Бадамсамбуугийн Болорсайхан

Бадамсамбуугийн Болорсайхан (1985 оны 10-р сарын 5-ны өдөр төрсөн) Монгол Улсын иргэн, эрх зүйч, хүний эрх хамгаалагч, цаазаар авах ялын эсрэг, иргэний эрхийн төлөө тэмцэгч юм.

Төрсөн огноо: 1985 оны 10 сарын 05 Төрсөн газар: “Өргөө” амаржих газар, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс          Улс: Монгол Сургууль: Нийслэлийн ЕБС-ийн 31-р дунд сургууль; ШМАС; МУИС  Мэргэжил: Эрх зүйч   

Б.Болорсайхан 2008, 2012, 2016, 2017 оны сонгуулийн ажиглагч, “Цагаан сонголт хөдөлгөөн”, залуучуудын хөгжил, оролцоо, дэлхийн иргэний, мөн тэгш хамруулах боловсрол, цөөнх, гадуурхагдсан бүлгийг хамгаалах, цаазаар авах ялын эсрэг төсөл, санаачилгад өөрийн туршлагаа хуваалцан, хувь нэмрээ оруулдаг. Тэрээр хүмүүс эрх мэдэлгүй нэгнээ гадуурхах, нийгмээс адлах, шахахтай тэмцэхийн тулд боловсрол, хүний эрхийн боловсрол, жендэрийн тэгш байдал, хөгжил, эрх мэдэлжих үйл явц, нийгмийн шударга ёс, энх тайвны талаар судалдаг.

Шинжээчийн хувиар орчин үеийн сургалтын технологид тулгуурлан Монгол Улсад анх удаа хүний эрхийн боловсрол, мониторинг, чадавхжуулах модуль бүхий хүний эрхийн цахим сургалтын талбар хөгжүүлсэн төдийгүй мэдээллийн цахим талбар байгуулахад оролцжээ. Тэрээр “Боловсрол нь хүмүүсийн амьдралыг өөрчлөх арга хэрэгсэл” хэмээн тодорхойлдог тул хүүхдийн, эмэгтэйчүүдийн, орон нутгийн төрийн бус байгууллага, залуучуудын хөдөлгөөн, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, туршлагаа хуваалцдаг.

Тэрээр хүний эрх хамгаалагчийн хувиар өнгөрсөн хорь орчим жилийн хугацаанд хүүхэд, өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй, хэлний, бэлгийн цөөнх зэрэг нийгмийн бүлгийн эрх, хөгжил, хүний эрхийн боловсрол, хамгааллын чиглэлээр ажилласан бөгөөд хүний эрхийн сургалт, аян, үндэсний болон орон нутгийн төсөл, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмрээ оруулжээ.

Бага нас

засварлах

Тэрээр эмч нарын гэр бүлд төрж, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт өсөж өндийв. Эх Гомбожавын Эрдэнэцэг (1946-2023) нүдний эмч, эцэг Сэсжавын Бадамсамбуу (1936-2018) мэс заслын эмчээр ажиллаж, эрүүлийг хамгаалах үйлсэд амь амьдралаа зориулсан байна. Эхээс дөрвүүлээ, айлын хэнз, отгон хүү учир нийгмийн шилжилтийн үед эцэг, эх, ажаа, хоёр ах, эгчийн нөмөр нөөлөг, хайр халамжид хүн болжээ.

Боловсрол

засварлах

Анх нийслэлийн Сүхбаатар дүүргийн хүүхдийн 60 дугаар цэцэрлэгт нийгэмшиж, 1993-2001 онд ерөнхий боловсролын 31-р сургууль, 2001-2003 онд “Шинэ Монгол” ахлах сургуульд суралцан төгссөн билээ. Мөн 2008 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэн, 2011 онд Хууль зүйн магистрын зэрэг эзэмшсэн юм.

Хөдөлмөр эрхлэлт

засварлах

Ажлын гараа

Анх 2003 онд “Эрдэнэ Мэлмий” ХХК-д менежерээр ажиллаж эхэлсэн ба хожим 2006 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын тэнхимд дадлагажигч-өмгөөлөгч болж, тэнхимд түшиглэсэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, зөвлөгөөний зэрэгцээ ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын төслийн хэрэгжүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 411 дүгээр ангийн насанд хүрээгүй хүмүүст эрх зүйн мэдлэг олгох дэд төсөлд сургагч багшаар ажиллажээ.  

Хүний эрхийн үндэсний байгууллага дахь он жил

Тэрээр 2008-2016 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллахдаа салбарын болон салбар хоорондын хамтын ажиллагаанд түшиглэн түншлэхийн хамт туршлага хуримтлуулжээ. Жишээлбэл:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмээс ялгаварладаг, зүй бус харьцаж байгааг өөрчлөх зорилгоор "Зөв харилцааны цагаан толгой" (2009), хүүхэд эрхээ зөрчүүлсэн тохиолдолд өөрөө гомдол гаргах мэдлэгтэй болгохоор "Би хаана, хэнд, яаж хандах вэ?" (2010), хүний эрхийн нэр томьёог нэг мөр хэрэглэхэд тустай хэмээн "Хүний эрхийн товч тайлбар" (2012) боловсруулахад хамтарчээ.
  • БНСУ-ын ХЭҮК-ын үйл ажиллагаатай 2009 онд танилцсан мөрөөр удирдлагадаа “Хүртээмжтэй орчныг өөрсдөө үлгэрлэн бий болгох ёстой“ гэдгийг уламжилж, хожим 2013 онд Засгийн газрын XI байр налуу замтай болжээ.
  • Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, олон нийтийн хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэхээр төрийн болон төрийн бус байгууллага, хууль хяналтын, аж ахуй нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд зэрэг харилцан адилгүй зорилтот бүлэгт хамаарах 10,000 гаруй хүнд танхимын сургалт, семинар, лекц зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.
  • Олон нийтийн хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор өдөр тутмын сонинд нэг нүүр эрхлэн гаргах санаагаа хэрэгжүүлж байлаа.
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт 2009, 2014 онд хүний эрхийн үндэсний байгууллагаас илгээх мэдээлэл боловсруулах ажлын хэсэг гэх мэт хүний эрхийн дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ, тайлан, шалгалтын олон ажлын хэсэгт ажиллажээ.
  • Хүүхдийн эрхийн төвд ирүүлсэн гомдлын дагуу анх удаа шашны байгууллага дахь хүүхдийн асуудлыг хүүхэд хамгааллаар мэргэшсэн шинжээчдийн хамт хөндөн судалж, төр тусгайлан анхаарахад хувь нэмрээ оруулжээ.
  • Танхимын сургалтын зэрэгцээ цахим сургалтын талбар байгуулах нь зайлшгүй хэмээн 2010 оноос хойш 3 жил ярьсны эцэст Комисс өөрийн гэсэн анхны талбартай (www.mn-nhrc.org/elearning) (www.nhrcm.org) болж, анхны сургалтын модулиудыг хөгжүүлж, туршиж байлаа.
  • Цахим хуудсаа 2008 онд шинэчилж, өөрийн хэвлэсэн судалгаа, ном товхимолоо татаж авах хэлбэрээр оруулж эхэлсэн ба олон нийтэд үйлчилдэг ХЭҮК-ын Мэдээлэл лавлагааны төвийг 2011 онд татан буулгаснаас хойш “Олон нийт 2001 оноос хойш хийсэн бүх судалгаа, хэвлэлээ чөлөөтэй ашиглахаар түгээх хэрэгтэй” гэж ярилцан 2015 онд цахим номын сан (www.mn-nhrc.org/library) байгуулахад хувь нэмэр оруулав.

Эвслийн туршлага

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч – хуулийн зөвлөхөөр 2016 оноос хойш ажилласан ба төрийн бус байгууллагын чадавх бэхжүүлэх, гишүүддээ үйлчлэх, нийгмийн бүлгийн ашиг сонирхлыг төлөөлөн дуугарах, үндэсний хууль тогтоомж, бодлогод санал илгээх, төсөл боловсруулах, үнэлэх, хянах-шинжлэх, үндэсний болон бүс нутгийн харилцаа холбоог тэлэх, нөлөөллийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллав.

Хүний эрхийн үндэсний шинжээч

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн санд 2018 онд зөвлөхөөр ажиллахдаа анхны Цахим орчин дахь хүүхэд хамгааллын нөхцөл байдлын дүн шинжилгээ хийхэд оролцсон. Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар 2019-2021 онд хүний эрхийн шинжээчээр ажиллахдаа Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийн төслийг батлуулах үйл явцыг хөхиүлэн дэмжих, үндэсний хууль тогтоомж боловсруулах, батлах үйл явцад нийгмийн бүлгийн утга учиртай оролцоог хангахад дэмжих, ЛГБТИК+ бүлгийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад чиглэсэн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын “Тэгш, чөлөөт аян”-д зөвлөх, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн төлөв байдлын шинжилгээ гэх мэт НҮБ-ын хүний эрхийн механизмд тайлан боловсруулан илгээх талаар үндэсний, орон нутгийн ТББ-ыг чадавхжуулах, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг татан оролцуулах зэрэг чиглэлээр ажиллажээ.    

Стратеги Академийн судалгаа, сургалт

Монгол Ардын Намын хараат бус бие даасан эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага – “Стратеги Академи” тинк танкын “Хүний эрхийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”-ны зөвлөхөөр, хуульчдын багтай хамтран “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид хүний эрхийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх судалгаанд судлаачаар оролцжээ. Мөн “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал: Тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт тойм судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулахад хувь нэмэр оруулжээ.

Тус байгууллагын захирлаар 2021 оноос ажиллахдаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хүний эрхэд суурилсан хандлагаар Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр боловсруулахад гар бие оролцон ажиллажээ. Судалгааны багийн хамт Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн түргэн үнэлгээг гардан хийв. Тус намын 330 мянга орчим гишүүнд зориулан 2022 онд хүний эрх, хүний эрх хамгаалагч, жендэр, хөгжлийн үзэл баримтлалын талаарх үндэсний хэмжээнд сургагч багш бэлдэх сургалтын агуулга боловсруулан, зохион байгуулж, анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүн бүрд хүний эрхийн боловсрол, сургалтын агуулга хүргэсэн билээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр дундаа улс төрийн намын бүтэц, зохион байгуулалт дотор жендэрийн эрх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих бодлогын чиглэлээр ажилласан ба нөлөөллийн ажлын хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэр дэвшигч эмэгтэйн эзлэх хувь 2024 онд 30, 2028 онд 40 хувь байх санаачилгыг идэвхтэй дэмжигч байв.

Хүний эрхийг хангах Үндэсний хороо ажилласан нь

Хүний эрхийн омбудсманы загварт суурилсан шинэ хороог Монгол Улсын Засгийн газар 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор байгуулж, Б.Болорсайхан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллахдаа хүний эрхэд суурилсан хандлагаар боловсролын багц хуулийн батлуулах, нийгмийн ажлын хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллагыг байртай болгоход анхааран, Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал тайлагнах, илтгэх журмыг боловсруулж, гардаж хэрэгжүүлсэн байна. Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран Хүний эрхийн үндэсний индекс боловсруулахад оролцож, НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн мөрөөр зөвлөмж хэрэгжүүлэх төлөвлөгөө, Бизнес ба хүний эрхийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлахад манлайлжээ.

Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн даргын албан тушаалыг 2023 оны 3 дугаар сараас хавсран, Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөл, амлалт, санаачилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Нээлттэй Засгийн түншлэлийн Үйл ажиллагааны Үндэсний 4-р төлөвлөгөөний хэрэгжилт, мөн удаах төлөвлөгөөг хамтдаа боловсруулах үйл явцад олон талын төлөөлөл бүхий оролцогч талыг татан оролцуулж, гардан ажиллажээ.

Тэрээр одоо Засгийн газрын түвшинд Үндэсний тайлан хянах мэдээллийн сан, Тайлан, биелэлт хариуцсан үндэсний механизм, НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлуулахаар зорьж байгаа бөгөөд 2023 онд хүний эрхийн шинжээчийн тухайд анх удаагийн Парламентын хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээнд үндэсний зөвлөхөөр ажиллажээ.

Бусад идэвх, санаачилга

Б.Болорсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн сургагч багш төдийгүй Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд “Хүний эрх”, “Үндсэн хуулийн эрх зүй” хичээл цагаар багшилсан туршлагатай.

Мөн Монголын Эмнести Интернэшнл төрийн бус байгууллагын гишүүн, сургагч багш, удирдах зөвлөлийн гишүүн, даргаар ажиллаж, ДемоКрэйзи Залуусын төв, Бодлогод залуусын хяналт, Монголын олон нийтийн медиа контент сан, Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо, ЛИЙД төгсөгчдийн холбоо, Хөдөөгийн шинэчлэл, хөгжлийн түншлэл ТББ, ШМАС Төгсөгчдийн холбоо, Энх тайвныг цогцлоох хүрээлэнг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Түүнчлэн скаутын, улаан загалмайн хөдөлгөөн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газар, Гүүд Нэйборс Монгол зэрэг төрөл бүрийн хүний эрхийн байгууллагад ажиллаж, хөдөлгөөнд оролцож байсан билээ.

Ашигласан баримт

засварлах
  • Б.Болорсайхан: БОЛОВСРОЛЫН тэгш боломж нь АРДЧИЛЛЫН СУУРЬ гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой[1]
  • Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан | Unread Today[2]
  • Хар хайрцаг нэвтрүүлэг - Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Болорсайхан[3]
  1. Ч.Болортуяа (2019-04-11). "Б.Болорсайхан: БОЛОВСРОЛЫН тэгш боломж нь АРДЧИЛЛЫН СУУРЬ гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой". ikon.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-05-21.
  2. "Би хэрхэн ажилладаг вэ? - Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан". Unread Today. Татаж авсан: 2024-05-21.
  3. MONGOL TV (2023-03-13), Хар хайрцаг - Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Болорсайхан, Татаж авсан: 2024-05-21