Байлдааны хохирол
Байлдааны хохирол нь дайсны гал, цохилтоос салаа /тасаг, танк/-ны хүн хүч, зэвсэг техникт учрах шууд ба шууд бус хөнөөл болно. Тэрчлэн өөрийн цэргийн санамсаргүй ажиллагаа буюу эндүүрлээс болж учирсан хохирол байлдааны хохиролд хамаарна. Зэвсэг техникийн ашиглалтын горим, аюулгүй ажиллагааны заавар зөрчигдснөөс учирч болох хохирлыг техник ашиглалтын хохирол гэнэ. Техникийн үйлчилгээ тохиргоо алдагдсанаас байлдааны ажиллагааны үр ашиг буурах нь техникийн шууд бус хохиролд тооцогдоно. Техник ашиглалтын шууд ба шууд бус хохирлоос зайлсхийх үндсэн нөхцөл нь бие бүрэлдэхүүн зэвсэг, байлдааны техникээ мастерийн ёсоор эзэмшиж, мадаггүй ажиллуулах чадвартай болон дадлагажсан байх явдал юм. Байгаль-цаг уурын хүчин зүйлээс шалтгаалах хохирол нь байгалийн аюулт үзэгдэл, гамшигийн улмаас учирч болох хөнөөл, бие бүрэлдэхүүний байлдааны чадварт үзүүлэх сөрөг нөлөөлөл болно. Хангамжийн тасалдлаас үүдэн гарах хохирол гэдэг нь сум галт хэрэглэл, шатахуун, хүнс хоол, ус, түлш, техникийн сэлбэг, эм эмнэлгийн хэрэгслэл зэрэг материаллаг нөөцийн хангалт тасалдсанаас салаа /тасаг, танк/-ны байлдааны чадавхи сулрах буюу алдагдахыг хэлнэ.