Блокчэйн(англ. blockchain, мөн block chain) гэдэг нь бие даасан хэрэглэгчдийн сүлжээ хооронд цахим мэдээллийн сан үүсгэх болон хуваалцах боломжтой болгох мэдээллийн зохион байгуулалт юм.

Блокчэйний ажиллагаа

Анхандаа блокчэйн нь компьютерын шинжлэх ухаанд мэдээллийг хэрхэн зохион байгуулах болон дамжуулах талаарх нэр томьёо төдий байсан. Харин өнөөдөр блокчэйн нь компьютерын хөгжлийн "5 дахь хувьсал" хэмээн өргөмжлөгдөж байна. Анхны криптографын шифрлэлтээр хамгаалагдсан блокуудын сүлжээг 1991 онд Стюарт Хабер(Stuart Haber) В. Скотт Скорнетта(W. Scott Scornetta) нар танилцуулсан. 1992 онд Баер, Хабер, Скорнетта нар блокчэйнд Merkle trees - г холбосноор нэг блокт хэд хэдэн мэдээллийг цуглуулах боломжтой болж ажлын чадамж нь нэмэгдсэн. Анхны төвлөрсөн бус блокчэйний концепцыг 2008 онд Сатоши Накамото(Satoshi Nakamoto) гаргаж, дараа жил нь цахим мөнгөн тэмдэгт болох bitcoin - ны цөм хэсэгтэй холбож өгснөөр цахим гүйлгээ бүрд нийтийн данс(ledger) маягаар ашиглах боломжтой болгосон. Peer-to-peer сүлжээ болон төвлөрсөн бус цаг бүртгэлийн серверүүдээр блокчэйний мэдээллийн сан автоматаар зохицуулагдаж байдаг. Bitcoin-д блокчэйнийг ашигласан нь давхар төлөлт буюу цахим гүйлгээнд нэг тоон токен нэгээс илүү ашиглагдах асуудлыг итгэмжлэгдсэн зохион байгуулагчийн шаардлагагүйгээр шийдсэн анхны тоон мөнгөн тэмдэгт болсон. Блок болон чэйн гэх үгүүд нь Сатоши Накамото - ийн 2008 оны 10-р сарын анхны эрдэм шинжилгээний нийтлэлд салангид бичигдэн хэрэглэгдсэн байсан бөгөөд олон нийтэд алдаршиж блокчэйн гэх нэг үг болтлоо 2016 оныг хүртэл блок чэйн гэх салангид үг байдлаар ашиглагдаж байсан. 2014 онд "Блокчэйн 2.0"нь төвлөрсөн бус өгөгдлийн сангийн блокчэйн програмуудыг илтгэсэн нэршил болж гарч ирсэн. Блокчэйн 2.0 технологи ашигласнаар цахим гүйлгээнд утга солилцоход мөнгө болон мэдээллийн арбитрын үүрэгтэй зуучлагчийн шаардлагагүй болгосон. Хоёрдугаар үеийн блокчэйн технологи хувь хэрэглэгчдийн цахим тодорхойлолт болон хувийн мэдээллийг хадгалах боломжтой болсон. 2016 онд Оросын холбооны сангийн аюулгүй байдлын төв Nxt Блокчэйн 2.0 платформд суурилсан автомат санал хураалтын системийн хэрэглээг судлах туршилтын төслийг зарласан. Хөгжмийн зах зээлийн төлөөлөл болсон байгууллагууд олноор блокчэйн технологи ашиглан оюуны өмчийн эрхийн шимтгэлийг цуцлуулах, зохиогчийн эрхийг удирдан хянах ажлыг дэлхий нийтээр хэрэгжүүлэх туршилтын загваруудыг туршсаар байна. IMB 2016 оны 7-р сард Сингапур улсад блокчэйний шинэчлэлт болон судалгааны төвөө нээсэн. 2017 оны эхээр Харвард бизнес шүүмж (Harvard Business Review) сэтгүүлд блокчэйн бол өнөөгийн эдийн засгийн болон нийгмийн системд шинэ үндэслэл бий болгох чадамж бүхий суурь технологи юм гэсэн санал илэрхийлсэн нийтлэл бичжээ.

 
Блокчэйний процесс

Блокчэйн гэж юу вэ ?

засварлах

Блокчэйн нь төвлөрсөн бус өгөгдлийн сангийн технологид шинэ шийдэл болж өгсөн. Энэ шинэчлэлт нь хуучин технологийг шинэ арга замтай холбосноор илүү сайжирч хөгжиж байна. Одоо блокчэйнийг бие даасан хэрэглэгчдийн нэгдэл мэдээллийн санг хадгалж, мэдээллийг хуваалцаж мөн удирдаж ажиллах төвлөрсөн бус өгөгдлийн сан гэж ойлгож болно.
Олон төрлийн блокчэйн байдаг:
Нийтийн блокчэйн(Public blockchain):(жишээ нь Bitcoin) нь давтагдашгүй токенуудаар ажиллах томоохон төвлөрсөн бус сүлжээ юм. Тэдгээр нь аль түвшний хэрэглэгчдэд нээлттэй ба тэдэнд дэмжлэг үзүүлэх нээлттэй эхийн кодууд байдаг.
Хувийн блокчэйн(Private blockchain): нь ихэвчлэн жижиг хэмжээний сүлжээ байхаас гадна токен ашигладаггүй. Хэрэглэгчид нь нарийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрлийн блокчэйнүүд итгэмжлэгдсэн гишүүд болон нууцлагдсан дамжуулалттай холбоогоор баталгааждаг.
Зөвшөөрөгдсөн блокчэйн(Permissioned blockchain): (жишээ нь Ripple) нь нийтийн болон хувийн блокчэйнүүдийн хосолмол шинжтэй, хувийн блокчэйнтэй ижил хяналттай боловч хянагч нь сүлжээний хэрэглэгч дотроосоо байдаг. Нийтийн блок-чэйнтэй ижлээр томоохон төвлөрсөн бус систем байх ба тэдгээр нь давтагдашгүй токен ашиглана. Код нь зарим нь нээлттэй эхийн, зарим нь нээлттэй эхийн бус байдаг. Дээрх гурван төрлийн блокчэйнууд гурвуулаа криптограф ашиглан аль ч өгөгдсөн сүлжээнээс хэрэглэгч бүрийг төвлөрсөн хянагчийн шаардлагагүйгээр сүлжээнд хэрэгжиж буй дүрмүүдийг хэрэгжүүлэх, данс бүрийг хянах боломжийг олгодог. Төвлөрсөн хянагчийг өгөгдлийн сангийн бүтцээс халсан нь блокчэйн технологийн хамгийн ашигтай бөгөөд чухал шинж болсон юм. Блокчэйн хэдий гүйлгээний байнгын бичилт болон түүхийг үүсгэж байдаг ч мөнхийн зүйл гэж байдаггүй. Гүйлгээний бичилтийн байнгын ажиллагаа нь сүлжээний тогтвортой байдлаас хамаардаг. Блокчэйний хувьд энэ нь том хэмжээний блокчэйний нэгдлийн гишүүн нэг бүр мэдээлэлд өөрчлөлт орсныг зөвшөөрөх болон зөвшөөрөхгүй байхыг шийдэж байж эцсийн өөрчлөлт хийгдэнэ гэсэн үг юм. Мэдээлэл блокчэйнд нэгэнт бичигдсэн тохиолдолд үүнийг өөрчлөх эсвэл устгах нь бараг боломжгүй зүйл юм. Хэрэв хэн нэгэн блокчэйнд бичилт хийх буюу өөрөөр хэлбэл гүйлгээ хийх эсвэл дансны харилцаа хийхийг хүсвэл сүлжээн дэх батлах эрхтэй хэрэглэгчид тухайн захиалсан гүйлгээг баталгаажуулна. Үүнд л блокчэйний хамгийн төвөгтэй хэсэг оршдог учир нь блокчэйн бүр хэн хэрхэн ажиллах, хэн гүйлгээг баталгаажуулах зэргээр бие биеэсээ бага зэрэг өөр үүрэгтэй ажилладаг. Ethereum бол санхүүгийн зах зээлийн бүхэл бүтэн оршин тогтнох хамгийн ашигтай хөрөнгө оруулалтын сонголтуудын нэг юм. Энэхүү валют нь 2015 онд гарч ирсэн бөгөөд түүнээс хойш 1000% -иас дээш өссөн байна. Үнэн хэрэгтээ Ethereum нь зөвхөн cryptocurrency-ээс илүү зүйл юм - энэ бол бүхэл бүтэн сүлжээ юм.[1]

Блокчэйн юу хийдэг вэ?

засварлах

Блокчэйн нь ямар нэг мэдээллийн урсгалыг зохицуулагч төвлөрсөн удирдлагагүй peer-to-peer систем юм. Мэдээллийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ төвлөрсөн хяналтыг халах нэг чухал арга нь бие даасан хэрэглэгчид бүхий том хэмжээний төвлөрсөн бус сүлжээтэй байх явдал юм. Ингэснээр тэдгээр компьютерууд тухайн сүлжээг нэгээс олон байршилд байршуулж байна гэсэн үг юм. Блокчэйн төвлөрсөн бус байдалтай байгаа нь сүлжээний найдвартай байдлыг хангахаас гадна криптовалиутыг ашиглах боломжоор хангах зорилготой. Криптовалиут гэдэг нь дижитал токен бөгөөд зах зээлийн үнэлгээтэй, хувьцааны адилаар мөнгөн дэвсгэртээр арилжаалагддаг. Криптовалиут нь блокчэйн бүрт бага зэрэг ялгаатай ажилладаг. Ерөнхийдөө техник хангамжуудыг ажиллуулах програм хангамжууд урьдчилан бэлтгэгдсэн байдаг. Тэдгээр програм хангамжууд нь блокчэйний протокол юм. Бидний сайн мэдэх блокчэйн протоколуудад Bitcoin, Ethereum, Ripple, Hyperledger болон Faction зэрэг орно. Зангилаа хэрэглэгчийн техник хангамжийн бүрэлдэхүүн нь сүлжээн дэх мэдээллүүдийг баталгаажуулж байдаг.

Блокчэйн яагаад хэрэгтэй вэ?

засварлах

Блокчэйнийг өнөөдөр компьютерын ухаанд "тав дахь хувьсал" буюу интернетэд өмнө нь байгаагүй "итгэлцлийн түвшин" гэж нэрлэж байна. Энэ нь блокчэйн өнөөдөр дэлхий дахинд маш олон хүний анхаарлын төвд байх гол шалтгаан болж байна. Блокчэйн цахим мэдээлэлд итгэлцэл үүсгэж байна. Мэдээлэл блокчэйнд нэгэнт бичигдсэн тохиолдолд үүнийг устгах эсвэл засварлах нь бараг л боломжгүй зүйл юм. Энэ боломж нь өмнө нь компьютерын сүлжээний орчинд огт байгаагүй зүйл юм. Мэдээлэл дижитал хэлбэрт тогтвортой бөгөөд найдвартай байх боломжтой болсон тул өмнө нь гүйлгээний ажлыг зөвхөн онлайн бус горимд хийдэг байсан хэрэглэгчид онлайнаар гүйцэтгэхэд найдвартай итгэж болохуйц болсон. Иргэдийн бүртгэл болон өмчлөх эрх зэрэг уламжлалт үйлчилгээнүүд бүгд онлайн горимд хийгдэж баталгаажих боломжтой. Банкны гүйлгээ жишээ нь мөнгө шилжүүлэх, орлого зарцуулалт зэрэг хугацаа их шаарддаг ажлуудыг бараг агшин зуурд хийдэг болсон. Аюулгүй, дижитал гүйлгээний бичилт нь дэлхийн эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой зүйл юм. Анхны блокчэйн апликэйшнууд өөрийн давтагдашгүй токеноор гүйлгээг баталгаажуулж найдвартай дижитал утгыг гүйлгээгээр дамжуулах нөхцөлөөр хангахаар загварчлагдан бүтээгдэж байсан. Үүнд мөнгө болон хөрөнгийн шилжүүлэлт зэрэг багтдаг. Гэвч блокчэйн сүлжээ нь зөвхөн мөнгөний утгыг дамжуулахаас хол давсан боломжит ирээдүйтэй технологи юм.

Блокчэйн үндсэн гурван цөм хэсгээс бүрддэг :

засварлах

Өгөгдсөн хугацаанд гүйлгээний жагсаалт дансанд бичигддэг. Хэмжээ, хугацаа болон блок ажиллах хэмнэл нь блокчэйн бүрд харилцан адилгүй байдаг. Криптовалютын шилжүүлгийг баталгаажуулах бичилт хийх нь блокчэйн бүрийн хувьд нэн тэргүүний зорилт нь байдаггүй ч блокчэйн бүр криптовалиут болон токэн дамжих үйлдлийн бичилтийг хийсээр байдаг. Гүйлгээ гэдгийг энгийнээр мэдээллийн бичилтийг хийх гэж ойлгож болно.

Блокуудыг хооронд нь математикийн ухаанаар нь холбох хаш утга. Энэ нь блокчэйнийг ойлгоход хамгийн төвөгтэй ойлголт. Чэйн нь мөн блокуудыг нэгтэн байлгаж математикаар итгэл үүсгэж байгаа "шидэт цавуу" юм. Блокчэйндэх хаш нь өмнөх блокт байсан мэдээллээс үүсдэг. Хаш нь тухайн мэдээллийг блоктой заавар болон хугацаагаар холбох хурууны хээ болдог. Блокчэйн нь хаштай харьцуулахад шинэ нээлт юм. Хаш нь 30аад жилийн өмнө бүтээгдсэн. Энэ эртний технологи шинэ технологитой хоршин ажиллаж байгаа шалтгаан нь хаш нь нэг чиглэлт тайлагдах боломжгүй шифр үүсгэдэг. Хаш функц нь мэдээллийг математикийн алгоритм ашиглан ямар ч хэмжээтэй байсан хамаагүй тогтсон хэмжээтэй бит стрингс хэлбэрт оруулдаг. Бит стрингс нь ихэвчлэн 32 тэмдэгтийн урттайгаар мэдээлэл хашлагдсан гэдгийг илэрхийлэхүйц бичиглэлтэй болсон байдаг. Secure Hash Algorithm (SHA) нь блокчэйнд ашиглагддаг криптографын хаш функцийн нэг юм. SHA-256 хамгийн өргөн ашиглагддаг бараг л дахин давтагдашгүй 256битийн (32байт) -н тогтсон хэмжээт хаш үүсгэдэг. Практик хэрэглээнд хашийг блокчэйнд мэдээллийг байршуулахад ашигладаг дижитал хурууны хээ гэж ойлгож болно.

Сүлжээ нь бүрэн зангилаа(Full node)-уудын хэлхээнээс бүр тухайн блокчэйнд хийгдэж байсан болон хийгдэж буй бүх гүйлгээний бичилтийг хадгалж байдаг. бүрдэнэ. Бүрэн зангилаа гэдгийг сүлжээний эрсдэлийг хариуцах зориулалттай компьютерт ажиллах алгоритм гэж ойлгож болно. Зангилаа Зангилаанууд нь хэн ч байж болох бөгөөд дэлхий даяар тархан байрласан байдаг. Бүрэн зангилааг ажиллуулах нь хүндрэлтэй, өртөг өндөртэй мөн цаг хугацаа их шаардсан ажил тул зангилаа болох хэрэглэгчид үүнийг үнэгүй хийдэггүй. Тэд криптовалиут олж авахын тулд зангилааг өөрсдийн компьютер дээрээ ажиллуулдаг. Блокчэйний суурь алгоритм нь зангилаануудад үйлчилгээ үзүүлснийх нь төлөө урамшуулал олгодог. Урамшуулал нь Bitcoin гэх мэт токен болон криптовалиут байдаг. Bitcoin болон блокчэйн гэх ойлголтуудыг ихэвчлэн бие биеэр нь орлуулж нэг утгаар ашигладах байдал их гардаг, гэвч энэ хоёр нь тусдаа ойлголт юм. Bitcoin өөрийн блокчэйнтэй. Bitcoin-ий блокчэйн нь bitcoin-ий гүйлгээг найдвартай амжилттай хийгдэх зорилго бүхий суурь алгоритм юм. "Bitcoin"нь Bitcoin сүлжээнд ажиллаж буй криптовалиутын нэр бол "Блокчэйн"нь нэг төрлийн програм хангамж юм.

 
Улс орнуудад биткойний эзлэх хувь
Блокчэйний хөгжлийн үе шат
засварлах

Блокчэйн bitcoin үүсэхтэй зэрэгцэн үүсэн хөгжсөн. Энэхүү сүлжээнд хоорондоо хэзээ ч уулзаж байгаагүй бүлэг хүмүүс нэг системд бие биедээ итгэн хамтран ажиллаж болдог гэдгийг нотолсон. Анхны Bitcoin сүлжээ нь Bitcoin криптовалиутын найдвартай байдлыг хангахаар бүтээгдсэн. Дэлхийгээр төвлөрсөн бус 5000 орчин бүрэн зангилаанаас бүрдэж байсан бөгөөд bitcoin арилжаалах болон утга шилжүүлэхэд гол зорилго нь оршиж байсан ч хэрэглэгчид энэ сүлжээнд үүнээс ч илүү боломж байгааг олж харсан. Сүлжээний далайц болон аюулгүй байдал зэргээс шалтгаалж бусад жижиг блокчэйнүүд болон блокчэйн аппликэйшнуудыг хамгаалахад ашиглагдах болсон.

Ethereum сүлжээ нь блокчэйн концепцын хоёр дахь хөгжлийн үе юм. Уламжлалт блокчэйн бүтцийг ашиглахаас гадна үүн дотор програмын хэл оруулж өгсөн. Bitcoin - той адилаар дэлхийгээр төвлөрсөн бус 5000 орчим бүрэн зангилаанаас бүрдэнэ. Ethereum -ийн үндсэн зорилго нь Ether - г арилжаалах, ухаалаг гэрээ (smart sontract) хийх, төвлөрсөн бус автомат байгууллага(DAOs) бүтээх байсан. Bitcoin - ий адилаар жижиг блокчэйнүүд болон блокчэйн аппликэйшнүүдийн найдвартай байдлыг хангахад мөн ашиглагддаг.

Factom сүлжээ нь блокчэйн технологийн гурав дахь үе юм. Санал хураалтын систем агуулсан, мөн илүү их хэмжээний мэдээлэл агуулах багахан хэмжээний нэгдмэл сүлжээг ашигладаг. Мэдээлэл болон системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээгдсэн. Нэгдсэн зангилаанууд болон хязгааргүй тооны хянагч зангилаатайгаар ажилладаг. Сүлжээ нь жижиг тул төвлөрсөн бус сүлжээнд холбогдож хадгалагч блокчэйнүүдээ холбон ажилладаг.

Цахим холбоос

засварлах
  1. "Ethereum худалдаа". Archived from the original on 2022-01-19. Татаж авсан: 2019-11-17.

Ашигласан материал

засварлах