Батцэнгэлийн Одончимэг
Батцэнгэлийн Одончимэг (1985 оны 7-р сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын тайз, киноны жүжигчин.
Намтар
засварлахТэрээр зургаан хүүхэдтэй төрийн дархан Осорын Батцэнгэлийн тав дахь охин болж Улаанбаатар хотод төржээ.
Түүний өвөг эцэг нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Улаанхүүгийн Осор, эцэг нь төрийн уран дархан Осорын Батцэнгэл, авга ах нь Гавьяат жүжигчин, найруулагч Осорын Бат-Өлзий, үеэл Б.Тамир гээд түүний гэр бүлийнхэн бараг бүгд урлагийн хүмүүс юм.
Б.Одончимэг “Эрдмийн ундраа” цогцолбор дунд сургуулийг төгсөөд 2004 онд СУИС-д элсэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн удирдлагад 2008 онд төгссөн. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар UBS телевизэд орчуулгын киноны дуу оруулагч хийдэг байсан нь урлагийн тогоонд хийж үзсэн нь анхны ажил байжээ.
Мөн “Шинэ үе” продакшнд хоёр жил жүжигчнээр ажиллаж байжээ.
УДЭТ-т 2009 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Тайзнаа гарсан хамгийн анхны дүр нь “Алтан түлхүүр” жүжгийн Буратино. Театрт ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн бүхий л жүжигт гол болон туслах дүрд ажилласан. Тэдгээрээс онцолж дурдвал, “Яаж амьдрах юм” жүжгийн Кира, ”Сарны цагаан хус” жүжгийн шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия, “Буруугүй буруутан” жүжгийн Навчаа, “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаа, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Сэрчмаа.
Тэрбээр “Гэрлэн дохио”, “37-р точка” олон ангит кино болон “Цасан охин”, “Намрын синдром”, “Аз жаргалийн шок”, “Том толгойтын романс”, “Зүрхний хилэн”, “247 градус”, “Буруу өрөг”, “Нинжин сэтгэл” гэхчлэн 20 гаруй кинонд тогложээ.