дархан газар нь нийслэл хотоос төдийлөн холгүй орших тул хүрэх, судлах, хамгаалах, олон улсын байгуулга, эрдэмтэдтэй хамран ажиллахад бүрэн бололцоотой шинжлэх' ухааны хувьд ихээхэн сонирхол татсан нутаг юм. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Говийн Бага дархан цаазат газрын “б” хэсгийн хязгаарлалтын бүс дэх Тэнгэр нуур, Сүүж уулын районы баруун цагаан толгой, зүүн Цагаан дэл, Модон шанд зэрэг 7 газарт 2003 оны 11 дүгээр сараас эхэлж 3 жил гаруй үргэлжилсэн, байгаль орчинд сөрөг нөлөөтэй техник, технологи, тэсрэх дэлбэлэх болон цианит натри, мөнгөн ус зэрэг хорт бодис ашиглан алт олборлож байсан хууль бус үйл ажиллагааг БОАЖЯ, хууль, хүчний байгууллагуудтай хамтран 2007 оны 05 дугаар сард бүрмөсөн таслан зогсоосон. Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох явцад 32 ширхэг тээрэм хурааж, 100 гаруй гэрийг аймаг, суманд нь нүүлгэн шилжүүлж, 200 гаруй машин, 700 гаруй иргэдийг тарааж, 25 га талбайд 78000 м3 газар шорооны ажил гүйцэтгэн 8,9 сая төгрөгийн техникийн нөхөн сэргээлт хийж, хорт бодисоор хордсон шламыг тээвэрлэн нэг дор цуглуулан саармагжуулалт хийсэн. Тэнгэр нуур, Сүүж уулын районд хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг таслан зогсоосны үр дүнд Сүүж уулын районоос дайжаад байсан ховордсон ан амьтад эргэн ирж идээшиж дассан орчиндоо нутагшин амгалан тайван амьдарч байна.