Британника нэвтэрхий толь

Британника нэвтэрхий толь (латин. 'British Encyclopædia' ) - хүн төрөлхтний голлох төрлийн салбарт хуримтлуулсан мэдээ, мэдлэгийн талаарх хураангуй болсон8 англи хэлээрх нэвтэрхий толь бичиг юм.

Британника нэвтэрхий толь бичгийн 15 дахь хэвлэл.

Энэхүү нэвтэрхий толь бичгийг Шотландын соён гэгээрүүлэгч Эндрю Белл (англи. Andrew Bell, 1726-1809) болон номын худалдаачин, хэвлэгч Колин Макфаркхар (англи. Colin Macfarquhar; 1745-1793) нар үүсгэн байгуулсан бөгөөд анхны хэвлэлийг 1768-1771 онд Шотландын нийслэл Эдинбург хотод 3 боть хэлбэрээр хэвлүүлж, Уильям Смелли (англи. William Smellie /ˈsmaɪli/; 1740--1795) ерөнхий редактор нь байсан юм. 1901 оноос хойш Британника АНУ-д (Чикагод төв оффистой) хэвлэгдэж, Америкийн томоохон их дээд сургуулиуд гол зөвлөхөөр нь ажиллах болсон байна. Орчин үеийн Британникагийн нийтлэлийн эхийг дэлхийн өнцөг булан бүрээс англи хэлээр бичсэн зохиолчид бүтээж байжээ.

1768 оноос хойш уг нэвтэрхий толь бичгийг Encyclopædia Britannica, Inc.-ээс хэвлүүлж байсан ч компани нь өмчлөлөө долоон удаа өөрчилсөн байна. Нэвтэрхий толь бичгийг 100 орчим байнгын редактор, 4000 гаруй хувь нэмэр оруулагч хөтөлдөг ажээ. 32 боть, 32,640 хуудас бүхий 15 дахь хэвлэлийн 2010 оны хувилбар нь хамгийн сүүлийн хэвлэгдсэн хувилбар байв.

2012 оны 3-р сард тус компани 2010 оны хэвлэлт нь хамгийн сүүлийн хэвлэгдсэн хувилбар байсан гэж мэдэгдсэн. Энэ нь цахим түгээлтийг ашиглан цаг үедээ дасан зохицож, ирээдүйдээ анхаарлаа хандуулахын тулд компаниас хийж буй алхам гэж зарлав. Хэвлэмэл нэвтэрхий толь бичгийн оргил жил байсан 1990 онд 120,000 иж бүрдэл борлогдсон бол 1996 онд 40,000 болж буурсан. 2010 оны 12,000 иж бүрдэл хэвлэгдсэнээс 2012 оны 4-р сарын сүүлч гэхэд 8,000 нь зарагдсан байна. 2010 оны хэвлэл Британникагийн онлайн дэлгүүрт зарагдаж дуусчээ. 2016 оны байдлаар Британникагийн 1768 оны анхны хэвлэлийн хуулбар онлайн дэлгүүрт зарагдаж байна.

250 гаруй жилийн турш хэвлэгдсэн Британника нь англи хэлээрх хамгийн урт хугацаанд хэвлэгдсэн нэвтэрхий толь юм. Нэвтэрхий толь яваандаа томорсон бөгөөд хоёр дахь хэвлэл нь 10 боть байсан бол дөрөв дэх хэвлэл (1801-1810) гэхэд 20 боть болж өргөжсөн байна. Эрдэм шинжилгээний ажил болж өргөжиж, нэр хүндтэй зохиолчдыг элсүүлэхэд тусалсан бөгөөд 9 (1875–1889) ба 11 дэх хэвлэл (1911) нь эрдэм шинжилгээ, уран зохиолын хэв маягийн онцлох нэвтэрхий толь болсон юм. Британникаг 11 дэх хэвлэлээс эхлэн Америкийн фирм худалдан авсны дараа Хойд Америкийн зах зээлд өөрийн сонирхлыг татахын тулд нийтлэлүүдийг богиносгож, хялбаршуулжээ.

Британника Монголд

засварлах

"Энциклопедиа Британика” нэвтэрхий толь анх удаагаа монгол хэлээр 8 боть болон 2014 онд хэвлэгджээ. Эдүгээгээс 230 гаруй жилийн түүхтэй Энциклопедиа Британика инк компаниас энэхүү толийг монгол хэлээр орчуулах, Монголын түүх, газар зүй, соёлын ухагдахуун, алдарт хүмүүсийн намтар цадиг, болон бусад мэдээллээр баяжуулан үндэсний агуулга бүхий бүтээл болгож хэвлэн гаргах эрхийг 2006 онд НЭПКО компанид өгсөн байна. Энэ үеэс тус компанийн дэргэд байгуулагдсан редакц Монголд хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагчдаас эхлээд түүхч, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүд, сэтгүүлч, нийтлэлчид, эрдэм шинжилгээний ажилтнууд, нэр томьёоны мэргэжилтнүүд гээд улс үндэстнийхээ шинжлэх ухаан, боловсрол, гэгээрлийн салбарын мэргэжилтний сайн төлөөлөл болж чадахуйц багийг байгуулан ажилласны хүчинд нөр их ажлыг нугалжээ. Монгол хэлнээ хэвлэгдэн гарсан энэхүү нэвтэрхий тольд байсан буюу манай гараг дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан зэрэг 52 сэдэвт хамаарах 25000 толгой үг дээр Монгол орны газар зүйн 800 гаруй нэр дээр, улс үндэснийхээ бахархал болсон түүхт баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжинд үлдсэн хүмүүс хүртэлх 1000 шахам намтарыг бүтээжээ. Түүнчлэн Монголын түүхийн онцгой эргэлт болсон 1500 үйл явдал нэмэгдсэн байна.  

Нэвтэрхий толь бэлтгэх байнгын редакцид 30 шахам редактор, техникийн ажилтан хөдөлмөрлөж, гэрээт редактор, орчуулагч, эх зохиогчоор 200 гаруй мэргэжилтэн оролцсон байна.

Монгол хүнд зайлшгүй хэрэгтэй эрдэм мэдлэг, монгол үндэсний өөрийн гэх онцлогтой, зайлшгүй хэрэгтэй 3.000 гаруй мэдээллээр баяжин гарчээ. Монголд өдгөө хүртэл үгүйлэгдэж байсан олон улсын стандартад нийцсэн анхны нэвтэрхий толь бичгийг найман ботиор хэвлэн гаргасан нь Монголын соёлын түүхэнд томоохон эргэлт болсон юм.