Владислав Сикорски

Владислав Эугениуш Сикорски (польш. Władysław Eugeniusz Sikorski; 1881 оны 5-р сарын 20-нд Сандомеж хотод төрсөн- 1943 оны 7-р сарын 4-нд нас барсан) — польшийн цэргийн жанжин, улс төрч, хурандаа генерал, Польшийн цөллөгт байсан Засгийн газрын Ерөнхий сайд.

Владислав Сикорски, 1923 он.

Сикорски 1881 оны 5-р сарын 20-нд Австри-Унгарын нутаг дэвсгэрт орших Галисия дахь Карпат орчмын воевод мужийн Тусзов-Народовы тосгонд төржээ. Тэрээр Жешув хотод суралцаж, Львов хотод ахлах сургуулиа төгссөн. 1902 онд Львовын Политехникийн дээд сургуулийн зам, гүүрийн факультетэд элсэн орсон. 1908 онд Сикорски Львовын идэвхтэй тэмцлийн Холбоог үүсгэн байгуулагчдын нэг болсон. 1910 онд Сикорски хууль ёсны хагас цэрэгжүүлсэн "Стшелец" (польш. Strzelec, Zwiazek Strzelecki, орч. Буучин) холбоог үүсгэн байгуулагчдын нэг байв. 1914-1916 онд - Австри-Унгарын ивээл дор Польш улсыг сэргээхийг дэмжсэн Галиицын үндэсний хорооны цэргийн хэлтсийн дарга, Польшийн легионы хурандаа, Пилсудскийн эсрэг тэмцэгч. 1920 оны Польш-Зөвлөлтийн дайны үеэр-5-р Армийн командлагч. 1921-1922 онд - Жанжин штабын дарга. 1922-1923 онд Ерөнхий сайд, Дотоод хэргийн сайд, Сикорскийн Засгийн газар дотоод тогтвортой байдлыг сэргээж, Польшийн зүүн хилийг барууны орнуудаас хүлээн зөвшөөрч чадсан. 1924-1925 онд тэрээр Владислав Грабскигийн хоёр дахь Засгийн газарт Цэргийн яамны сайд.

1926 оны 5-р сарын Пилсудскигийн цэргийн эргэлтийн дараа Сикорски албан тушаалаасаа зайлуулагдсан.

1928 онд тэрээр Франц руу цагаачилж, Польшийн Засгийн газрын сөрөг хүчин болж байсан. Тэрээр Францад цэргийн дээд сургуульд суралцаад 1938 онд Польш руу буцаж ирсэн байна. 1939 он хүртэл тэрээр ямар ч албан тушаал хашихгүйгээр Цэргийн сайдын мэдэлд бүртгэлтэй байжээ.

 
Генерал В.Сикорски. 1920-иод оны сүүлч

Дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны есдүгээр сарын 1-нд нацист Герман Польш руу дайрснаар эхлэхэд генерал Сикорски маршал Эдвард Ридз-Смиглиг фронт руу томилуулахыг оролдсон боловч ямар ч хариулт аваагүй ажээ. Польш ялагдсаны дараа тэрээр Румынээр дамжин Парис очсон байна. Францад 1939 оны 9-р сарын 28-нд тэрээр цөллөг дахь Польшийн арми бүрдүүлж эхлсэн байна.

1939 оны 9-р сарын 30-нд Сикорски Польшийн цөллөг дахь Засгийн газрын Ерөнхий сайд болсон (1943 оны 7-р сард нас барах хүртлээ). 1939 оны 11-р сарын 7-нд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар В.Сикорскийг Зэвсэгт хүчний ерөнхий байцаагч (ерөнхий командлагч) -аар томилов. Францад түүний байгуулсан арми 84 мянган хүнтэй байжээ. Герман Франц руу довтолсны дараа польшууд Франц, Английн хамт тулалдаанд идэвхтэй оролцож байсан. Францыг ялагдсаны дараа амьд үлдсэн Польшийн цэргийн ангиуд Англи руу нүүж, Британийн зэвсэгт хүчинд нэгдсэн. Уинстон Черчиллийн Засгийн газар Польшийн цэргүүдийг санхүүжүүлж байсан.

1941 оны 7-р сарын 30-нд Герман ЗСБНХУ руу довтолсны дараа Сикорски Англид суугаа ЗХУ-ын элчин сайд И.М.Майскийтай ЗХУ-тай дипломат харилцаагаа сэргээх гэрээ, Дорнодод Польшийн арми байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. 1941-1942 онд Андерсийн Польшийн армийг байгуулахад оролцсон.

1943 оны 4-р сард илэрсэн Катынь цаазаар авах ажиллагааны баримтуудтай холбогдуулан Владислав Сикорски ЗСБНХУ-ыг хатуу буруутгаж, ялангуяа У.Черчиллийг ЗХУ-тай харилцаагаа таслахыг шаарджээ. Хэдэн долоо хоногийн дараа генерал Владислав Сикорски, түүний охин Зофия, штабын дарга Тадеуш Климецки нар 1943 оны 7-р сарын 4-нд Гибралтарын хоолойн орчим онгоцны ослоор амь үрэгджээ. "Liberator II AL523" онгоц хөөрснөөс хойш 16 секундын дараа далайд унаж осолджээ. Тэрээр Ойрхи Дорнод дахь Андерсийн армийн ангиудыг шалгахаар тус онгоцоор ниссэн ажээ.

Генерал Владислав Сикорсийг Ноттингем (Ноттингемшир) хотын ойролцоох Ньюарк дахь Польшийн нисгэгчдийн оршуулгын газарт Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн дэргэд хүндэтгэлтэйгээр оршуулжээ. Сүүлд 1993 оны 9-р сарын 17-нд түүний чандрыг Польш руу зөөж, Краков дахь Вавелд оршуулсан байна.

Анхаар: "Владислав Сикорски" гэсэн default sort key нь "Сикорски, Владислав" гэсэн өмнөх key-н дээгүүр бичигдэх болж байна.