Башкир хэл (баш. башҡорт теле [bɑʂ'qʊ̞ɾt tɪ̞ˈlɪ̞]) — түрэг хэлний аймгийн кыпчак салбарт хамаардаг хэл. Башкируудын үнэстний хэл бөгөөд ОХУ-ын бүрэлдэхүүн дахь Бүгд Найрамдах Башкортостан улсын орос хэлний хамт төрийн хэл гэж үздэг.

Башкир хэлний 1900 оны үеийн тархалтын газрын зураг

ОХУ-ын Башкортостанаас гадна хөрш зэргэлдээ Челябинск, Оренбург, Тюмень, Свердловск, Курган, Самара, Саратов мужууд, Пермийн нутаг дэвсгэр, Татарстан, Удмурт Бүгд Найрамдах улсад тархсан хэл.

Өнөөгийн байдлаар дэлхий дээр башкир хэлээр 1.4 сая гаруй хүн ярьдаг ажээ.

Башкортостан дахь Башкир хэлний албан ёсны статусыг Бүгд найрамдах улсын 1993 оны Үндсэн хуульд заасан боловч зөвхөн 1999 онд хэлний тухай орон нутгийн хуулийг баталсан юм. 2000 оноос хойш тус бүс нутгийн төрийн байгууллагуудын нэр хаягийг Башкир хэл дээр бичиж эхэлсэн байна.

Цагаан толгой

засварлах

Эрт дээр үед Башкир овог аймгууд эртний түрэг бичиг үсгий ашигладаг байжээ. 10-р зуунаас эхэлж хэдэн зууны турш үргэлжилсэн Исламын шашинтай болсоны дараа Башкирууд араб цагаан толгой ашиглаж эхэлсэн. Энэхүү бичгийн үндсэн дээр 13-р зууны эхэн үеэс 20-р зууны эхэн үе хүртэл бичигдсэн түрэгүүдийн бичгийн-уран зохиолын хэл, түүний нутгийн хувилбар болох Урал-Ижил мөрний түрэг уран зохиол үүссэн байна.

19-р зууны дунд үеэс үндэсний Башкир бичгийн хэл үүсч эхлэв. 1923 онд араб бичигт суурилсан цагаан толгойг баталсан. 1929 онд латин цагаан толгой (Яналиф) дээр суурилсан Башкир цагаан толгой гарч ирэв. 1939 онд кирилл үсэгт суурилсан цагаан толгойг нэвтрүүлсэн. Башкир хэлний орчин үеийн цагаан толгой нь 42 үсгээс бүрддэг. Орос хэлний 33 үсгээс гадна Башкир хэлний тусгай дуу авиаг илтгэх 9 үсгийг нэмж баталсан.

Башкир хэлний цагаан толгой

засварлах
А а Б б В в Г г Ғ ғ Д д Ҙ ҙ Е е
Ё ё Ж ж З з И и Й й К к Ҡ ҡ Л л
М м Н н Ң ң О о Ө ө П п Р р С с
Ҫ ҫ Т т У у Ү ү Ф ф Х х Һ һ Ц ц
Ч ч Ш ш Щ щ Ъ ъ Ы ы Ь ь Э э Ә ә
Ю ю Я я

Башкир хэлний үгсийн сан нь нэлээд консерватив /бага өөрчлөгддөг/ байдаг юм. Харьцуулсан судалгаагаар орчин үеийн Башкир хэл нь МЭ 6-8-р зууны эртний Түрэгийн руни дурсгалын үгсийн сангийн 95% -ийг хадгалдаг болохыг харуулсан байна.

Хамгийн ойрын хэл бол дуудлагын болон хэсэгчлэн дүрмийн шинж чанараараа ялгаатай Татар хэл юм.