Хүннүгийн үеийн археологийн олдвор.

Домогт гардаг ганц эвэрт амьтан. Энэ амьтныг монголчууд “Бэлгэт гөрөөс”, “хилэн гөрөөс” ч хэмээн нэрлэдэг. Мөн бодь гөрөөс, цагаан гөрөөс, голч гөрөөс хэмээн нэрлэх явдал ч бий. Бэлгэт гөрөөсийг сайн сайхны бэлгэдэл, цэвэр ариуны бэлгэдэл хэмээн үздэг ажээ. Уг амьтны онцлог нь ганц эвэртэй байх тул өрнө дахинд “юникорн буюу ганц эвэрт” хэмээн нэрлэдэг байна. Өрнийн домогт гол төлөв цагаан өнгийн морь төрхтэй дүрслэгддэг бол дорно дахинд ялангуяа Хятадад луутай төстэй домгийн амьтан хэмээн төсөөлдөг ажээ. Хятадууд бэлгэт гөрөөсийг “чилэн” хэмээн нэрлэнэ.

Монголчууд уг амьтныг бүс, адууны тоног зэрэгт дүрслэн гоёл болгож байсан нь археологийн олдворуудаас харагддаг. Үүний тод жишээ нь өдгөө ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас илэрсэн бүсний мөнгөн чимэг юм.

Бэлгэт гөрөөсийг Хүннүгийн үед их шүтэж байсан нь сүүлийн жилүүдэд Хүннүгийн язгууртны булшнаас илэрч олдсон эмээлийн хударга хөмөлдрөгний чимэгт олонтаа дүрслэсэн байгаагаас мэдэгдэнэ. Анх Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газрын 20-р булшнаас бэлгэт гөрөөсийн дүрстэй алтаар шарж мөнгөөр хөөмөлдөн хийсэн дугуй болон гонзгой хэлбэрийн хударга, хөмөлдрөгний чимэгнүүд олдсон ба түүний дараа Ноён уул, Гол мод-2 зэрэг дурсгалаас ч төстэй алт, мөнгөн чимэг олджээ.