Александр Романович Беляев
Александр Романович Беляев (1884 оны 3 дугаар сарын 4-нд Оросын Смоленск хотод төрсөн -1942 оны 1 дүгээр срын 6-нд нас барсан)- оросын болон зөвлөлтийн зөгнөлт-зохиолч, сэтгүүлч, хуульч. Зөвлөлтийн зөгнөлч уран зохиолын үүсгэн байгуулагчдын нэг юм.
Намтар
засварлахТүүний эцэг нь Роман Петрович Беляев гэж Смоленскийн Үнэн алдартны сүмийн лам, эх нь гэрийн эзэгтэй Наталья Фёдоровна байжээ.
Тэрээр 1901 онд Смоленскийн шашны сургуулийг төгсжээ. Гэхдээ тэр шашны номлогч болохыг хүссэнгүй, тиймээс 1902 онд Ярославль дахь Демидовын лицейд орж суралцсан байна. Эцгийгээ 1905 онд нас барсны дараа тэр зураг зурж, хийл тоглож, гэрээр хичээл заах зэргээр амь зуухад хүрчээ. Лицейгээ дүүргээд тэрээр муугүй хуульч болсон бөгөөд өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болоод авчээ. Александр Беляев "Смоленский вестник" сонинтой гэрээлж 1906 онд анхны өгүүллэгүүдээ нийтлүүлж, 1911 оноос хамтын ажиллагаа байнгын болжээ. Ажил хэрэг нь өөдрөг байж тэрээр байнга гадаадад явдаг болов. 1913—1915 онд Беляев сонины редакцийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Гэхдээ 1914 онд тэрээр бүх зүйлээ орхиод зохиол бүтээл туурвихад өөрийгөө зориулсан юм.
Тэрээр 35 настай байхдаа хүндээр өвдөж (нуруу нугасны сүрьеэ) зургаан жилийг хэвтэрт өнгөрөөсний гурван жилд нь гипстэй байжээ. Гэвч тэр өвчнөө илааршуулж, эрүүл саруул амьдралд эргэн орж чадсан билээ. Эхлээд тэрээр Ялтад амьдарч, хүмүүжүүлэгч багш, эрүүгийн цагдаагийн хянан шалгагчийн ажил хийж байгаад дараа нь Москва руу нүүж ирээд дахин хууль зүйн ажил мэргэжлээрээ ажиллан бичих туурвих ажлаа үргэлжлүүлжээ. 1920-онд түүний алдартай «Сөнөсөн хөлгүүдийн арал», «Газар уснаа явагч хүн» бичигдсэн байдаг. 1928 онд тэрээр дахин нүүдэл суудал хийж энэ удаа Ленинградад суурьшсан бөгөөд уранзохиолын бүтээл туурвилын ажилдаа бүрмөсөн умбан орсон билээ. Хүний сэтгэл зүйн тогтцын онцлог, үйл хөдлөлийн асуудлыг сонирхох болсноор тэр «Эрдэмтэн Доуэлийн толгой», «Ертөнцийг эрхшээгч», «Нүүрээ гээсэн хүн», "Агаар худалдагч", "Ариэль", "Мөнхийн талх" зэрэг романуудаа бичсэн юм.
А.Беляев нийтдээ хорь гаруй зөгнөлт тууж, роман, хэдэн арван өгүүллэг, эсээ, найруулага, шүүмж, өгүүллэг, найруулал, жүжгийн зохиол, нийтлэлийн бүтээл бичиж туурвисан юм.
Александр Беляев 1942 оны 1 дүгээр сарын 6-нд өлсөөд хөлдөж нас нөгчжээ. Түүний шарилыг оршуулсан газар тодорхойгүй.