Германы радиогийн түүх

Германы радио нь Герман улсад 1923 онд төрийн мэдлийн радио ажиллаж эхэлжээ. ХХ-р зууны 20-оод оноос Германы радио мэргэжлийн ур чадвар, мэдээллийн, нийтлэл уран сайхны, танин мэдэхүйн нэвтрүүлгээрээ ялгарч байлаа. Ялангуяа радио нэвтрүүлэгт дуу чимээ, төрөл бүрийн шум их ашигладаг байжээ. Мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээл туурвихад нь тухайн үеийн Германы техникийн хөгжил дэвшил дэм болж байлаа. 20-оод онд байгуулагдсан Берлиний радиогийн техникийн төв нь тухайн үеийн хамгийн тэргүүний технологиор бүтээгдсэн өндөр хүчин чадалтай төхөөрөмжтэй байжээ. Радио жүжиг тухайн үед нэвтрүүлгийн сүлжээнд нь томоохон байр суурь эзлэж байв. Зохиолч, яруу найрагч Г.Кессер, Э.Толлер, Р.Гунольд, Р.Леонгард нар радиод зориулан олон арван жүжгийн зохиол бичиж байв. Хожим Германий радиогийн энэ туршлага дэлхийн олон оронд дэлгэрсэн. Жишээ нь Э.Толлерийн “Берлиний мэдээ” гэдэг радио жүжгийг хожим Нью Йорк, Москва зэрэг дэлхийн томоохон хотын радиогоор нэвтрүүлж байв.

Радио сэтгүүл зүйн онолын асуудлаар Б.Брехт “Радиогийн онол” /1927-1930/, Р.Кольб “Радиожүжгийн зурхай” /1930/ зэрэг ном сурах бичиг хэвлэгджээ. Энэ бүх бүтээлүүд өдгөө ХХ-р зууны үеийн сэтгэл судлал, соёл судлалын салбарын сонгодог номын тоонд багтаж байна. Гитлер 1932 онд засгийн эрхийг аваад радиог өөрийн суртал ухуулгийн гол хэрэгсэл болгож чаджээ. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээс тэр радиог өндөр үнэлж, онцгой ач холбогдол өгсөн байна. Тэр “Майн Кампф” буюу “Миний тэмцэл” номондоо “үг бол шашин, улс төрийн урсгалыг ялагдашгүй хүч болгон хувиргах ид шидтэй” гэж бичсэн байдаг.

Радиогийн тусламжтайгаар Гитлер хүмүүсийн тархийг угааж хүн амынхаа ихэнхи хэсгийг дуулгавартай болгож чаджээ. Германы суртал ухуулгийн сайд Геббельс “радио бол ард түмнийг удирдахад ашиглаж болох хамгийн найдвартай зэвсэг” гэж тодорхойлжээ. Гитлер засгийн эрхийг авсан даруйдаа радиогоор системтэй сайн бэлтгэсэн суртал ухуулга хийсэн юм. 1933 оноос зөвхөн Германы радио станцуудын долгионыг л хүлээн авахад тохируулсан радио хүлээн авагч үйлдвэрлэж эхлэжээ. 1939 оны 7 сарын 1 нд Германд 15 сая ширхэг радио хүлээн авагч байсан бол хоёр жилийн дараа нэг 16 саяд хүрсэн байна. Радио хүлээн авагчийнхаа тоогоор Герман улс дэлхийд америкийн дараа 2-р байранд бичигджээ. Дэлхийн 2-р дайны үед Германы радио цэргийн сэдэвт нэвтрүүлэг явуулах болжээ. 1940 оноос “Цэргийн дуу хоолой” нэвтрүүлэг радиогоор цацагджээ. Байлдааны ажиллагааны тухай “Шуурхай мэдээ”-ний хамгийн анхны дугаарт Норвегийг эзлэн авсан тухай мэдээлжээ. Лондон хотыг бөмбөгдөж байгаа Германий нисэх хүчний онгоцны бүхээгээс “Фронтын чимээ” гэдэг шууд нэвтрүүлэг хийгдэж байлаа. Гэвч Герман улс дэлхийн 2-р дайнд ялагдах үед цэрэг, улс төрийн сэдэвтэй нэвтрүүлэг алга болжээ. Үүний оронд Геббельскийн илтгэл, радио тайлбарлагчийн тоймоор солигдсон байна. Гитлер радиогоор үг хэлэх нь ч багасжээ. Дэлхийн 2-р дайн дараа Герман улс хоёр хуваагдсан юм. 1949 оны 9 сараас Холбооны Бүгд Найрамдах Герман улс /баруун Герман/, 1949 оны 10 сараас Ардчилсан Герман Улс /зүүн Герман/ байгуулагджээ. 40 жилийн турш хоёр хуваагдсан Герман орон “хүйтэн дайны” туйл нь болж байлаа. ХБНГ-д Британи загварын олон нийтийн өргөн нэвтрүүлэгийн тогтолцоо бүрэлдсэн юм. Энэ тогтолцоо нь “баруунтаны-олон нийтийн” гэдэг нэр авсан байна. Харин АГУ-д зөвлөлт загварын төрийн мэдлийн төвлөрсөн тогтолцоо бүрджээ. 1950 онд барун Германд орон нутгийн радиог нэгтгэсэн ARD гэдэг консорциум байгуулагджээ. Хожим телевиз ч бас энэ байгуулагад нэгдсэн юм. Баруун Германд АНУ, бусад европын орнуудын радио чөлөөтэй эфирийн орон зайг нь эзлэн авсан юм. Берлиний хана нурж хоёр Герман нэгдсэний дараа 1990 онд зүүн Германы радио станцууд нь баруун Германы ARD консорциумд нэгджээ. Зүүн Германд арилжааны радио телевиз ч байгуулагджээ. Германы олон нийтийн радио телевиз нь үзэгч, сонсогчдоос авдаг хураамж, зарлал сурталчилгаанаас орлогоо бүрдүүлдэг. Нийт орлогийн 25 хувийг радио, үлдсэн хувийг нь телевизийн санхүүжилтанд зарцуулдаг. Боловсрол, сургалтын радио станцийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Хувийн арилжааны радио, телевиз нь зөвхөн зарлал сурталчилгаагаар оршин тогтнодог. Берлиний радио, Кёльн хотын радио нь цуврал жүжиг хийдэг уламлалаа одоо ч хадгалж үлджээ. Өнөөдөр Германы хамгийн нэр хүндтэй радио телевизийн өргөн нэвтрүүлгийн байгууллага нь Дойче-Вилле (DW) юм.