Аслан Масхадов, 1999 он

Аслан Алиевич Масхадов (* 1951 оны есдүгээр сарын 21-нд ЗСБН Казахстан Улсын Караганда мужийн Шокайд; † 2005 оны гуравдугаар сарын 8-нд Толстой-Юрт, Чечень) улс төрч бөгөөд ерөнхийлөгч байсан юм.

НамтарЗасварлах

Тэрбээр 1972 онд Тбилисийн Артиллерийн дээд сургууль, 1981 онд Ленинград хотын М.Калинины нэрэмжит Цэргийн академийг тус тус дүүргэжээ. Оросын Алс Дорнод болон Унгар (БНУАУ) дараа нь Балтийн тэнгис хавийн цэргийн тойрогт тус тус алба хааж Зөвлөлтийн армийн хурандаа цол хүртэж байсан аж. 1992 онд өөрийн хүсэлтээр Оросын армиас чөлөөлөгдөж Ж.Дудаевын талд хүчин зүтгэж эхэлсэн Чеченийг ОХУ-аас салан тусгаарлах хөдөлгөөнийг (тэмцэл, эцэстээ дайн болсон зохиогч) үүсгэн санаачлагч Жохар Дудаевыг 1996 онд амь үрэгдсэний дараа Аслан Масхадов босогчдыг толгойлж Чеченийн бүх нийтийн сонгуулиар БНУ-ын Ерөнхийлөгч болжээ. Аслан хэт зөөлдөв үү, яав түүний засаглалын үед, Ерөнхийлөгч байх хугацаанд Чеченьд дээрэм тонуул, аллага халдлага гаарч, хүн барьцаалах, хуурамч мөнгө үйлдвэрлэх явдал ихэсч Оросын хамгийн халуун цэг болж дэлхий дахины анхаарлыг аргагүйн эрхэнд татсан юм. өөрийнх нь удирдлагад байсан Шамиль Басаеваас авахуулаад хээрийн цэргийн дарга нар Салман Радуев (Ж.Дудаевын хүргэн) Руслан Гелаев, Арби Бараев, Зелимхан Яндарбиев, Ахмед Закаев, Доку Закаев, Исса Удугов нар өөрсдийн дайчидтайгаа бие даан салж үндсэндээ А.Масхадовт захирагдахаа болив. Асланы үгэнд орохоо байсан Шамиль Басаев өөрийн 100 шахам дайчнаа аваад ОХУ-ын бас нэгэн субъект болох Дагестаны Кизлярт аллага үйлдсэний дараа Москва Аслан Масхадовтай хэд хэдэн удаа хэлэлцээр хийх гэсэн ч үр дүнд хүрээгүйн улмаас харилцаа холбоогоо тасалж алан хядах ажиллагааны эсрэгтэмцэхээр шийджээ. Москвагийн “Тусгай ажиллагаа” эхлэхэд тэрбээр олон зуун дайчныхаа хамт ууланд гарч бүгжээ. 2003 оны Москвагийн Норд-Ост театрт болсон хэрэг явдал, 2004 оны Бесланы дунд сургуулийг барьцаалсан аймшигт хэргүүдийг А.Масхадовын заавраар гүйцэтгэсэн гэж үздэг. үнэндээ энэ нь Шамиль Басаев, Арби Бараев нарын бүлэглэлүүд үйлдсэн нь хожим тодорхой болсон билээ. А.Масхадов нь дайн тулаан хийгээд Салан тусгаарлахын төлөөх тэмцэлдээ энгийн номхон иргэдийг, ялангуяа гэм зэмгүй хүүхэд багачуудыг золиослохыг тэрбээр үзэж чаддаггүй нэгэн байсан гэдэг. Чеченийн хэт радикал үзэлт болон Исламын ваххабистуудтай харьцуулахад Аслан Масхадов маш их дэвшилтэт, шинэчлэгч үзэлтэй удирдагч байсан тухай Орос, өрнөдөд үнэлдэг байна. Хожим нь 2002 оны аравдугаар сарын Норд Остын, 2004 оны Бесланы хэрэг явдлын дараа (урьд нь Дагестаны Кизляр, Первомайск зэрэг) Аслан Москватай хэлэлцээр хийхийг удаа дараа уриалж байсан ч Ерөнхийлөгч В.Путин террористуудтай ярилцахгүй хэмээн хариу барьж түүний улам мухардалд оруулав. 2004 оны намар ОХУ-ын Холбооны цэргийн хүчин, арми, цагдаагийн тусгай тасгуудыг Чеченьд илгээж эхлэхэд босогчдын толгойлогч А.Масхадов Кавказын уул, хадаар гэр орон хийхээс өөр аргагүйд хүрчээ. Оросын тусгайгийнхан Умард Кавказад орж ирээд олон улсын алан хядагчдын томоохон хэд хэдэн баазыг устгаж, террористуудын бүлэглэлд алба хашиж явсан Латви, Эстони, Украин, Албани, Йордан, Сири, Саудын Араб, Ливан, Афган, Ирак, Пакистан, бас болоогүй Алжир, Нигери зэрэг “есөн шидийн” орнуудын хэдэн мянган хөлсний этгээдүүдийг (террористууд) бүгдийг нь устгаж, Арабын хөлсний дайчдаас бүрдсэн “Зэрлэг галуу” хэмээх бүлэглэлийг буулган авчээ. Уг ажиллагаанд армийнхнаас илүүтэй Оросын тусгайгийнхан ялангуяа тус улсын 50 шахам хотоос дайчлагдсан ОМОН-ыхон (цагдаагийн тусгайгийнхан) маш чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Москва Аслан Масхадовын толгойг 300 сая (энэ 12 тэрбум 600 сая төгрөг 12 сая $) рублиэр үнэлж байсан ч ОХУ-ын ХАБА-ны (хуучнаар УАХХ) “Альфа”, “Вымпел” тустай ангиудын дайчдын хүчээр Асланыг төвөггүйхэн устгаж чадсан байна. Кавказын цавчим өндөр уулсын хаа нэгтээ орогнож байсан босогчдын толгойлогчийг эрж хайж, олж илрүүлэх амаргүй байсан ч оросууд олоод л оччихсон юм. Харин түүнийг амьдаар нь олзлох гэсэн нь бүтэлгүйтэв. Тэрбээр дайсандаа баригдаж муугаа үзэхгүйн тулд амиа хорлосон, эсхүл бие хамгаалагчид нь буудсан хэмээн үзэж байна. Харин одоогийн Чеченийн Ерөнхийлөгч Рамзак Кадыров, Масхадовыг амьдаар нь олзлох гэсэн боловч бие хамгаалагчид нь зэвсэгтэй болгоомжгүй харилцсанаас амь насаа алдсан гэж оношилдог. Ямартай ч Москвагийн бас нэгэн заналт дайсан. А.Масхадовыг 2005 оны гуравдугаар сарын 8-нд устгасан нь энэ юм. Чеченийн анхны Ерөнхийлөгч гэгддэг Жохар Дудаевыг 1996 оны дөрөвдүгээр сард гар утасных нь долгионд тааруулж, харвасан тусгай пуужингаар амийг нь егүүтгэсэн бол түүнийг залгамжлагч З.Яндарбиевийг Катарт дүрвээд амьдарч байхад нь машинтай нь дэлбэлжээ. Энэ хэргийг Оросын тусгай албаны хоёр хүн үйлдсэн ч Катарын тал Москвагаас айхдаа чимээгүй өнгөрсөн гэдэг. А.Масхадовын дараа Чеченийн бүх нийтийн сонгуулиар А.Кадыровыг Ерөнхийлөгч болгосон ч 2005 оны тавдугаар сарын есний Грознийд болсон ялалтын баяр, парадын үеэр дэлбэрэлт болж амь насыг нь егүүтгэсэн байна.[1] Энэ мэтчилэн Чеченийн удирдагчид их л богино хугацаанд төрийн эрх барьж байсан ч золгүй байдлаар амь насаа алдаж байсан нь олонтаа.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Аслан Масхадов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах

  1. Кадыров рассказал о ликвидации Масхадова по наводке Басаева. (lenta.ru [abgerufen am 1. November 2017]).