Бударын чулууны хадны зураг

Бударын чулууны хадны зураг нь Хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зургийн дурсгал. Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш 70-аад км зайд Бударын чулуу хэмээх газар энэхүү дурсгал орших бөгөөд нутгийнхан “Догшин Бударын чулуу” хэмээн нэрлэдэг хад цохиот сонин тогтоц бүхий газар юм.

Бударын чулууны дунд хавьцаах ханан хаднаа хоёр хэсэг газар хүн, адуу мал, ан амьтдын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж сийлсэн байна. Зураг бүхий 8,7 м урт талбайтай. Бударын чулууны дурсгал нь Монгол орны хадны зургийн тархалтыг дорнод хязгаар хүртэл тэлэх боломж олгосон. Энэ дурсгалыг 1996 онд Монгол, Солонгосын хамтарсан “Дорнод Монгол” төслийн хээрийн шинжилгээний анги илрүүлэн судласан.

Бударын чулууны зурагт талбайн эхний зургийн дунд талын шат маягийн хөндлөвчтэй босоо зураас нь ховор тохиолдох сонирхолтой өгүүлэмж юм. Эндэхийн сийлмэл зурагт хүний дүрс хамгийн олон тоотой дүрслэгдсэн бөгөөд цөм ямар нэгэн үйл хөдлөлийг илэрхийлсэн байдаг. Морь, нохой хөтөлсөн, хоорондоо хөтлөлцсөн, хөөцөлдсөн, ноцолдож байгаа, давхарлан хэвтсэн хүн мэт зургуудыг хүрэл зэвсгийн эхэн үе болон хойших үеийн зургуудад түгээмэл байдаг тоймлон зурах уламжлалт арга барилаар урлажээ.

Бударын чулууны хадны зургийн өөр нэг гол сэдэв нь зэрлэг амьтдын зураг юм. Дүрсэлсэн ан амьтад нь зөвхөн тухайн газар нутагт хамгийн элбэг байдаг зээр, гөрөөс, чоно, янгир зэрэг болно. Бударын чулууны зуррагт зээр, чоно зэргийг ихэд цэвэрхэн, тод томруун дүрсэлсэн байх бөгөөд адуу мал, хүн рүү хандан зогтусан зогсож юмуу, үргэн зайлж байгаагаар харуулжээ. Нэг сонирхолтой нь могойн зураг юм. Могойг хадны зурагт дүрсэлсэн нь элбэг байдаг бөгөөд эртний хүмүүс могойг сайн, муу үйлийн аль алинд нь бэлгэшээж байсан гэж үздэг. Ази, Америк тивийн зарим ард түмнүүдийн үлгэр домогт могойг гай тарих, муу үйлийн тэмдэг болгодог байхад зарим нь газар усны онгон шүтээн гэж хүндэтгэж үзэх нь ч байдаг. Шашны есөн онгодын нэгэнд могой ордог зэргээс үзвэл энэ нь бөөгийн эртний уламжлалтай байж болох юм.

Бударын чулуун хадны зургийг НТӨ II мянган жилийн сүүл үеэс НТӨ I мянган жилийн тэргүүн хагаст холбогдуулж үздэг.