Георгий Дамбаев
Георгий Цыренович Дамбаев (1942 оны 6-р сарын 18-д ЗХУ-ын Буриад улсын Хиагт дүүргийн Холой тосгонд) ОХУ-ын Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүн, Буриад улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, АУ-ны доктор, профессор.
Буриадын малчин тариачин Гумпылов Даши-нема Будаевичийн гэрт төрсөн.
1959-1965 онд Чита хотын Улсын Анагаахын Их сургууль, 1971 онд Томскийн Анагаах ухааны Их сургуулийн Эмнэл зүйн ординатурыг тус тус төгсчээ.
1973 онд “Хоол боловсруулах замыг гүрвэлзэх хөдөлгөөнийг цахилгаан механикийн аргаар бүртгэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.
1965-1969 онуудад Чита мужийн Баляга тосгоны хэсгийн эмнэлгийн эмчээр, 1971-1976 онуудад Петровск-Забайкальский хотын 1-р эмнэлэгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэглээр ажиллаж байгаад Томскийн Анагаахын Их сургуулийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгчийн орлогчоор ажиллаж байсан. 1977 оноос уг тэнхмийн доцентоор ажиллаж эхэлсэн. Энэ бүх хугацаанд тэрээр хоол боловсруулах замын гүрвэлзэх хөдөлгөөнд цахилгаан сэдээлт хэрхэн нөлөөлдөг болохыг судалсаар ирсэн юм. Энэхүү судалгаанууд нь түүний докторын зэрэг хамгаалах ажилд орсон.
1989 онд Докторын зэрэг хамгаалсны дараахнаас түүнийг Сибирийн Их сургуулийн мэс засал, хавдар судлалын тэнхмийн эрхлэгчээр ажилуулж эхэлсэн. 1990 онд профессор цол хүртсэн.
Г.Ц.Дамбаевын судалгааны ажлын үндсэн чиглэл нь шинээр нэвтэрч буй технологи болох биологийн тохирол бүхий эдийг практикт хэрэглэх талаар судалж байгаа болно. Мөн улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний хавдрын үеийн нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр түлхүү судалгааны ажил явуулдаг. Тэрээр цээжний болон хэвлийн хөндийн мэс заслын дараах хөндийт эрхтний үйл ажиллагааг үнэлэх шинэ аргачлал боловсруулахын зэрэгцээ, шинэ дамжуулагч, багажийг зохион бүтээсэн.
Г.Ц.Дамбаевын удирдлага дор бараг шинэ төрлийн гэж хэлж болохоор дараах мэс заслын аргууд боловсрогдсон. Үүнд: ходоодны кардиаль хэсгийн тайралт, нойр булчирхай 12 хуруу гэдэс тайрах шинэ арга, сөргөө үүсгэхгүй улаан хоолой, ходоод, нарийн бүдүүн гэдэсний залгалтын шинэ арга. Хавдрын үед нарийн бүдүүн гэдсийг ашиглан хэвлийн өмнө хананд, шулуун гэдэсний хавдрын үед экстирпаци хийн хярзанд жом бүхий хиймэл анус гаргах аргачлал боловсруулсан.
Г.Ц.Дамбаевын удирдлага доорхи баг 20 жилийн хугацаанд үүдэл эс бүхий имплант ашиглан толгой, хүзүү болон ясны хорт хавдрыг эмчлэх тал дээр судалгаа хийж байна. Г.Ц.Дамбаев нь 300-аад шинжлэх ухааны ажил, 14 монографи, 60 шинэ бүтээлийн зохиогч билээ.
2004 оноос ЭМШУИС – ийн Мэс заслын тэнхим, ММЗЭНН – тэй хамтран ажилласан. Чихрийн шижингийн эс шилжүүлэн суулгах эмчилгээний өндөр технологийг манай 4 эмчид үнэ төлбөргүй заан сургасан.
Чихрийн шижингийн тавхайг эмчлэх мэс заслын шинэ аргачлалыг Монголын мэс засалчдад заан сургасан. Гэдэс залгах, элэг тайрах, ходоодны цус алдалтын мэс засалд никель титан хавчуур хэрэглэх шинэ аргачлалыг заан сургасан. Жил бүр 7 хоногоор ирж Монголын Мэс засалчдад хичээл зааж, үзүүлэх мэс засал хийдэг.
Монголын 10 мэс засалч эмчийг ОХУ-ын Томскийн Их Сургуулийн мэс заслын тэнхимд 14 хоногоос 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан.
1997 Орос улсын Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон болно. 2003 онд Буриад улсын анагаах ухааны гавъят зүтгэлтэн, 2000 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Гавъяны улаан тугийн 3-р зэргийн одонгоор шагнагджээ.
Одоо тэрээр Томск хотод ажиллаж амьдардаг байна.
Г.Ц.Дамбаев нь Монголын мэс заслын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 2012 онд сонгогдсон.
Г.Ц.Дамбаевын удирдлага дор 2010 онд 10 докторын, 30 магистрын зэрэг хамгаалсан байна. Түүний оюутнуудын дунд, ялангуяа анагаахын шинжлэх ухааны профессор, докторууд М.С.Дерюгина, Г.К.Жерлов, Т.Б.Комкова, В.А.Шалыгин нар байдаг.
Гэр бүл
засварлахЭхнэр - Дамбаева Галина Петровна (1937-2021), Томскийн нэрт эмэгтэйчүүдийн эмч.
Охид: Куценко Ирина Георгиевна (1966 онд төрсөн) - Анагаах ухааны доктор, Сибирийн Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч,
Дамбаева Елена Георгиевна (1973 онд төрсөн), Сибирийн Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн Эмнэлгийн мэс заслын тэнхимийн дэд профессор.