Бабийн Ахтаан (1896.4.25—1973.7.15) Монголын казах хэлт утга зохиолын төлөөлөгч, нэрт яуу найрагч, жүжгийн зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн. Зохиолоо казах хэлээр бичдэг байв. Баян-Өлгий аймгийн Соёлын ордоны даргаар ажиллаж байсан. Бүргэд найраглал нь ихэд алдаршсан байна. Казах үндэстний яруу найргийн гол төлөөлөгч.

Б.Ахтаан 1897 онд Шинжаанд ядуу тариачин Бабийн хөвүүн болон мэндэлжээ. Түүний эх Карипжаан нь авьяаслаг яруу найрагч, сайхан дууч эмэгтэй байжээ. Хар багаасаа казах ардын аман зохиол, үлгэр тууль сонсож өссөн тэрээр 1912 оноос буюу 12 настайгаасаа шүлэг зохиож бичиж улмаар ардын дууч, яруу найрагч болжээ.

Тэрээр 1930-аад оны үеэс уран бүтээлээ эхэлж “Ермалай”, “Жамаал”, “Калкаман Мамыр хоёр” жүжиг, “Бүргэд” найраглал, “Суваг”, “Чамаас өндөр”, “Оршилын оронд” зэрэг яруу найргийн бүтээлүүд туурвижээ. Б.Ахтааны “Бүргэд” найраглал, “Суваг”, “Чамаас өндөр”, “Оршилын оронд” зэрэг олон сайхан шүлэг зохиолыг хүүхэд багачууд сонирхон уншдаг төдийгүй дунд сургуулийн утга зохиолын унших бичгүүдэд хэвлэгджээ. Казах хэлээр 10-аад ном хэвлүүлж, монгол хэлээр зохиолын түүвэр нь 3 удаа хэвлэгджээ.

Б.Ахтааны зохиолуудыг монгол уншигчидтай танилцуулахад яруу найрагч Д.Сэнгээ, Б.Бааст нар их үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал: “Оршилын оронд”, “Чамаас өндөр”, “Суваг” шүлгийг 1955 онд Сэнгээ монгол хэлнээ орчуулсан бол “Бүргэд” найраглалыг Бааст монгол хэлнээ орчуулжээ. Б.Ахтааны зохиолын түүвэр 1957-1960 онд хэвлэгджээ. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж 1960 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгожээ. Мөн шилдэг бүтээлүүдээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ.

  • МЗЭ-ийн шагналаар шагнагдаж байв.
  • БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн (1960).