Бухын Батжаргал
Бухын Батжаргал (1905-1973) нь Аж үйлдвэрийн яамны дэд сайд.
Б.Батжаргал нь Цогтой вангийн хошууны нутаг Ар жаргалант хэмээх газар одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт 1905 онд малчин ард Бухын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Хотгойд угсааны Орхид овгийн хүн бөгөөд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн ба өөрийн идэвх зүтгэлээр уйгаржин монгол бичиг, дөрвөн аргын тоо, хятад сампин сурч 20-иод оны эхээр хошууны тамгын газарт бичээчээр ажиллаж байжээ.
Бухын Батжаргал 1923 онд Улиастай дахь да сайдын бага сургууль, 1926 онд Сангийн Яамны дэргэдэх Гаалийн сургуулийг тус тус дүүргэж улмаар 19ЗЗ-19З6 онд Завхан аймгийн дарга, 1936 оноос хойш Сангийн яаманд түшмэл, Аж үйлдвэрийн яамны дэд сайд, сайд зэрэг ажлыг хийж байсан 36- хан настай залууг хилсээр хэлмэгдүүлж 1941 оны 3 сарын 6-нд ОБЭК-ийн тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдэж тэрхүү ялыг биеэр эдлэж байгаад 1948.10.11-ны өдөр Улсын бага хурлын 56-р тогтоолоор суллагджээ. Түүний шоронд хэрхэн байсан тухай өндөр настан Г.Жадамбаа дурсамжиндаа “Бид шоронгийн зөөлөн оёдлын тасагт хамт ажилладаг байлаа. Өдөрт цэргийн нэхий дээл гурвыг оёх нормтой боловч гол төлөв 10 хүргэж оёно. 30 дээл оёдог хүн ч цөөнгүй байсан. Тэдний нэг нь Батжаргал байлаа. Ингэж оёсон хүнд эхний ээлжинд эргэлт оруулна. Эргэлт оруулдаг өдөр урьд шөнөөс нь эхлээд шоронгийн хашааны үүдэнд эхнэр хүүхдүүд маань дугаарлаад шавчихдаг, өдөртөө багтаагүй нь хасагддаг байсан болохоор энэ бол том шагнал шүү дээ. Батжаргал хөдөөний хүн болохоор бараг эргэлт ирэхгүй. Голдуу зүсэм талх, хэрчим гахайн өөх ч юмуу, эсвэл гурван хурууны өндгөөр чимхэх төдий тамхиар шагнуулчихсан түүнийгээ хүн бүрт хүртээх гэж чармайж суудагсан” гэж өгүүлжээ. Б.Батжаргалыг БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдын дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэнийг цагаатгажээ. Шоронгоос ялаа эдлэж дуусаад Нөмрөг сумандаа ирж орон нутагаа хөгжүүлэх үйлсэд зүтгэж энгийн хар бор ажил эрхэлж байгаад 1970 онд нас барсан. Тэрээр Завхан аймгийн намын хороо, үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч, БНМАУ-ын Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ. Түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж Засгийн газрын алтан үсгийн үнэмлэх, ангийн буу, Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор шагнаж байжээ. Б.Батжаргалын амьдрал тэмцлийн тухай түүний хүү зохиолч Б.Жамбалдоржийн бичсэн “Сүүдэр арилах болоогүй ” “Гэрэл сүүдэр” зэрэг зохиолууд, “Шинэ үсгийн багш” кинонд тодорхой өгүүлсэн байдаг.