Ганц цагаан шувуу

XX зуунд моно дуурийн урлаг нь хөгжлийнхөө шинэ шатанд гарчээ. Австрийн хөгжмийн зохиолч Арнольд Шёнберг нь 1909 онд “Erwartung” опус 17.(“Хүлээлт”) гэдэг моно дуурь нь сопрано дуучин ба симфони найрал хөгжимд зориулагдсан байдаг.

Монголд хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр “Хязгааргүй” моно дууриа 2010 онд хөгжмийн зохиолч Б.Мөнхболд “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дууриа 2015 онд тоглуулжээ. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дуурь нь 2022 оны 4-р сарын 12-нд ДБЭТеатрын тайзнаа тоглогдсон. Зохиолч Б.Энхболдын цомнолоор бичсэн энэхүү дуурийг Б.Мэндбаяр найруулж гол дүрд Э.Отгонбат тоглож, симфони найрал хөгжмийг Б.Лхагвасүрэн удирдсан байна. 

Энэхүү моно дуурийн сэдэв бол хүн төрөлхтний ахуй амьдралд байсан, мөн цаашид мөнхийн сэдэв байх өөрийгөө танин мэдэхүйн тухай асуудал юм. Өөрийгөө танин мэдэх, дотоод сэтгэлийн зөрчилдөөн, оршихуй, эс оршихуйн тухай сэдвийг Монголын хөгжмийн театрын тайзнаа дэлгэн тавьснаараа энэхүү дуурь нь чухал ач холбогдолтой болох юм.

“Ганц цагаан шувуу” моно дуурь нь гурван хэсгээс бүрдэнэ. Уг дуурийн хийсвэр(абстракт) гэж болох хоёр гол дүр “БИ”, “ОРШИХУЙ”-н зөрчилдөөн, асуулт, хариулт бүхий эхний хэсэг, “БИ”-гийн ариозо болон түүний “Эхийн” тухай ари бүхий гол хэсэг, эндээс үүдээд “БИ” ба “ОРШИХУЙ”-н харилцан ойлголт, гүн ухааны тайлал, эрх чөлөөний тухай тэдний үзэл санааг илэрхийлсэн төгсгөл гэсэн 3 хэсгээс бүрджээ.

Энэ бүхнээс үзвэл хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нь “Ганц цагаан шувуу” моно дуурийнхаа агуулга, үзэл санааг гаргахын тулд орчин үеийн хөгжмийн зохиомжийн янз бүрийн арга барилыг хэрэглэсэн байгаа нь энэхүү судалгааны ажлын явцад ажиглагдаж байна. Минималист зохиомжийн арга, алеаторикийн шинж байдал, 12 эгшгийн зохиомж, мөн дэвсгэр хөгийн хүрээнд диссонанс дуурьслыг ашиглах, цаашилбал монгол үндэснийхээ таванэгшигт хөгийн дуурьслыг мөн оруулсан зэргээс үзвэл энэхүү моно дуурь нь монголын дуурийн урлагт нэгэн шинэ хуудас нээжээ.