Тогтохтөр ван

(Бат-Очирын Тогтохтөр-с чиглүүлэгдэв)
Энэ хүнийг бусад Тогтох (салаа утга)оос ялган таниарай.

Б.Тогтохтөр (1797- 1868) Сэцэн хан аймгийн Илдэн ван хошууны нутаг Сангийн далай хэмээх газар мэндэлсэн.

Монгол улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр (Тогтохдорж-төрөхөд нь анх хайрласан нэр.Б.П) 1797 оны 9-р сарын 15 наа Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг залган, хошууны ноён болсон ба 1839 онд Хэбэй ван, 1859 онд Сэцэнхан аймгийн Чуулганы даргаар томилогджээ. То ван Бээжинд шадарт яваад буцах замдаа 1868 оны 4-р сарын 6 нд учир битүүлэг шалтгаанаар насан эцэс болжээ.

То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа.

То вангийн гарал үүслийн талаар түүхэн баримт сөхвөөс дээд өвөгөөс нь хошуу захирсан анхны хүн нь жонон Пунцог байжээ. Монгол улс 1688 онд Манжид дагаар орсон, 1689 онд То вангийн дээд өвөг Пунцог хошуу захирсан ноён болж, 1691 онд жун ван цол хэргэм хүртсэн ба 1692 оноос Монгол Манжийн эрхшээлд орж, хуулинд нь захирагдах болжээ.

То вангийн эх орныхоо тусгаар тогтнол, ард олныхоо сайн сайхны төлөө хийсэн ажил үйлс, шинэтгэлийн үйл ажиллагаа нь хичнээн дэвшилтэт байсан ч Монголыг эрхшээж байсан Манжийн засаг төрийн бодлогын эсрэг чиглэж байснаас ямарч дэмжлэг авч байгаагүй, харин ч шахалт хавчлагатай байнга тулгарч ирсэн байна. Түүнчлэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үед То ван амьд байсангүй.

1921 оны Ардын хувьсгалын үзэл баримтлал нь ангич намч зарчимд тулгуурлаж байснаас түүнийг феодал ангийн гаралтай, язгууртан сэхээтэн байсан гэж үзэн, То вангийн үйл ажиллагааг хөхүйлэн, төдийлөн нарийн сайн гаргаж ирээгүй юм.

Үүнээс үндэслэн, урьд Монгол улсын түүхэнд То вангийн тухай төдийлөн нарийн тусгагдаж байсангүй. Гагцхүү 1990 оны ардчилсан хувьсгалын уур амьсгалаар То ван судлалыг бие даалган хөгжүүлэх бололцоо нөхцөл бүрдэн, Монгол судлалын шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг болон нарийн судлагдаж байна. Германы их гүн ухаантан Гегель хэлэхдээ “Түүх 3 үе шатыг дамжиж байж сая шинжлэх ухаан болно. Эхний шатанд хуулбарлагдан (голдуу магтагдах), хоёрдахь үе шатанд гуйвуулагдан (муучлагдах), гуравдахь үе шатанд гүн ухаанчлагдах ажээ. То ван бол эхний шатыг алгасан хоёр, гуравдахь шатаар гарч ирсэн сонин содон хувь заяатай хүн юм.

Нэгэн цагт То вангийн эдийн засгийн сэтгэлгээний асуудлыг ШУДБ Хорооны дарга асан Ч.Сэрээтэр, хууль эрх зүйн сэтгэлгээний асуудлыг МАХН-ын УУТ-ны гишүүн, ТХ-ны нарийн бичгийн дарга асан С.Жалан-Аажав нар судлаж байсан боловч үр дүнг нь улс төрийн тодорхой шалтгаанаар гаргаж тавиагүй өнгөрсөн байна. Харин 1968 онд ШУА-ийн академич, төрийн хошой шагналт, түүхч Шагдаржавын Нацагдорж эрс цагийн эвийг олж, То ванг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан түүхийн тавцанд гаргаж ирсэн анхны монгол эрдэмтэн хүн юм. Их академич түүхч Ш.Нацагдоржоос гадна манай нам төрийн ахмад зүтгэлтэн Жамсрангийн Самбуу, академич Хөдөөний (Дамдины) Пэрлээ, академич Мятавын Төмөржав, академич Осорын Шагдарсүрэн, төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо, ШУГЗүтгэлтэн, түүхч Лхамсүрэнгийн Жамсран, доктор профессор Даваагийн Лхаашид, нэрт дипломатич, профессор Баярын Жаргалсайхан нарын манай олон нэрт эрдэмтэд гүн гүнзгий судалжээ.

Гадаад орны эрдэмтдийн судалгаа 1926 оноос эхэлсэн ба ОХУ-ын эрдэмтэн В.А. Казакевич, А.П.Окладников нар анхлан, Англи улсын эрдэмтэн доктор Тэрри Пийч, Герман улсын эрдэмтэн хатагтай Вероника Вэйт нар удаалан судлаж судалгаа шинжилгээнийхээ материалыг өөрийн улсын хэлээр хэвлэн нийтэлсэн байдаг.

Монгол улсын төрийн шагналт, зохиролч, академич П,Хорлоо гуай:-суурин соёл иргэншилтэй Европын эрдэмтэд “Амьдрал бол тэмцэл юм” гэсэн байхад, нүүдлийн соёл иргэншилийг суурин соёл иргэншилтэй хослуулан аж төрөх ухааны сургаал туурвисан халх монголын хэцүү То ван “Амьдрал бол ухаан юм” гэж гайхалтай сайхнаар гүн ухаанчилсан тухай үнэлсэн бол, Германы Бонны их сургуулийн профессор, хатагтай В.Вейт “Хийж бүтээж байж, улс орон оршин тогтноно гэж То ван үзэж байсан нь түүнийг гойд ухаантай төрийн зүтгэлтэн хүн байжээ,-гэсэн дүгнэлтэнд хүргэж байна,-гэж монголч эрдэмтдийн олон улсын их хурлын индрээс илтгэсэн ба Английн Манчестрийн их сургуулийн захирал багш, доктор Терри Пийч То вангийн мэндэлсний 200 жилиийн ойгоор Халхын голд зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавихдаа “Зах зээлд шилжих хүндрэл бэрхшээлтэй энэ үед Монгол улсын хувьд То вангийн сургаал гадаадын зээл тусламжаас илүү өгөөжтэй байх болно”- гэж тэмдэглэсэн байхад Италийн судлаачид “То ван бол Монголчуудын бахархал агаад То ван судлалын нийгэмлэг нь итальчуудад монголын тухай шинэ соргог мэдээдэл өгдөг дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгжуллага юм” –гэж үнэлсэн байдаг. 1968 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн “То ван, түүний сургаал” номыг эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлүүлсэн. Их академич Ш.Нацагдорж, зохиож, академич Х.Пэрлээ хянан тохиолдуулсан судалгааны энэ бүтээлээр То ванг шинжлэх ухааны үндэстэй судлах цогц ажлын суурь тавигдсан байна. Тэр үеийг хүртэл То вангийн сургаалаас бага сага зүйл хэсэгчлэн хэвлэгдэж байсан. Жишээ нь, 1930 аад онд Монголд То вангийн сургаалыг орос хэлээр хэсэгчилэн орчуулж хэвлэж байжээ. Манай оронд То ван судлалыг бие даалган хөгжүүлэх нөхцөл бололцоо буй болсноор 1996 онд ШУА, Дорнод аймгийн ЗДТ-ын газраас хамтран нийслэл хотноо эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, тус хурлаас То ван судлалыг хөгжүүлэх чиглэл гарч, эдүгээ “То ван судлалын нийгэмлэг” нэртэй байнгын ажиллагаатай төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага байгуулагдан ажиллаж байна. Үүний үр дүнд То ван судлалыг нэгэн цэгт төвлөрүүлэн ажиллах болов. Тус нийгэмлэгт дэлхийн 10-аад орны 200 шахам төр нийгэм, урлаг соёл, хэвлэл мэдээллийн зүтгэлтэн, эрдэмтэн сэхээтнүүдийг эгнээндээ багтаасан Эрдмийн 18 салбар зөвлөлд ажиллан, судалгаа шинжилгээний өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. То вангийн бүтээлч үйл ажиллагааг тухайн цаг үетэй нь холбон судлаваас, 1822 онд хошууны засаг ноён болохоос өмнө Илдэн засаг хошуу 58 мянган толгой малтай, 1698-1618 онд Халхын голд байгуулсан “Халхын сүм” нэртэй, манжаас Ганданчойнхордашпэлжээлин нэр шагнуулсан нэг хийдээс өөр барилга байшингүй байсан бол То ван хошуу захирсныхаа дараа Илдэн засаг хошууны төв -Тамсагбулагийг суурин соёл иргэшлийн томоохон төв болгон хөгжүүлж, сургууль соёлын газар, “Соёлыг бадруулагч”, “Хамгийг хамгаалагч” сүм, Ноёны ордон, сүмбэр уул, хиймэл нуур, суваг шуудуу байгуулж, алт мөнгө, чулуу, оёдол, хатгамал, халуун төмөр, мужаан, тариалангийн аж ахуй, гурилын тээрэм, арьс элдэх, цэмбэ нэхэх гар үйлдвэрийн газар нээн ажиллуулж, малынхаа тоо толгойг 58-аас 120 мянгад хүргэсэн байна.

Оюуны салбарт туурвисан То вангийн бүтээлээс дурьдвал, нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншлийг хослуулан амьдрах ухааны сургаал болгон “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал” зохиолоо 1853 онд туурвисан нь одоогоор бидэнд мэдэгдээд байгаа монголчуудын зохиолсон эдийн засгийн ухааны анхны ном болно. То ван бол гэрийн өндөр боловсролтой хүн байснаас, уйгуржин монгол үсгийн дүрэм зохиож, өөрийн хошуунд байгуулсан “хошуу тэнхим” нэртэй төрийн сургуулийн сурах бичиг болгон хэрэглүүлж байв. Тэр цагт То ван Монгол улсын хаан байсан бол их зүйлийг бүтээх хүн байсан нь тодорхой. Пунцог жононг хошууны анхны ноён болсноос хойших 30-аад жилд гараагүй их ахиц өөрчлөлт, шинэчлэлтийг То ван хийжээ. Манжийн төрийн бурангуй бодлогод бурантагтай тэмээ шиг хөтлүүлж явсан бусад ноёдоос бадрангуй үйлсээрээ тод ялгарах гавъяат үйлтэн бол То ван мөн. То ван хэдийгээр феодал ангийн томоохон төлөөлөгчдийн нэг байсан ч гэлээ бусад ноёдоос ялгарах холч, гойд гоц, цэц ухаантай хүн байв. Монгол ноёд Манжийн татварын зэрэгцээгээр өөрсдийн алба гувчуурыг нэмэгдүүлэн ард түмний амьдралыг улам хүндрүүлж байсан. Харин То ван татварын бодлогоор Манжийн засгийн дарамт шахалтыг бага ч болов хөнгөрүүлэх арга замыг эрэлхийж байв. То ван самбаачлан, албан татварын хөрөнгөөр хошууныхаа 4 жасыг том лам нарын мэдлээс гарган, үйл ажиллагааг нь өргөтгөн байгуулж, өөрөө удирдан, өртөө улааны алба хаших, уран барилга, бурхан шүтээний зураг төсөл зохиох,ном хэвлэх, ядуучуудад абшиг хишиг хүртээх зэргээр эдийн засгийн шинэчлэл явуулахад ашиглаж иржээ.

1859 онд То ван гуай Тамсагбулагаас 5 өртөө газарт 21340 ам метр талбай эзлүүлэн газарт өнгөт эрдэнэсийн чулуу шигтгэн байгуулж эхэлсэн Жигважиджав Жанрайсиг их бурхан бүтээх ажлаа 1864 онд Халхын голд өндөрлөсөн. Өнгөрсөн зуунд түүний бүтээсэн соёлын түүхийн энэ үнэт дурсгалыг мэндэлсний нь 200 жилийн ойгоор сэргээсэн. нь түүх соёлоо дээдэлдэг манай эрдэмтэд, судлаачид, түүхчид, сүсэгтэн олны хамтын бүтээл, өнгөрсөн зууны томоохон буяны үйлсэд зүй ёсоор тоогодоно..

То ван эх орноо эдийн засгаар хөгжүүлэн, хүн ардаа соён гэгээрүүлж, аж амьдралыг нь өөд татах ажлыг амьдрал, үйл ажиллагааны гол зорилго болгон тавьж, хошуу захирсан 46 жилд хөгжсөн хүнтэй улс хөгжилтэй байна гэсэн ойлголтоор их зүйлийг амжуулжээ. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх, цагийг үнэлэх, нэг ажил хийх далимд хэд хэдэн ажил амжуулах, ард олноо гэгээрүүлэхэд их анхаарсан, үүний зэрэгцээ урлаг уран сайхан, спорт, шашин шүтлэг, сүсэг бишрэл, баяр наадамд хүртэл шинэчлэлт өөрчлөлт оруулан, спортын наадмыг үндэсний урлагийн тоглолттой хослуулан, цагтаа дуу, бүжиг, хөгжмийн сургууль, филармони хүртэл байгуулж байсан нь То ван судлал хөгжих болсны ачаар судалгааны объект болжээ. Манжийн эрхшээлийн үед байнга гардаг байсан маргаан, зөрөлдөөний нэг түгээмэл хэлбэр нь гшазар нутгийн хил хязгаарын асуудал байлаа. Нутаг дэвсгэр, хил хязгаарын маргааныг нааштайгаар шийдвэрлэх явцдаа Ар булаг, Модон хашаат, Хулд уул зэрэг нэр бүхий Манжид алдагдсан газрыг мэргэн ухаанаар өөрийн нутагт буцааж авсан. Дашрамд тэмдэглэхэд, өнөөдөр монгол хүн дорнодын тал нутагтаа очиход гадаад оронд очсон юм шиг санагдах болж, “Монгол улсын зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгаарай” гэсэн То вангийн аман гэрээслэлийн амин үгс өөрийн эрхгүй сэтгэлд буух болжээ.

То ван тусгаар тогтнолоо сэргээн, туйлдаж сөхөрсөн эдийн засгаа өөд татахаар мал аж ахуй, газар тариалан, гар үйлдвэр, шашин шүтлэг, урлаг уран сайхан, боловсрол соёлын олон салбарт шинэчлэлт өөрчлөлтийг нэгэн зэрэг хийхэд монгол үндэснийхээ уламжлалд тулгуурах ганц зөв зам байгааг алтан ургийн язгууртан сэхээтний хүний эх оронч үзэл, эдийн засгийн мэдлэг мэдээлэл, мэргэн ухаан, торгон мэдрэмжээр олж харсан хүн бөлгөө.

Манж гүрний төрийн эрхшээлд орж, алдагдсан Монгол төрийн эрх дарх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх зорилгоор улс төрийн тусгаар тогтнолоо олж авах, байгаль цаг уурын хүндрэл, гадаад дотоодын албан татварын дарамтад давхар нэрвэгдэн босох тэнхэлгүй болсон аж ахуйгаа өөд татахын тулд эдийн засгийн шинэчлэл явуулах зорилго тавьсан Б.Тогтохтөр ноёны үйл ажиллагаа нь То ван судлаачдын бүтээлээр тодорхойлогдож байна. То вангийн бүтээсэн түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээх, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор Жанрайсиг их бурханыг сэргээж, төрсөн газарт нь гэрэлт хөшөө босгон, Тогтохтөр ноёны тухай түүхэн сэдэвт уран сайхны болон баримтат кино бүтээж, нэрэмжит гудамж, ЕБС-ийг Улаанбаатар хот, Халхгол суманд буй болгож, бэсрэг симфони, дуу хөгжим зохион, То ван судлалаар “108 цуврал бичиг” ном хэвлүүлж байгаа ба, эрдэм шинжилгээний хурал тогтмол хийлгэж, энэ ажилд дотоод гадаадын олон судлаачдыг оролцуулж байна. Цаг үе түргэн өөрчлөгдөн хөгжиж байна. Урагшлах замдаа бид То вангийн авч гээхийн ухаанаас судлах, суралцах зүйл асар их бий. Нийгмийн тогтолцоо солигдон, цаг үеийн өөрчлөлтийг дагаад шинэ нийгэмд хүргэх хөрөнгө оруулалтыг хэсэг бүлэг хүмүүсийн хувийн сонирхол сүүдэр мэт дагах болсон энэ үед ч хөрөнгийг хөгжилд хэрхэн зөв зарцуулахад То вангийн хэмнэлтийн бодлогыг авч хэрэглэвээс хуучраагүй агаад ач холбогдлоо алдаагүй байна.

Цахим холбоос

засварлах