Борис Бещев (орос. Бори́с Па́влович Бе́щев, 1903 оны 7-р сарын 17-нд Оросын хаант улсын Ярославль мужийн Великое тосгонд төрсөн—1981 оны 5-р сарын 27-нд Москвад нас барсан) —зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, 1948-1977 онд ЗХУ-ын Зам тээврийн сайд, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар (1959), 1952-1977 онуудад ЗХУКН-ын Төв Хорооны гишүүн байсан.

Борис Бещев

Борис Бещев 28 жил 5 сарын турш (тэр бүрэн эрхийнхээ хугацаагаар ЗХУ-ын сайд нарын дунд дээд амжилт тогтоосон) ЗХУ-ын төмөр замын салбарыг тасралтгүй удирдаж байсан. Энэ хугацаанд түүний удирдлаган дор ЗХУ-ын Төмөр замын тээврийн томоохон хэмжээний сэргээн босголт хийгдэж, төмөр замыг уурын зүтгүүрээс дизель, дараа нь цахилгаан зүтгүүр рүү шилжүүлсэн, гар гэрлийн дохиог диспетчерийн цахилгааны төв дохиолол, автомат хаалт, автомат тээврийн чиглэлийг нэвтрүүлсэн байна. Улсдаа анх удаа хүнд даацын болон давхар ачааны галт тэргийг хөдөлгөж, зураг төсөл, судалгааны ажлыг хийж, Байгаль-Амарын гол төмөр замын шугамыг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн байна. Түүнийг салбарыг удирдаж байх үед ЗХУ-д төмөр замын ачаа эргэлт 8 дахин нэмэгдсэн юм. Бешевийн удирдлага дор 23.5 мянган км шинэ магистраль зам, хоёр, гуравдугаар замтай хамт 40 мянга гаруй км баригдсан. ЗХУ-ын өмнө нь байсан 56 төмөр замыг 26 томоохон хурдны магистраль зам болгон өөрчилж, төмөр замын сүлжээ өөрөө анх удаа цогц төлөвлөгөөний дагуу хөгжиж эхэлсэн. Б.Бещев ЗСБНХУ-д өндөр хурдны галт тэрэгний эхлэлийг мөн тавьсан байна.

Борис Бещев 8 настайдаа эцэг, эхээ алдаж бүтэн өнчин хоцорч том ах Сергей дээрээ өсчээ. Бага, дунд сургуульд математик, физикийн хичээлд их дуртай хичээнгүй сурагч байжээ. Түүнийг 16 настайд ах нь гэр бүлээрээ Самара муж руу нүүж тэрээр Төмөр замын телегафт ажиллаж, 1921-1923 онд мужийн комсмолын хороонд ажиллаж, 1924-1930 онд төмөр замын Үйлдвэрчний эвлэлд ажилласан байна.

1930-1935 онд тэрээр Ленинградын Төмөр замын тээврийн инженерын дээд сургуульд сурч онц төгсөөд дээд боловсролтой болжээ.

Тэрээр Москва хотын Октябрийн төмөр замын Ховрино өртөөнөөс инженерийн ажлын гараагаа эхлүүлсэн байна. Ахлах инженер, станцын орлогч дарга болсон. Инженер Бещевийн галт тэрэг явах хугацааг хэрхэн багасгах, машины урсгалыг хурдасгах талаархи оновчтой санал Ардын комиссар Лазарь Кагановичийн нүдэнд өртжээ. Саналтай танилцсаны дараа Лазарь Каганович "Нөхөр Бещевийн авъяас чадвар, судалгаа шинжилгээний ажлыг нь хөгжүүлэхэд туслах хэрэгтэй" гэж цохож өгсөн байна. Үүний дараа залуу инженерийг ЗХУ-ын Төмөр замын Ардын комиссариатын төв аппаратад шилжүүлэв.

1937-1940 онд Бещев өмнө зүгийн чиглэлийн "Орджоникидзе төмөр зам"-ын даргаар ажилласан байна. Хойд Осетид тухайн үед газрын тосны олборлолт хурдацтай нэмэгдэж байсан тул төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болжэээ. Борис Бещев эдийн засгийг сэргээн босгох, тээврийн үйл явцыг оновчтой зохион байгуулах замаар энэ асуудлыг шийдсэн тул түүнийг Лениний одонгоор анх шагнасан байна. Энэ хугацаанд Бещев Зөвлөлтийн засгийн газрын тэргүүн Вячеслав Молотов, Ардын комиссар Л.Каганович нарт тавьсан илтгэлдээ стратегийн чухал бүс нутаг болох Хойд Кавказын бие даасан төмөр замын шугамын хооронд "холболт" байгуулах шаардлагатай байгааг нотолсон байна. Ийм холбосон салбарууд нь ачаа тээврийг ихээхэн хурдасгаж, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг тодорхой чиглэлд холбох юм. Бещевийн уг санаанууд дэмжлэг авсан боловч сүүлд 1970-аад оны дунд үеэс хэрэгжиж эхэлсэн байна.

Зөвлөлтийн Аугаа эх орны дайн эхэлснээс хойш буюу 1941 оны 8-р сараас - Төмөр замын тээврийн Ардын Комиссариатын /Яамны/ Ашиглалт, засвар үйлчилгээний газрын нэгдүгээр орлогчоор томилогдсон байна. Бещев цэргийн тээвэрлэлтийг зохион байгуулах, Ленинградаас үйлдвэрийн үнэ цэнэтэй тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцсон. Бещевийн удирдлаган дор Ленинградын бүслэлтээс өмнөх хоёр сарын хугацаанд 740 мянган хүн, 90 гаруй аж үйлдвэрийн аж ахуйн нэгж Ленинградаас төмөр замаар тээвэрлэгджээ. 1941 оны хоёрдугаар хагаст тэрээр ЗХУ-ын Европын хэсгээс 2600 аж ахуйн нэгж, 18 сая ажилчин, тэдний гэр бүлийн гишүүдийн тоног төхөөрөмжийг Урал, Сибирь рүү төмөр замаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Эсрэг чиглэлд 290 дивиз, 2 сая гаруй цэрэг, командлагч, олон зуун мянган танк, буу, сумыг фронтод хүргэх ажлыг зохицуулсан юм.

1946 оноос хойш Бещев нэгдүгээр орлогч сайд, 1948 оны 6-р сарын 5-наас ЗХУ-ын Төмөр замын сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн байна. Дайны үеэр эвдэрсэн төмөр замд хөдлөх бүрэлдэхүүнийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулав. 1950 он гэхэд ЗХУ-ын төмөр замын ачаа эргэлт дайны өмнөх үеийнхээс 45% -иар өссөн байна. Сайд Бещевийн үед 1950-иад оны эхээр ЗХУ-д анх удаа 12.5 метрийн урттай өмнөх төмөр замын оронд 25 метрийн төмөр зам тавьж эхэлжээ. 1950-иад онд тэрээр төмөр замын тээврийн хэрэгслийг техникийн дахин тоноглоход анхаарлаа хандуулав: төмөр замыг цахилгаанжуулах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх. Дэвшилтэд хэлбэрийн зүтгүүр нь төмөр замын тээврийн зардлыг бараг гуравны нэгээр бууруулсан юм. 1956 оноос хойш ЗХУ-д анх удаа тасралтгүй зам тавих ажил эхэлсэн. 1958-1959 онд сүлжээг эрс өөрчлөн зохион байгуулж, энэ хугацаанд ЗХУ-д 56 төмөр замын оронд 26 томоохон хурдны магистраль зам гарч ирэв.