Гарчиг
Гарчиг (Заголовок. Headline). Гарчиг нь латины head – “толгойлох, удирдах” гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Гарчиг бол тухайн эх бичвэрийн нэр бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн агуулгыг ямар нэг хэмжээгээр илэрхийлсэн, уншигчийн сонирхлыг татахуйц товч мэдээлэл юм. Гарчиг хэмээх төвд гаралтай үгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Ном хэвлэл, бичиг зохиолын дотор багтаж орсон зүйлийн хураангуй томъёо” гэж тайлбарлажээ. Энэ бол агуулгын товч илэрхийлэл гэсэн санааг баталж байна. Гарчиг эх бичвэрийн талаар товч мэдээлэл өгөх, уншигчийг өөртөө татах “хөтөч” болох, материалыг ач холбогдлын дарааллаар хуваарилах, сонин, сэтгүүлийн нүүрийг чимэглэг зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Гарчгийг байрлал, ач холбогдолын хувьд энгийн гарчиг, дэд буюу давхар гарчиг, булан буюу дээд гарчиг, малгай гарчиг, уруудсан гарчиг, зэрэг буурсан гарчиг, зорилгын хувьд нэрлэн мэдээлэх гарчиг, зааварлан өдөх, уриалан өдөх, хандан өдөх, мэтгэлцэн өдөх, гоо зүй, сурталчилгааны гарчиг, эх бичвэртэй холбогдож байгаагийн хувьд бүтэн ил, бүтэн далд, хагас ил, хагас далд, хэлбэрийн хувьд босоо, хөндлөн, шаталсан, холимог, гурвалжин гэх мэтээр ангилдаг. Гарчиг эх бичвэртэйгээ тохирч байх явдал бол сэтгүүл зүйн нэг ёсны бичигдээгүй хууль юм. Гарчиг бол эх бичвэрээс төрсөн бүтээгдэхүүн бөгөөд хамгийн энгийнээр хэлэхэд нийтлэл, нэвтрүүлгийн нэр мөн. Тиймээс гарчгийг оновчтой, сонирхол татахуйц өгөх шаардлагатайн хамт түүгээр дамжуулан гол утга санаагаа гаргасан байх нь чухал юм. Манай сэтгүүл зүйн практикт энэ шаардлагыг хангасан шилдэг гарчиг, цөөнгүй бий. Тухайлбал, “Одос урамдах хязгаар”, “Парис хол боловч ойр мэт” (Л.Түдэв), “Далай ээж маань “цаазын тавцанд”, “Хүр хорхой үржүүлж, хөвөн тарих хүмүүсээ яах вэ?” (Ц.Балдорж), “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” (Ш.Цэен-Ойдов), “Шонхорыг шогнойлгож Монголыг монцойлгох нь”, “Чив чимээгүй Туул” (Ж.Мягмарсүрэн), “Баярын тухай гунигт бодол” (Ц.Дашдондов) г.м.