Гачууртын амны хадны зураг
Гачууртын амны хадны зураг нь Улаанбаатар хотын ойролцоох Гачууртын амны Гачууртын голын баруун талын зүүн тийш харсан хадан хясаанд буй хадны улаан зосон зураг.
Улаанбаатар хотын төвөөс зүүн тийш 25 км орчим зайтай оршино. Эндэхийн хадны зургийг анх 1960 онд А.П.Окладников илрүүлэн олж нийтэлжээ.
Хясааны хамгийн баруун захад орших толигор хаданд дотроо хэдэн толботой дугуй хүрээ, дээрээс доош, баруунаас зүүн тийш тоонолжсон хоёр зураасаар дөрөв хуваасан жижиг дугуй хүрээ, дотроо хэдэн толботой дөрвөлжин хашлагыг эгнүүлэн дүрслээд доор нь нохой хөтөлсөн хоёр хүн зуржээ. Түүний зүүн доор нэлээд зайтай гурван хүн, гурван толбо дүрсэлсэн байна.
Хамгийн дээд талд зурагтай хадны төв хэсгийн том хавтгай хаднаа зэрэгцээ хоёр замаар нэг нэг адуу хөтөлсөн хоёр хүн, урд талын хүний дэргэд гурван толбо дүрсэлсэн байна. Замын доод талд мөн хоёр адуу гурван хүн, нисч яваа хоёр бүргэд дүрсэлжээ.
Төв хэсгийн доод талын том хавтгай хадны дээд талд нисч яваа бүргэд, ганц хүн, түүний доор дотроо эгнэсэн олон толботой гурван дөрвөлжин хашлага дүрсэлсний хоёрынх нь дотор тус бүр дөрөв дөрвөн хүнийг гар гараасаа хөтөлцөн зогсож буйгаар урлажээ.
Гачууртын амны хадны зургийн түүнтэй төстэй бусад зосон зургуудаас ялгарах онцлог нь нохой хөтөлсөн хүн, адуу, шувууны дүрс олон буйн зэрэгцээ хүмүүс гараа өргөн эсхүл алдалж адууг хоргоосон буюу хөтөлсөн байдалтай дүрсэлсэнд оршино.
Ийм төрлийн зургуудыг археологийн ном зохиолд “Сэлэнгийн” зосон зураг хэмээн нэрлэх бөгөөд Төв ба Умард Монгол, Өвөр Байгалын нутаг хүртэлх өргөн уудам нутагт тархжээ.
“Сэлэнгийн” хэмээх хадны зосон зургийг ихэнх судлаачид тухайн овог аймгийн шүтлэг бишрэлийн газар, тариалангийн баяр ёслолыг тусган үзүүлсэн, овог аймгийн бие даасан байдлыг илэрхийлсэн хэмээн янз бүрээр тайлбарласан байдаг боловч зарим судлаачид хүрлийн үеийн оршуулгын зан үйл гүйцэтгэж байгаа буюу түүнтэй холбоотой үйл явдлыг харуулсан хэмээн үзсэн байдаг нь үнэнд илүү нийцэх бололтой.
Бүхэлд нь ихэд тоймлон дүрсэлсэн эдгээр зургийг он цагийн хувьд хүрлийн үед холбогдоно гэж судлаачид үздэг.