Банш
Банш бол Монголчуудын амтархан иддэг хоол бөгөөд баншны үүсэл их хачин түүхийг өгүүлдэг. Учир нь баншийг ихэнх хоол судлаачид Хятадаас үүссэн гэх бөгөөд гарал үүслийг нь Бианш (扁食) гэж үздэг. Үүний зэрэгцээ Сибирь Уралын нуруу хавиас үүссэн хэмээн үзэх нь цөөнгүй билээ. Сибирийн тэсгэм хүйтэнд хурдан хугацаанд чанаж болгодог ой шугуйд, холын замд анд явахад хамгийн тохиромжтой тэжээлтэй хүнс нь банш гэж үзэх хоол судлаачид мөн цөөнгүй бий. Марко Поло баншны тухай түүхэн сурвалж бичиг, зохиолдоо Хятадуудаас үүссэн хэмээн дурьдсан байдаг.
Битүүлгийн банш
засварлахМонголчууд Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдөр битүүний өдөр банш, бууз хийж иддэг уламжлалтай. Баншийг хохимой толгойг билэгдэж бөөрөнхий бөндгөр чимхэнэ. Сар шинийн өмнөх орой буюу хуучин он солигдох мөчид хүний орчлонгоор ирэхэд хүмүүс өөрсдийнх нь толгойг идэн баярлалдан суухыг хараад айж буцдаг гэсэн домогтой холбоотой. Энэ домог нь Хятадын баншны домог болон Солонгосын баншны домог үлгэртэй нэн төстэй.
Монголчууд 7 ба 21 банштай цай, шөлийг биед тамир оруулдаг гэж билэгшээдэг. Битүүлэгний жигнэсэн, чанасан банш хөрсөн үед халуун тосонд хийж гадна талыг алтан шаргал болтол шарж, "шарсан банш" болгоход хүүхэд, залуус мөн дуртай иддэг.
Банштай хоол
засварлахБаншны шанзыг буузны шанзтай бараг адил бэлтгэх боловч хүүхэд хөгшид идэхэд тохиромжтой байдлаар илүү жижиг хэрчиж хийнэ. Баншны гурилийг зуурахдаа өндөг нэмж хийвэл илүү амттай, гурил нь урсахгүй сайхан болдог. Баншны шанзыг гол төлөв хонь, үхрийн махаар бэлтгэх бөгөөд сонгино, саримс, гоньд, цээнэ зэрэг амтлагч хийж бэлтгэдэг.
Баншийг жигнэх, чанах, шарах гэх зэрэг аргаар болгож хэрэглэдэг. Банштай хоолнуудаас нэрлэвэл:
- Жигнэсэн банш (Жигнэсэн банш дээр зөөхий, цөцгий дусааж таваглана)
- Банштай цай (Банштай хийцтэй цай, Борцтой-банштай цай)
- Банштай шөл (Банштай ногоотой шөл, Банштай хар шөл, Банштай зутан байх бөгөөд шөлөнд чанах эсвэл жигнэсэн баншийг шөлөнд хийдэг)
- Шарсан банш (Жигнээд хөрсөн баншийг халуун тосонд шарж, хайрна)
Банштай цай
засварлахБанштай цайг Монголчууд бороотой хүйтэн өдөр идэх дуртай. Бороотой өдөр банштай цай ууж баймаар өдөр байна даа гэлцдэг.