Сэр Александр Чэпмэн Фергюсон (Англи: Sir Alexander Chapman Ferguson, 1941 оны 12 дугаар сарын 31-нд Шотландын Глазгоу хотын Гован дүүрэгт төрсөн), түүнийг Алекс Фергюсон гэх нэрээр олон нийт илүү мэддэг. Шотландын хөлбөмбөгчин, хөлбөмбөгийн алдартай дасгалжуулагч юм.

Сэр Алекс Фергюсон

1986-2013 онд Английн хөлбөмөгийн «Манчестер Юнайтед» багийн ахлах дасгалжуулагч байсан. Британийн болон дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгийн дасгалжуулагч юм.

Фергюсон анх Шотландын «Ист Стерлингшир», «Сент-Миррен» клубийг, хожим «Абердин» багийг дасгалжуулж өндөр амжилтад хүрсэн. Тэрбээр хэсэг хугацаанд Шотландын Үндэсний шигшээ багийг Жок Стейнийг нас барсны дараа дасгалжуулж байгаад 1986 оны 11 дүгээр сард «Манчестер Юнайтед» багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон байна.

Фергюсон "Манчестер Юнайтед"-ыг 26 жил удирдсан бөгөөд энэ хугацаанд Премьер лигт 13, Аваргуудын лигт 2 ялалт байгуулснаар дээд амжилт тогтоосон юм. Фергюсоны удирдлага дор Юнайтед 100 жилийн түүхээсээ илүү олон цом хүртсэн байна.

1999 онд Их Британийн хатан хаан II Элизабет Фергюсоныг "Загалмайтан" цолоор шагнасан. 2002 онд түүнийг Английн хөлбөмбөгийн алдрын танхимд бүртгэжээ. Мөн тэрбээр Абердин хөлбөмбөгийн клубийн ахлах дасгалжуулагчаар амжилттай ажилласан тул Абердин хотын хүндэт иргэн болжээ.

Бага идэр нас засварлах

Усан онгоцны үйлдвэрлэгчийн туслах Александр Битон Фергюсон, түүний эхнэр Элизабет Фергюсон (гэрлэхээс өмнөх овог нь Хэрди) нарын гэр бүлд ууган хүү болж төрсөн. Алекс Фергюсон 1941 оны 12 дугаар сарын 31-нд Гован дүүргийн Шилдхолл замд байрлах эмээгийнхээ гэрт төрсөн бөгөөд "Гован Роуд 667 тоот" (одоо устгагдсан) байрандаа эцэг эх, дүү Мартин нартайгаа хамт амьдардаг байжээ.

Фергюсон анх сонирхогчийн "Квинс Парк" багт 31 тоглолтод оролцохдоо 20 гоол оруулсан боловч түүнийг клубийн үндсэн бүрэлдэхүүнд тогтмол оруулдаггүй байсан тул 1960 онд Сент-Жонстон баг руу шилжихээр шийджээ. Тэрбээр шинэ клубтээ тогтмол гоол оруулсаар байсан ч үндсэн тоглогч болгохгүй байсан тул өөр клубт шилжихийг байнга шаарддаг байжээ. Тэр ч байтугай Канад руу цагаачлах тухай ч бодож байжээ. Харин Сент-Жонстон багт Фергюсоныг орлох довтлогч байхгүй байсан тул Алекс Рейнжерстэй хийсэн тоглолтод орж хет-трик хийж, багтаа ялалт авчирсан байна. Дараа зун (1964) нь тэрбээр Данфермлайн Атлетик руу нүүж, мэргэжлийн хөлбөмбөгчин болсон байна.

1970 оны аравдугаар сард Английн “Ноттинхэм Форест” Фергюсоныг авахыг хүссэн ч эхнэр нь Шотландаас Англи руу нүүхийг хүсээгүй тул тэр нүүгээгүй байна. Үүний оронд Фергюсон Фолкирк клубт шилжиж хэсэг хугацаанд тоглогч-дасгалжуулагчаар ажилласан ба Жон Прентисе клубт ирснээр Фергюсон дасгалжуулагчийн үүргээ хүлээлгэж өгчээ. Дараа нь тэрбээр Эйр Юнайтед руу шилжиж, 1974 онд хөлбөмбөгийн карьераа дуусгасан байна.

Дасгалжуулагч засварлах

1974 оны зургадугаар сард 32 настай Фергюсон "Ист Стирлингшир" багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Түүнд долоо хоногт 40 фунт стерлингийн цалинтай цагийн ажил санал болгосон байдаг. Фергюсоныг клубт ирэх үед багт нэг ч хаалгач байгаагүй. Фергюсон тэр даруй багтаа сахилга бат тогтоож эхэлсэн. Тухайлбал, тус багийн довтлогч Бобби Маккалли “Өмнө нь хэнээс ч айж байгаагүй, харин Фергюсон анхнаасаа л аймшигтай золиг байсан” гэж дурссан. Гэсэн хэдий ч тоглогчид Фергюсоны тактикийн шийдвэрийнх нь төлөө хүндэтгэж, багийн тоглолт мэдэгдэхүйц сайжирсан байна.

 
Сэр Алекс Фергюсоны Олд Траффорд дахь хөшөө.

4 сарын дараа Фергюсон 1974-1978 онд Сент Миррен багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан бөгөөд энэ хугацаанд баг нь Шотландын хөлбөмбөгийн лигийн 2-р дивизионы доод хэсгээс 1977 онд нэгдүгээр дивизионд аварга болох хүртлээ тоглолт бүрд дунджаар 1000 орчим үзэгчтэй байжээ. Фергюсон энэ багийн тоглогчдын авьяасыг нээж амжилт олсон байна.

Манчестер Юнайтед засварлах

Алекс Фергюсон 1986 оны арваннэгдүгээр сарын 6-нд Манчестер Юнайтедын дасгалжуулагчаар томилогдов. Тэрбээр багт ирснийхээ дараа Норман Уайтсайд, Пол Мак Грат, Брайан Робсон зэрэг хэд хэдэн шилдэг тоглогчид архинд хэт донтсон, тоглогчдын бие бялдрын түвшинд "сэтгэл дундуур" байсанд санаа их зовж байв. Түүний клуб дэх хамгийн чухал зүйл бол сахилга бат байв. Фергюсон клубт ирэх үед Юнайтед лигтээ 21-д (доороос 2-т) байсан бол улирлын төгсгөлд 11-д бичигдэж байв.

2011 оны 5-р сарын 14-нд Манчестер Юнайтед Ливерпүүлийг хожсоноор Английн 19 дэх түрүүгээ хүртэж, улсынхаа аварга шалгаруулах тэмцээний дээд амжилтын эзэн болсон. 2011 оны 8-р сарын 7-нд Юнайтед Манчестер Ситиг 3:2-оор хожсоны дараа Фергюсон дахин Супер цомын эзэн болов. 2012/13 оны улиралд Юнайтед Премьер лигт түрүүлснээр түүхэндээ 20 дахь удаагаа Английн аварга болсон. Энэ нь Фергюсоны хувьд Премьер лигт 13 дахь ялалтаа авсан үйл явдал юм. 2013 оны 5-р сарын 8-нд Сэр Алекс Фергюсон улирлын төгсгөлд ахлах дасгалжуулагчийн ажлаа өгөх шийдвэрээ зарлав. Улирлын төгсгөлд Фергюсон 11 дэх удаагаа Премьер лигийн оны шилдэг дасгалжуулагчаар тодорсон байна.

Хувийн амьдрал засварлах

Алекс Фергюсон эхнэр, хатагтай Кэти Фергюсоны хамт Чешир мужийн Вилмслоу хотод амьдардаг. Тэд Алексийн төлөөлөгч байсан үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтын үеэр уулзаж танилцсан байна. Тэд 1966 онд гэрлэж, Марк (1968 онд төрсөн), ихрүүд Даррен, Жейсон (1972 онд төрсөн) гэсэн гурван хүүтэй болсон бөгөөд сурталчилгааны компанийн ажил эрхэлдэг байна. 1998 онд Алекс Фергюсон Хөдөлмөрийн намд (Лейборист) хамгийн их хандив өргөсөн хүмүүсийн жагсаалтад орсон. 2018 оны тавдугаар сарын 5-нд Алекс Фергюсон тархины цус алдалтын улмаас яаралтай хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болж, тавдугаар сарын 9-нд эрчимт эмнэлгээс гарчээ.