Википедиа:Энэ сарын онцлох өгүүлэл/2013-10

Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй ба хамгийн гүн нуур юм. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг. Хөвсгөл нуурт нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нь дэлхий дахь арван долоон орчим эртний нуурнуудын нэг ба 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд дамжин 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км. Хөвсгөл нуурын бүс нутаг нь үндэсний дархан газар ба Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын нэг томоохон чиглэл юм. (Бүрэн эхээр нь унших)