Буриад сур харваа

Буриад сур харваа нь Монгол сур харвааны нэг төрөл юм.

Буриад сур харваа нь голдуу 40 нумын буюу 30 метр орчим болон 30 нум буюу 20 метр газар харвадаг. Нумын урт 140-150 см, сум 80-100 см бөгөөд их, бага гарын гэж хоёр янзын байдаг. Нумын хичир богино, бариул шулуун, хичрийн үзүүрт ар, өвөр гэж хоёр амагчтай, бай сураа давуугаар бөөрөнхийлөн /8х10 см/ хийдэг байна.

Цуваа, багийн харваа гэсэн хоёр янз харвадаг.

Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг "урт ганга”, нөгөө талынхыг нь "арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас "урд эхэн”, "хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4 метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.