Алтангэрэлийн Балдангомбо

Овог, нэр: Алтангэрэл БАЛДАНГОМБО

Боловсрол: Эрх зүйн бакалавр, эрхзүйч

Төгссөн сургууль: Шихихутуг Их сургууль

Ажил, мэргэжил: Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтан

Товч танилцуулга:

Олон хүүхэдтэй айлын бага хүү тэрээр хожуу өөрийнхөө бэлгийн чиг баримжааг хүлээн зөвшөөрсөн нь 2002 он байв. Тухайн үед бэлгийн чиг баримжааны тухай сэдэв нийгэмд яригддаггүй сэдэв байсан бөгөөд нуугдмал байдалтай байв. Өсвөр насандаа ижил хүйсийн хүнд татагддаг гэдгээ олж мэдсэнээс хойш байнгын өөрөөсөө асуух асуултдаа хариулт хайж явсаар нэлээн хатуу дэг жаягтай шашны урсгалын гишүүн болж 1996 оноос 2002 он хүртэл идэвхтэй явжээ. Тэрээр тухайн шашны урсгалын талаар хожим нийтэд дэлгэж ярилцлага өгч байсан бөгөөд өөрийнхөө амьдралын хамгийн харанхуй үе байсан гэж ярилцлагадаа дурдсан нь бий.

А.Балдангомбо 2002 оноос Шихихутуг их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн бөгөөд тус сургуулийн оюутан байхдаа Хүний эрхийн Үндэсний Комиссоос сайн дурын ажлын зар тавьсан байсныг ангийнхаа найзаас олж мэдэн, хамтдаа нэг зуны турш ажилласан нь түүний хүний эрхийн активист болох суурь болжээ.

Шихихутуг Их сургуулийг 2006 онд төгсөж, эрхзүйч мэргэжилтэй болсноор ажлын гараагаа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албанд Хөдөлмөр хамгаалал, хуулийн албаны мэргэжилтнээр орж 2007-2009 онд хооронд ажилласан.

Ингээд 2009 оны 10 дугаар сард ЛГБТ төвийн үүсгэн байгуулагчидтай танилцаж, ЛГБТ Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах саналыг хүлээн авч 2011 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ЛГБТ төвийн гүйцэтгэх багт Эрх зүйн хөтөлбөрийн менежерээр ажиллаж эхэлсэн нь бэлгийн цөөнхийн эрхийн асуудлаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл, ойлголт өгөх, ЛГБТИК+ хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь болон эрхийг нь хамгаалах үйлсэд тууштай ажиллаж эхэлжээ.

Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:

А.Балдангомбо нь бэлгийн чиг баримжааны тухай ойлголтыг олон нийтэд таниулах, зөвөөр ойлгуулах, тэдний эрхийн төлөө өнөөг хүртэл тэмцэж байна. Тэрээр үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, хууль, шүүхийн өмнө эрх тэгш нийгмийг бүтээхийн төлөө тууштай хүчин зүтгэсний үр дүнд бэлгийн чиг баримжааны тухай зарим хүмүүсийн мэдлэг ойлголт эерэг, нааштай болж эхэлсэн. Тэрээр одоо ч бэлгийн цөөнх, хүний эрхийн асуудлаар нийгэмд дуу хоолойгоо өргөн тэмцсээр яваа, хүний эрх хамгаалагч юм. Түүний ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хамгаалахад оруулсан хамгийн үнэтэй хувь нэмэр нь хүний эрхийн зөрчил бүрийг баримтжуулах, баримтжуулсан хүний эрхийн зөрчил бүрийг Хүний эрхийн Үндэсний болон олон улсын байгууллагуудад мэдээлж, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмд Иргэний байгууллагуудтай хамтран илтгэл бичсэн байна.[1]

2012 онд ЛГБТ Төв Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар “Монгол Улс дахь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдал” сэдэвт судалгааг гүйцэтгэх багт ажиллаж хүний эрхийн зөрчлийн баримтжуулалт, тоон судалгааны дата цуглуулах ажлыг нэг бүрчлэн гүйцэтгэсэн Монгол Улсад ЛГБТ хүмүүсийг хамгаалахад чухал өөрчлөлт авчрах эхлэлийг тавилцсан юм.

2013 онд хамтран зүтгэгчидтэй нийлж Чингис хаан зочид буудалд “Бахархлын 7 хоног-Монголд” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байдаг. Түүнээс хойш жил бүр Монгол Улсад “Тэгш эрхийн төлөө” алхалт зохион байгуулж байгаа билээ. 

Дараагийн нэг чухал нөлөөллийн ажил нь Эрүүгийн хуульд үзэн ядах гэмт явдлыг гэмт хэрэгт тооцуулах чухал ажил байсан бөгөөд 2017 онд УИХ-аас батлагдсан Эрүүгийн хуульд “Ялгаварлан гадуурхах” гэмт хэргийг багтаасан нь Монгол Улс анх удаа Эрүүгийн хуулиар ЛГБТИК+ хүмүүсээ хамгаалсан түүхэн үйл явдал болсон билээ.

Гэсэн хэдий ч түүний эр зоригийг мохоох явдал үргэлж тохиолдож байсан бөгөөд хамгийн хэцүү үйл явдал нь 2018 оны 08 дугаар сард тохиолдсон аж. Түүний зохион байгуулсан “Тэгш эрхийн төлөө” алхалтын дараа үл таних хүмүүс түүнийг “Бага насны хүүхэд хүчиндсэн” хэмээн гүтгэж цагдаад өгсөн ба Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын үүдэнд “Ална, тална” гэж дайрч, довтолсон байдаг. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч хүнд гэмт хэрэгт гүтгэсэн этгээдэд цагдаагийн байгууллага огтоос хариуцлага тооцолгүй хэргийг замхруулсан аж. Энэ мэт асуудлыг хөнгөхөн даван туулж байсан ч тэр сэтгэлзүйн асуудлаа даван туулж чадалгүй ЛГБТ Төвийн ажлаа хүлээлгэн өгч, хэсэг чимээгүй нам гүм амьдарч ирсэн билээ.

Бэлгийн чиг баримжаагаа илэрхийлэх нь хэзээд амаргүй байдаг ч А.Балдангомбо гей гэдгээ хэзээ ч бусдаас нууж байсангүй. ЛГБТ Төвд ажиллаж эхэлсэн цагаас эхлэн нээлттэй амьдрахын зэрэгцээ хувийн амьдралын хувьд хань ижилтэйгээ 16 жил хамт амьдарч буй. Одоо тэрээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтэст Хүний эрх хамгаалагчийн хороо хариуцсан ажилтнаар ажиллаж буй хүний эрх хамгаалагч юм.


Хэвлүүлсэн бүтээл, ярилцлага, цахим хаяг:

Эх сурвалж:

https://www.youtube.com/watch?v=ZTEbd6_lOMo&list=PLAGYFTbRlgDYU_drSxSC8j7ucCdghYQ4m&index=3

https://www.youtube.com/watch?v=Omnzsn5k7fk&list=PLAGYFTbRlgDYU_drSxSC8j7ucCdghYQ4m&index=11

https://www.youtube.com/watch?v=zy5Akcwwpag

http://www.shuud.mn/a/516765

www.asu.mn

https://www.youtube.com/watch?v=YTZgHJLjs0o

https://www.facebook.com/watch/?v=635599966914419

https://www.youtube.com/watch?v=u3wirjkPF90

https://www.facebook.com/watch/?v=2309927935962585