Арвагар хээр
Эрт цагт нэгэн айлын гадаа хэсэг аянчид буужээ. Айлын эхнэр гэртээ ороод хар хvндээ хэлж байна. Энэ баруун голын цаад хөвөөн дэхь аянчдын гадаа алс нь чи бид хоёрыг баярлуулах нэг адуу байна. Наад талын цэнхэр майханд нэг буурал толгойтой өвгөн байна. Тэр л эзэн нь болов уу аягvй бол 4 гүүнээс доош өгөхгүй гэж үнэрхэх байх даа. Тэр гадаа нь уяатай буй хар даагыг өртөг хайрлахгүй худалдаж аваад ир гэжээ. Хархүү хүүхнийхээ ажигч шинжээч байдлыг мэдэх тул аргагүй үгэнд орж аянчны гадаа очоод үзвэл арчаагүй муу атигар хар даага байна гэнэ.
Ингээд хархүү зүүн зүгээс яваа аянчидтай уулзан наймаа хэлэцэв, “Хар даагыг арван унагатай гүүгээр өгнө” гэж vнэрхжээ. Ийм юм авна гэвэл эцэг эх минь уурлана, авахгvй гэвэл эхнэр маань ундууцна хэмээн эргэлзээд буцан ирэн эхнэртээ хэлвэл “4 гүүний мэдэлгvй амьтан уу чи” хэмээн уурлан өөрийн эцэг эхдээ “энэ хар даагыг vнэ хайрлахгүй авч өгөөч ” гэж гуйсанд малч хичээнгvй авхаалж сэргэлэн охиноо нэг учиртай хэлээ биз гэж санаад хэлсэн дор нь авч өгчээ.
Дараа жил нь нөгөө хар шүдлэнгээ наадамд уяж уралдуулсанд түрүүлэн ирж асрын үүдэнд айргаар мялаалган “аравгар хээр” хэмээн цоллуулж ард олонд нэрээ цуурайтуулжээ. Үүнээс хойш долоон хошуу даншиг наадамд тасралтгүй хорь шахам жил түрүүлээд эцэстээ арвагар хээр арга буюу хөгшрөн зөнөжээ.
Тэднийх уламжлалт ёсоор хурдан морьдоо уяж сойход нь арвагар хээр нь уяан дээрээ өөрөө ирж зогсоод явдаггvй байжээ. Гэтэл эзэн нь “зөнөг хээр яах нь вэ” гэж хичнээн хөөвч хангинатал янцгааж торомгор хар нvднээсээ нулимс бөмбөрүүлэн байсанд “заяа нь гомдоно хөтлөөд яв ” гэж эхнэр нь хэлжээ.
Аравгар хээрийг ногтлон хөтлөөд наадамд очиж их насны морьдын уралдаанд давхиулжээ. Морь уралдан давхихад өвгөн хээр хамгийн түрүүнд явж гэнэ. Гэтэл ноёны нэг морь хойноос нь гүйцэн зөв талд нь зуузай холбож явснаа яг барианд орохын даваанд гэнэт түрүүлэн гарахад түүний сүүлний угыг нь аравгар хээр хазаж аваад дороо үсрэн ойчсон гэдэг.
Наадамчдын цуглан ирэхийн сацуу эзэн хүүхэн нүднийхээ нулимсыг мэлмэрүүлэн толгойг нь түшэхэд аравгар хээр дахин нэг өндийн янцгаагаад амьсгаагаа хураажээ.
Наадамчин олны хүсэлтээр түрүүлсэн морины бай шагналыг аравгар хээр моринд эцсийн удаа олгон эзэн хүүхэнд нь гардуулжээ. Тэр хүүхэн нөхөртэйгээ хоёул аравгар хээр мориныхоо молор эрдэнийг анх удаа наадамд түрүүлсэн шар талын дундахь нэгэн толгойн энгэрт аваачин оршуулжээ.
Үүнээс хойш уг талыг аравгар хээрийн тал гэх болж нэр нь сунжирч хувирсаар Арвай хээрийн тал гэх болж дээ.