Амгаагийн Лувсандэндэв

Амгаагийн Лувсандэндэв (1927 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт төрсөн- 1997 онд нас барсан)- Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн (1996 он) цол хүртсэн, хэлбичгийн ухааны доктор, профессор.


1953 онд Ленинградын Их Сургуулийн Дорно дахины салбарыг түрэг хэл судлаач мэргэжлээр төгссөн. Мөн оноос ШУХүрээлэнгийн Хэлбичгийн кабинетэд эрдэм шинжилгээний ажилтан болж, 1954 онд “Наймдугаар үндсэн тийн ялгал” хэмээх анхны өгүүллээ хэвлүүлжээ. “Монгол үгийн бүтэц” 1960, “Орос-Монгол толь” 1969, “Хэл бичгийн ухааны зарим асуудал” 1982, “Орос-Монгол толь” 1982, “Хилэнгийн гал” роман 1982, зэрэг томоохон бүтээлүүд хэвлүүлж байжээ.

1970 онд Хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1974 онд профессор цол, 1980 онд БНАГУ-д хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хүртсэн. 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн болсон.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Лувсандэндэв академич 1957 онд хэвлэгдсэн "Монгол-Орос толь"-ийн ерөнхий редактороор ажилласан бөгөөд уг толь бичгийг тухайн үеийн намын төв хороо 40 мянгатын барилгыг ашиглалтад оруулсантай дүйцэхүйц бүтээл туурвилаа хэмээн дүгнэсэн байдаг. Мөн 1982 онд 50 мянган үгтэй "Орос-Монгол" толь бичгийг Ц.Дамдинсүрэн академичтай хамтран гаргахад нь Ю.Цэдэнбал дарга бүтээлийг нь Орос, Монголын хооронд төмөр зам байгуулсантай тэнцэхээр оюуны төмөр замыг барив гэж үнэлж байжээ.

Дурсгал

засварлах

2017 оны 11-р сард Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, академич Амгаагийн Лувсандэндэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Монгол толь бичгийн уламжлал, шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон. Уг хуралд манай улсын эрдэмтэн, судлаачдаас гадна Оливер Корфф /ХБНГУ/, И Сон Гю /БНСУ/, Л.Б.Бадмаева, Г.А.Дырхеева, Е.Б.Сундуева /ОХУ/, Насан-Урт, Сүмбэрбат /БНХАУ/ зэрэг гадаад улс орны доктор, профессор, эрдэмтэд илтгэл тавьжээ.