Бүрдэнэ булаг
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 27 км зайтай оршдог 11,10 гаруй ам дөрвөлжин га талбайтай байгалийн элс, манхан, булаг ус, говь нутгийн үзэсгэлэн болсон газрыг Бүрдэнэ булаг гэдэг.
Эгц өндөр элсэн манхан доторхи 108 булаг, зүлэг ус, худаг, бут, модтой. Тэртээ 200 гаруй жилийн өмнө Д.Равжаа хутагт хийд байгуулсан үеэс шашны нэгэн зан үйлийг эрэгтэй, эмэгтэй лам, зоч нар энэ 108 булагт ирж булаг бүрт 1 хоног ном уншуулан лүйжин тавьдаг зоч, лам нарыг бэлтгэдэг байсан гэдэг бөгөөд одоо ч гэсэн Монголын Лүйжинч лам нар энд ирж 3-7 хоног баясалгал хийх явдал ч бий (Лүйжин нь бие хэл сэтгэлийн элдэв бузар, мууг арилгахад харанхуй үдэш, бүрийд уншдаг ном).
Булгийн хойд хайрхныг талын догшин Догмиддорж уул гэдэг бөгөөд энд эртний амьтдын чулуужсан яс, мод байдаг. Уулын энгэрт дээрх хийдийн туурь бий. Одоо Бүрдэнэ булгийг түшиглэн 2000 оноос бөөр эмчлэх элсэн сувилал-амралтын газар байгуулан жил бүрийн 6 сарын 15-наас 8 сар хүртэл 50-80 хүн хүлээн авах боломж, орон байр, хоолны газрыг сумын тамгын газраас ханган ажилладаг болжээ. Энэ сувиллыг Улаанбаатар хотын нэгдсэн 3-р эмнэлэг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ сувилалд ирсэн амрагчид ингэний буцалгаа ууж, нутагт тарьсан тарвас идэж, халуун элсэн шарлага хийж элсэн манхан, зүлэг ногоон талбай, булаг, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүүл зэрэг говийн ургамал, байгалийн сонин сайхныг үзэх боломжтой юм.