Баатар вангийн хошууны Дашчойнхорлин хүрээ

Дархан-Уул аймгийн нутагт байсан хийд. Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Түнхэл голын хөвөөнд оршино.

Анх Манжийн Энх-Амгалангийн 45-р \1706\ онд Засаг улсын Түшээ гүн Цэвдэнгийн үед дээдийн түмэн өлзийг бататгахаар Ганжуур, Яр хайлан, Чогчин Жасаа хуруулах “Дашчойнхорлин” хэмээх хүрээг Түнхэл голын адаг Эрэгсэнгомбо уулын өвөрт байгуулав. Энд төвд уншлага, нэрийн номын сургуулийг хуврага лам нарт заалган мөн Бадам-Ёго, Сахиус, Чойжил, Лхам, Жамсранг өдөр бүр хуруулан мөнхөлжээ. Төр Гэрэлтийн 15-р онд \1835\ мөн хошууны засаг Цэрэндоржийн үед жил бүр цагаан сарын шинийн нэгнээс эхлэн арван тавныг хүртэл ерөөл ба гурван өдрийн магтаал хурал хурна. Зуны дэлгэр цагтаа Бадам-ёго сахиус, Гонгор, Намсрайгнэг нэг өдөр хурна. Хайланг 45 өдөр хурна. Найдан, Аюуш, Гүнрэг, Жамбын чого, Авидын чого, Донжог, Манал зэрэг долоон анги хурлыг тус бүр нэжгээд өдөр хурна. Өвөл цагийн сахиус нэг өдөр хурна. Даншигийн хангал гурван өдөр хурна. Хуучин ном хоёр өдөр хурж хорин есөнд Чойжилийн сор зална. Билгүүнд Цэдэрлхам нэгэн өдөр хурна. 1871 оноос жил бүр зун цаг Ганжуур гурван өдөр хурна. Майдар бурхан залж нэг өдөр эргэнэ. Бадаргуулт төрийн хорин хоёрдугаар оноос \1896\ эхлэн жил бүр өвлийн дунд сарын шинийн долоонд Ёнзон хамба ламын Дончид нэг өдөр хурна. Төр гэрэлтийн хорин тавдугаар \1845\ онд засаг Цэрэндорж Шаддублин аймаг байгуулж, Гомбо, Дарь эх жасаа хурал өдөр бүр хурна. Жил бүрийн зуны тэргүүн сард Жанрайсэгийн нүннээарван зургаан өдөр хурна. Зуны цагт сахиус нэг өдөр хурна. Харин өвөл цаг Даншогийн хангал хоёр өдөр хурна. 1868 онд Даржаалин аймгийг байгуулсан.

Олноо өргөгдсөний тэргүүн цагаагчин гахай жил засаг гүн Содномдаржаагийн үед Бизьяагийн аймгийн Дархан цорж лам Лувсандэндэвийн айлдвараар Цанид дацанг байгуулав. Богд хаанаас “Лхүндэв пандалин” нэр хайрлав. Эдгээр дараалан байгуулсан хурал сүмүүд цөм Түнхэл голын адаг Эрэгсэнгомбо уулын өвөрт нутаглана” хэмээн Олноо өргөгдсөний 8-р онд Дотоодыг Бүгд захирах яаманд өргөн мэдүүлсэн тэмдэгт бичиг байна. Тус хийд нь 1937 онд устгагджээ. Энэ хошууны сүүлчийн засаг ноён нь монголын урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Наваан-Юндэн бөлгөө.


Stub icon

Энэ шашны барилга байгууламжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.