Бруклины гүүр (Англи: Brooklyn Bridge) -АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин, Манхэттэн дүүргийг холбосон хамгийн ууган 1825 метр урт бөгөөд 26 метр өргөн дүүжин гүүр юм. Энэ гүүрийг 1883 онд барьсан бөгөөд 1903 он хүртэл дэлхийн хамгийн урт дүүжин гүүр байсан.

Нью-Йорк хотын Бруклины гүүр

Гүүрний хоёр талын хэсгүүдийг автомашин зорчих, дунд хэсэг нь явган зорчигч, дугуйчид явахаар ашигладаг байна. 1964 онд тус гүүрийг Үндэсний түүхийн дурсгалт газрын жагсаалтад оруулсан. Өнөөдөр энэ гүүр нь Нью-Йоркчуудын амралт зугаалга, дугуй унах дуртай газар болсон бөгөөд Холливудын кинонуудын ачаар энэ гүүр Нью-Йорк хотын бэлгэдлийн нэг болоод байгаа юм.

Гүүр барих санаа

засварлах

Манхэттэн, Бруклин хоёрын хооронд гүүр барих анхны саналыг мужаан, уран барилгачин Томас Пауп 1800 онд гаргажээ. Гэвч түүний барьсан модон гүүр бат бэх биш байжээ. Үүнээс гадна Зүүн голын /Ист ривер/ усан тээвэрт саад учруулж байжээ. Мөн газар доогуур нүхэн хонгил барих санал гарсан боловч тухайн үед зардал ихтэй, хүнд хэцүү байсан тул энэ хувилбараас татгалзсан байна. Хэдэн арван жилийн турш гүүр барих асуудал хойшилсоор зохион бүтээгч Жон Роблинг хоёр эрэгээс дүүжин холбоосыг 80 метрийн өндөртэй ижил цамхагууд дээгүүр татан барьж шийдвэрлэсэн байна.

Барилгын ажил ба Роблингийн гэр бүл

засварлах

1867 онд Нью-Йорк хотын зөвлөл дүүжин гүүрний зураг төсөл боловсруулж, барьж байсан туршлагатай инженер Жон Роблингийн төслийг баталжээ. Гүүрний барилгын ажил 1870 оны 1-р сарын 3-нд эхэлээс өмнө Жон Роблинг бэртэж хөлөө няцалж, хуруугаа тайруулсан боловч гэмтлийн дараа татран өвчнөөр нас барж, ажлаа хүү Вашингтон Роблингд шилжүүлжээ. 32 настай залуу инженер барилгын ажлын явцад техникийн олон бэрхшээлтэй тулгарсан. Хатуу чулуулгийг дайран өнгөрөхөд динамит ашиглах тухай асуулт гарч ирэхэд шахсан агаартай дэлбэрэлтийн үр дүнг хэн ч таамаглаж чадахгүй байв. Кессон нурж, хүмүүс үхэж болзошгүй. Вашингтон Роблинг туршилтын дэлбэрэлтүүдэд биечлэн оролцож байжээ. Хоёр дахь удаагаа даралт сулрах өвчний дараа Роблинг саажилттай болжээ. Барилгын удирдлагыг түүний эхнэр Эмили Роблинг үргэлжлүүлж, инженерийн шинжлэх ухаан, дээд математик зэргийг эзэмших шаардлага гарчээ. Роблинг өөрөө энэ ажлыг зөвхөн дурангаар ажиглаж, хийсэн ажлын тайлан, гэрэл зургийг туслахаасаа авч байжээ. Иймд энэ гүүрийг барихад Роблингийн гэр бүрэн оролцосон гэж үзэж болно.

Гүүрний барилгын ажил 13 жил үргэлжилж 1883 оны 5-р сарын 24-нд дууссан бөгөөд гүүрний өртөг 15,1 сая ам.доллар болж байжээ.