Амьдрал нулимсанд дургүй

Амьдрал нулимсанд дургүй (Орос: Москва слезам не верит) бол зөвлөлт, оросын нэрт кино найруулагч Владимир Валентинович Меньшовын 1979 онд бүтээж 1980 онд Москва хотын "Звёздный" кинотеатрт нээлтээ хийсэн Зөвлөлтийн кино юм. Энэхүү кино нь 1981 онд шилдэг гадаадын кино гэсэн ангилалд Оскарын шагнал хүртжээ. Мөн 1981 онд ЗХУ-ын төрийн шагнал авсан байна.

Амьдрал нулимсанд дургүй
Найруулагч:Владимир Меньшов
Зохиол:Валентин Черных
Дүрүүдэд:
Хөгжмийн
зохиолч:
Сергей Никитин
Зураглаач:Игорь Слабневич
Эвлүүлэгч:Елена Михайлова
Нээлт:1980 он
Хугацаа:140 минут
Улс: Зөвлөлт Холбоот Улс
Хэл:орос

Киноны үйл явдал

засварлах

Сайн найзууд болох Катерина, Людмила, Антонина гэх дөнгөж 20 гарсан, тосгоноос гаралтай гурван бүсгүй нийслэл Москва хотод ажилчдын дотуур байрны нэг өрөөнд амьдарч эхэлсэн үе буюу 1958 оноос 1978 оныг хүртэлх тэдний амьдралын түүхийг, хоёр хэсгээс бүрдэх тус кинонд дүрслэн үзүүлжээ. Людмила хоёр найздаа нийслэлээс чинээлэг, нэр хүндтэй дипломат, эрдэмтэн хүн олж суух хэрэгтэй гэж итгүүлэхийг хичээнэ. "Амьдрал бол сугалаа" гэж тэр үүнийгээ тодорхойлно.

 
В.Меньшов, В.Алентова нар.

Дээд мэргэжилтэй болохын тулд оройн цагаар суралцдаг Катерина өдрийн цагаар үйлдвэрийн суурь машин дээр ажиллана.

Катерина амралтаараа профессор авгынхаа байрыг нэг сар харах үүрэгтэй болно. Эрдэмтэн авга ах нь Сталины өндрүүд хэмээн нэрлэгдэх Москвагийн өндөр цамхаг сууцанд амьдрах бөгөөд гэр нь ч бас чинээлэг айлд орох. Людмила үүнийг боломж гэж харан хамтдаа тэр байранд орох ба орсон даруйдаа л өөрийн танил өндөр боловсролтой гэсэн бүхнийг урин тэнд үдэшлэг зохионо. Өөрөө профессорын том охин, харин Катеринаг төрсөн дүүгээ гэж танилцуулна. Людмилагийн энэ төлөвлөгөө хүслээр нь болж алдарт хоккейчин Гуринтэй танилцдаг. Катерина ч бас энэ орой нэгэн залуутай танилцсан нь дөнгөж бий болоод байсан телевизэд ажилладаг Рачков (Рудольф) байв. Жирийн нэгэн зураглаачийн мэргэжилтэй Рачков Катеринаг телевизийн бичлэгт авч орсонд сэтгэл нь ихэд татагджээ. Гэвч Катерина профессорын охин гэж худлаа хэлсэндээ санаа зовох хэдий ч Людмилагаас болоод үнэнээ хэлэхээ хойшлуулав. Харин Рачков түүнийг үйлдвэрийн энгийн ажилчин эмэгтэй гэдгийг санамсаргүй олж мэдсэн нь түүнээс жирэмсэн болсон Катеринаг өөрөөсөө холдуулах шалтаг болгожээ.

Антонина Николайтайгаа гэрлэж, Людмила Гуринд худал хэлснээ хүлээн зөвшөөртөл Гурин харин профессорын охин биш байсанд баярласны учир нь түүнд Людмилатай суухыг профессор эцэг нь зөвшөөрөхгүй байсан гэх айдастай байснаа учирладаг.

Ганцхан Катерина нөхөртэй болж чадалгүй жирэмсэн хоцорно. Хүүхдээ авахуулах гэтэл хэдийн хугацаа хожимдсон ба удалгүй охин төрүүлэн Александра гэх нэр өгчээ. Өрх толгойлсон эх хүний хувьд тэрбээр их сургуульд орохоо гол зорилгоо болгож орой бүр тавиландаа гомдож дэрээ тэвэрч уйлж нэгдүгээр хэсэг өндөрлөнө.

Киноны хоёрдугаар хэсэгт хорин жилийн дараах үйл явдал өрнөнө. Катерина энэ хооронд 3000 ажилчинтай үйлдвэрийн захирал болсноор барахгүй Москвагийн Хотын Зөвлөлийн төлөөлөгч болжээ. Түүний охин Александра их сургуулийн оюутан болж, харин Катерина өөрөө эхнэртэй Володягийн нууц амраг болсон байв.

Людмилагийн амьдрал түүний хүслээр болсонгүй, энэ хооронд архичин болсон Гуринээс салжээ. Түүний салсан нөхөр Гурин урьд нь огт уудаггүй тамирчин байсан бол энэ хооронд архичин болсны дээр байнга л Людмила дээр ирж "шар тайлах" мөнгө нэхэн, хэрүүл үүсгэх. Людмила хувцас цэвэрлэгээний газар ажиллах бөгөөд мөрөөдлийнхөө залуутай нэг л өдөр учирна гэдэгтээ бат итгэдэг хэвээрээ.

Антонина л хүссэн энгийн амьдралаараа амьдарч, гурван хүүхдийн ээж болон амралтын өдрүүдээрээ хадмуудаас нь өвлөж үлдсэн зуслангийн байшиндаа гэр бүлээрээ очиж өнгөрөөх ба энэ үеэрээ хоёр найз бүсгүйгээ авч бас явна.

Катерина зуслангаас цахилгаан галт тэргээр буцах замдаа нэгэн эртэй санаандгүй танилцана. Ганц бие Гошад Катерина таалагдаж, сүүлдээ Катерина ч ийм эр хүн олон жил хайж байснаа ухаарна. Гоша бол өөртөө итгэлтэй, дур булаам нэгэн боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажлын байр суурийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой тул Катерина дарга гэдгээ нуухаар шийднэ. Тэд хоорондоо хайр сэтгэлтэй болж, Катерина одоо л аз жаргалтайгаа учирлаа гэтэл түүний ажлаа нуусан байсан нь илэрч асуудалд үүсэх нь тэр. Гайтай юм шиг яг энэ үеэр нь хорин жилийн өмнө орхиод одсон охиных нь эцэг Рачков охинтойгоо уулзаж, харахыг шаардана. Рачков нэг өдөр гэрт нь урьдчилж хэлэлгүй ирэх үеэр Катеринагийн үйлдвэрийн захирал гэдгийг Гоша мэдээд гараад явчихдаг. Рачков түүний амьдралд ахиад л гай боллоо, одоо Гоша хэзээ ч эргэж ирэхгүй хэмээн Катерина халаглан уйлах.

Долоо хоног хүлээн цөхөрч гүйцсэн Катерина дээр түүний найзууд болох Людмила, Антонина, Николай нар ирээд уйлж суух түүнд хандан: Москва нулимсанд итгэдэггүй, ямар нэг зүйл хийх ёстой гэцгээнэ. Николай алга болсон Гошаг хайж олоод аргадаж гуйн, хэлэлцэж ятгасаар эцэст нь Катерина дээр авчирч чадсанаар кино төгсдөг.

Киноны нэрийн утга

засварлах

"Москва слезам не верит" гэдэг нь "Москва нулимсанд итгэдэггүй" гэсэн үг. Энэ хэлц болсон үг аль эртнээс буюу Алтан Орд улсын үед оросуудаас татвар хураадаг байхад гарсан байна. Татварыг бууруулж өгөөч гэж Москвагийн оросууд уйлж дуулаад ч нэмэргүй, татвар бол татвар гээд өчиггүй хураадаг байсан хүнд үеэс гаралтай үг ажээ.

Кино бүтсэн түүх

засварлах

Эхний кино зохиолын нэр нь "Хоёр удаа худал хэлсэн нь" (орос. Дважды солгавшая) гэсэн нэртэйгээр эхлэх ба кино зохиолч Валентин Черных Москва хотын тухай сэдэв бүхий нэгэн уралдаанд оролцохын тулд арван ес хоногт бичсэн байна. Зохиолыг өөрийнхөө бичиж дуусгаагүй байсан номоосоо сэдэвлэн бичжээ. Катерина, Александра, Людмила нарын дүрүүд нь гэр бүлийнх нь гишүүд, харин Гоша бол зохиолч яг өөрийгөө дүрслэн бичсэн гэж түүний эхнэр нь хэлсэн байдаг. Тус уралдаанд энэ зохиол нь гурав дугаар байрт шалгарсан хэдий ч нэг, хоёр дугаар байрт шалгарсан бүтээл байдаггүй байна.[1] "Кино урлаг" (орос. Искусство кино) сэтгүүлд нийтлэгдсэн уг кино зохиолыг оросын алдарт кино компани Мосфильм олж үзэн, худалдан авчээ. Кино найруулагчдын талаас сонирхсон хүн олдохгүй байсаар эцэст нь Ян Фридээр дамжин Владимир Меньшовт очсон байна.[2]

  • 1980 он: Зөвлөлтийн дэлгэц (орос. Советский экран) сэтгүүлээс оны шилдэг киногоор шалгарсан[3]
  • 1980 он: Берлиний Кино Наадмын Алтан Баавгай шагналд нэр дэвшсэн
  • 1981 он: Шилдэг гадаадын кино гэсэн ангилалд Оскарын шагнал хүртсэн
  • 1981 он: ЗХУ-ын Төрийн шагналыг Владимир Меньшов, Саид Меняльщиков, Вера Алентова, Ирина Муравьёва, Раиса Рязанова, Алексей Баталов нар хүртсэн
  • 2009 он: MTV Россия хөгжмийн сувгаас Зөвлөлтийн шилдэг кино шагнал[4]

Цахим холбоос

засварлах

Эх сурвалж

засварлах