Асуудал дэвшүүлсэн найруулал

Асуудал дэвшүүлсэн найруулал Асуудал дэвшүүлсэн найруулал (Проблемный очерк. Background feature). Найрууллын энэ хэлбэр нь нийгмийн аль нэг салбарын хурц, тулгамдсан сэдэв, асуудлыг тусгах объект болгон сонгон авч, түүнийг тал бүрээс нь нягтлан судалж, уран сайхны аргаар боловсруулахын үндсэн дээр шийдвэрлэх арга замыг зааж өгөхөд чиглэгдсэн байдаг. Найрууллын цөм нь шийдвэрлэхийг шаардсан асуудлуудыг агуулсан үйл явдал, үзэгдэл, нөхцөл байдал болох бөгөөд зохиогч түүний хөгжил, хөдөлгөөн, шалтгаан, үр дагаварыг тодорхой логик дарааллын дагуу дүрслэн харуулдаг. Ийм шинжээрээ асуудал дэвшүүлсэн найруулал шинжлэлт бичлэгийн төрлүүд, түүний дотор асуудал дэвшүүлсэн өгүүлэлтэй нэлээд төстэй байдаг. Үүний гол шалтгаан нь асуудлыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх арга, нийтлэлийн өнгө аяс давамгайлах явдалтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, зохиогч асуудал дэвшүүлсэн өгүүлэлд ч, найруулалд ч дэвшүүлэн тавьж буй асуудлын үүсэх шалтгаан, түүний цаашдын хөгжлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлдог. Гэхдээ найруулал олон онцлог шинжээрээ өгүүллээс ялгаатай юм. Асуудал дэвшүүлсэн найруулалд зохиогч тусгаж буй сэдвийг өгүүлэл шиг “нүцгэн байдалд” буюу статистик тоо баримтын зүй тогтол, нэгтгэсэн дүгнэлт, оюун дүгнэлтийн хэлбэрээр өгдөггүй. Харин асуудлыг үйл явдалд оролцож буй бодит хүмүүс даван туулахын төлөө хүчин зүтгэж буй саад бэрхшээл болгон үзүүлж, тэдний хоорондох зөрчил, хүсэл сонирхлын сөргөлдөөнөөр дамжуулан уран сайхны аргаар гаргаж өгдөг. Хүмүүсийн үйл ажиллагаан дахь энэхүү зөрчил, түүний хөгжлийг тал бүрээс нь задлан шинжлэх аргаар дэвшүүлж буй асуудлын мөн чанар, учир утгыг илрүүлдэг. Энэхүү зөрчлийн хөгжил хөдөлгөөн нь нэг талаар, баатруудын, нөгөө талаар, зохиогчийн санаа бодол, сэтгэгдэл, тайлбарын хамт явагддаг. Зохиогч болж байгаа үйл явдлын учир утгыг тайлбарлах явцад зэрэгцүүлэл, харьцуулалт, адилтгал, уянгын халил зэрэг янз бүрийн аргуудыг түгээмэл хэрэглэдэг. Энэ нь асуудал дэвшүүлсэн найруулалд ашиглах бүрэн боломжтой зүйл бол өгүүлэлд ингэх боломжгүй байдаг. Тусгаж байгаа үйл ажиллагааны салбарын талаар сайн мэдэхгүйгээр, түүнийг бүх талаас нь нарийн судалж, асуудлын дотоод мөн чанарт гүнзгий нэвтрэхгүйгээр асуудал дэвшүүлсэн найруулал бичих боломжгүй юм. Асуудал дэвшүүлсэн найруулал нь зохиогчоос тал бүрийн өндөр мэдлэг, амьдралын туршлага, нийгэм, улс төр, эдийн засгийн алив асуудалд онол, практикийн үүднээс гүнзгий дүгнэлт хийж, ул суурьтай хандахын хамт бичлэгийн өндөр ур чадвартай байхыг шаарддаг нэлээд хүндэвтэр хэлбэр мөн. Асуудал дэвшүүлсэн найруулалд хэн нэгэн хүн, хамт олны тухай бичихийг гол болгодоггүй боловч тэдгээрийг нийгмийн чухал асуудлыг дэвшүүлэхдээ объект болгон авч, тэдний үйл ажиллагаа, сэтгэгдэл, үйл хөдлөлөөр нь дамжуулж асуудлын утга санаа, нөлөөлөх хүчин, гадаад дотоод харилцаа холбоог нээн үзүүлэх болно. Манай сэтгүүл зүйд асуудал хөндсэн нийтлэл, нэвтрүүлэг цөөнгүй байдаг боловч дэвшүүлж байгаа асуудлаа найрууллын хэлбэрээр гаргасан даацтай бүтээл нэн ховор юм. Харин ахмад зохиолч, сэтгүүлч Д.Сэнгээгийн “Тэргүүний хоньчдын дэвшүүлэн тавьж байгаа зарим асуудлаас”, зохиолч Д.Гармаагийн “Бор өргөө” зэрэг бүтээл нь мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, уламжлалт аргыг хослон хэрэглэх, хөдөө аж ахуйг механикжуулах замаар малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, өвлийн бэлтгэлийг хангахад шинэ арга технологийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх арга замыг эрж хайсан, бичлэгийн нийтлэл уран сайхны аргыг өндөр төвшинд хосолж чадсан асуудал дэвшүүлсэн найруулал юм.