Галсан-Ишийн Навааннамжил

Галсан-Ишийн Навааннамжил (1882-1954) — Монголын анхны сэтгүүлчдийн нэг, “Үнэн” сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, төр, нийгмийн зүтгэлтэн.

Төв аймгийн Өндөрширээт суманд төржээ. Хушуу тамгийн газар сурах бичээч, аймгийн чуулганы даргын бичээч, Хүрээн дэх тоглоомын засгийн газрын Гадаад яаманд түшмэлийн алба хааж байв. 1921 онд Ардын хувьсгал ялмагц засгийн газрын туслах түшмэл, нарийн бичгийн даргаар дэвшин ажиллажээ. 1924 оны эхээр “Ардын эрх” сонинд хянагчаар ажиллах үеэс түүний сэтгүүлчийн үйл ажиллагаа эхэлж, 1930 он хүртэл “Үнэн” сонины эрхлэгч, нарийн бичгийн даргын ажил хийж байв. 1924 онд Улсын анхдугаар их хуралд нарийн бичгийн даргаар оролцжээ. Навааннамжил Намын IY их хурлаас МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүнээр сонгогдсон бөгөөд дараа жил нь “Үнэн” сонины эрхлэгч болжээ. “Үнэн” сонинд “Бядан явагч бялзуухай миний үгүүлэл” хэмээх хошин шог шүүмжлэлийн булан нээж, манай тогтмол хэвлэлийн хошин шог, шүүмжлэлт бичлэгийн төрөл, зүйлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Зохиол бүтээлээ гол төлөв Улаан-нүдэн хэмээх зохиомол нэрээр гаргаж байсан бөгөөд 20 гаруй томоохон ном зохиол бичсэний дотор “Өвгөн бичээчийн үгүүлэл” дурсамжийн ном онцгой байр эзэлдэг. 1942 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн салбарт түүх судлалаар ажиллаж, 1949 онд ШУХ-ийн жинхэнэ гишүүн болжээ. Г.Н. ардын төрийн жилүүдэд авьяас билэг нь ундарч, Монголын хувьсгалт хэвлэлийн түүхэнд нийтлэл-өгүүлэл, хошин шог төрөл, зүйлийг бий болгож хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай авьяас билэгт ахмад сэтгүүлч, эрдэмтэн судлаач мөн.