Василий Шуйский

Василий IV Иванович Шуйский (1552 он орчим Доод Новгород хотод төрсөн- 1612 оны 9-р сарын 12-нд польшийн Гостынин хотод нас барсан) -1606-1610 онуудад Оросын хаан байсан. Шуйский овогтой Вангуудын удам. (Рюрикович овогтны суздалийн салааны удам). Хаан ширээнээс буугаад польшуудын хорионд байсан.

Оросын хаан ширээнд байсан Рюрикович овогтны сүүлийн төлөөлөгч.

Василий Шуйский

Оросын цэргийн болон төрийн зүтгэлтэн Иван Андреевич Шуйский, Анна Фёдоровна нарын хүү болж төрсөн бөгөөд ах Андрей, дүү Дмитрий, Иван Пуговка нартай байжээ.

В.Шуйский 1606 оны 5-р сарын 17 (27)-нд "Москвагийн бослогыг" уриалан дуудаж, зохион байгуулсаны үр дүнд 6-р сарын 1 (11)-нд Новгород сүмийн хамба лам Исидор түүнийг хаан ширээнд залжээ.

Тэрээр эрх барих үеэрээ германы цэргийн онолч Леонгард Фронспергерын «Kriegsbuch» («Цэрэг дайны ном») номыг орчуулах үүрэг өгч улмаар тэрхүү номон дээр суурилан 221 зүйл бүхий Орос улсын цэргийн шинэ Дүрмийг 1607 онд баталж байжээ. 1607 оны 3-р сард Думын хамт, "Соборын хууль" (орос. Соборное уложение) хэмээх хууль тогтоомж батласан байна.

1609 оны 9-р сард польш-литвын хаан III Сигизмунд орос руу довтолж Смоленск хотын эзэлсэн байна.

Василий IV Иоаннович Шуйский хааныг 1610 оны 7-р сарын 17 (27)-нд хотын болон орон нутгийн ноёд, угсаатнуудын хэсэг хаан ширээнээс буулгаж хүчээр үсийг нь авч лам болгосон байна. Үүний дараа түүнийг польшийн гетман (цэргийн жанжин) Станислав Жолкевскийд дүү нарын хамт шилжүүлэн өгчээ. Польшууд түүнийг дүү нарынх нь хамт нутаг руугаа авч явж Варшавт Сигизмунд хаанд тангараг өргүүлжээ.

Оросын хаан байсан тэрээр польшийн нийслэл Варшавын ойролцоох Гостыны цайзад хоригдож байхдаа 1612 оны 9-р сарын 12-нд нас барсан байна. Сүүлд Оросын хаан Михаил Фёдоровичийн хүсэлтээр Василий Шуйскийгийн шарилийг польшууд оросуудад 1635 онд буцаан өгхөд нь шарилийг нь Москвагийн Кремль дахь Архангелийн сүмд оршуулжээ.