Александр Лукашенко

Алекса́ндр Григо́рьевич Лукаше́нко (белар. Аляксандр Рыгоравіч Лукашэнка, Орос: Александр Григорьевич Лукашенко, 1954 оны 8 сарын 30-нд ЗСБН Белорус Улсын Витебск мужийн Копысь тосгонд төрсөн) нь Беларусь улсын улс төрийн зүтгэлтэн. 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөө хүртэл Беларусийн Ерөнхийлөгч болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. 2001, 2006, 2010, 2015, 2020 онуудад дахин сонгогдож ирсэн бөгөөд иргэд өрсөлдөгчгүй бөгөөд сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байсан.

Беларусь болон орос хэлтэй орнуудад «батька» буюу "эцэг" гэдэг хочтой.

А.Лукашенко эцэггүй өссөн бөгөөд эх Екатерина Трофимовна Лукашенко (1924-2015) Аугаа эх орны дайны өмнө Могилев мужийн Копыся хотоос 3 км зайд орших Шклов дүүргийн Александрия тосгонд амьдарч байсан бөгөөд дайны дараа Оршагийн сүлжмэлийн үйлдвэрт ажилд орсон байна. Тэрээр хүү Александрыг төрүүлээд тосгон руугаа эргэж ирээд фермд саальчин байжээ.

А.Лукашенко эцэггүй өссөн тул хүнд хүүхэд байсан бөгөөд цагдаагийн бүртгэлд орж байсан байна.

1975 онд тэрээр Могилевын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетийг "түүх, нийгмийн ухааны багш" мэргэжлээр, 1985 онд ЗХУ-ын Могилёв мужийн Горки хот дахь Беларусийн хөдөө аж ахуйн академийн эдийн засгийн факультетийг "хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулагч-эдийн засагч" мэрэгжлээр эчнээгээр төгссөн байна.

1975-1977 онд "Брест" хилийн боомтод ЗХУ-ын Хилийн цэрэгт алба хаасан.

1979 онд ЗХУ-ын Коммунист намын гишүүнээр элссэн. 1980-1982 онуудад танкийн ротын командлагчийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж байжээ. 1982 онд Шклов дүүргийн Ударник хамтралын орлогч дарга, дараа жил нь Шклов дахь барилгын материалын комбинатын орлогч захирлаар томилогдож, 1985-1987 онуудад Лениний нэрэмжит хамтралын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1987 оны 3 дугаар сард тэрээр Могилев мужийн Шклов дүүргийн "Городец" совхозын захирал болсон бөгөөд 1988 оны 1 дүгээр сараас Могилев мужид анх удаа тариалангийн талбай дээр түрээсийн гэрээ байгуулан нэвтрүүлж байжээ.

Ерөнхийлөгч

засварлах

1994 онд нэр дэвшигч Лукашенкогийн сонгуулийн кампанит ажлын хэсэгт залуу улстөрчид орж ажиллаж байв. Үүнд: В.Гончар, В.Цепкало, А.Федута, В.Терещенко, И.Титенков, А.Лебедько, В.Шейман нар юм. Гэсэн хэдий ч Лукашенко сонгогдсоны дараа амласнаасаа эрс өөр бодлого хэрэгжүүлж эхэлсэн тул түүний багийн олон гишүүд залуу ерөнхийлөгчийн засаглалын хэв маяг, 1995, 1996 оны бүх нийтийн санал асуулга, Оростой интеграцчиллын үр дүнд сэтгэл дундуур эсэргүүцэлтэй тулгарч түүнээс салсан. 2008 оны эхээр Беларусийн эрх мэдлийн дээд хүрээнд зөвхөн В.Шейман л үлдсэн байна.

2020 оны Беларусийн зургаа дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр А.Лукашенко өрсөлдөгчөө устгах идэвхтэй алхамуудыг эхлүүлэв. Тус улсын хууль сахиулах байгууллагууд сөрөг хүчнийхэнд эрүүгийн хэрэг үүсгэж, одоогийн ерөнхийлөгчийн өрсөлдөгч болон бусад улс төрийн хүчний удирдагчдыг саатуулж баривчилж эхэлжээ.

2020 оны 8 дугаар сарын 9-нд сонгууль болж Лукашенко 6 дахь удаагаа 80,1 % ялалт байгуулж 9 дүгээр сарын 23-нд Тангараг өргөх ёслолоо "нууцаар" хийсэн гэж барууныхан үзэж байсан. Сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй иргэд жагсаал цуглаан хийж эхэлсэн бөгөөд эхний өдрүүд гэхэд 6 мянга орчим хүнийг баривчилсан гэсэн мэдээ байв.

Сонгууь болсоны дараа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин тангараг өргөх ёслолын талаар тайлбар хийхдээ Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль бол тус улсын дотоод асуудал гэж онцлон тэмдэглэв. Тэрээр мөн нэмж хэлэхдээ “Лукашенкогийн удирдлага дор Беларусь улс төрийн тогтвортой байдлыг сэргээж чадна гэдэгт найдаж, итгэж байна"- гэж байжээ.

Философийн ухааны доктор П.Л.Карабущенкогийн хэлснээр “Өрнөдөд А.Г.Лукашенко Европын сүүлчийн дарангуйлагч ”гэсэн албан бус цолтой” болсон.

2024 оны хоёрдугаар сарын 25-нд Александр Лукашенко 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан нь найм дахь удаагаа дараалан нэр дэвшиж байна гэсэн үг.

Олон улсын хориг арга хэмжээ

засварлах

2006 оноос хойш Европын холбоо болон АНУ хүний ​​эрхийг зөрчсөн гэж үзэн А.Лукашенко болон бусад Беларусийн өндөр албаны хүмүүсийн эсрэг хэд хэдэн удаа дараа хориг тавьж, цуцалж байсан.

2006 онд Европын холбоо, дараа нь АНУ Александр Лукашенког нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хориглосон. 2008 онд Европын орнуудад зорчих хоригийг түр зогсоосон. 2011 оны нэгдүгээр сард Польш улс түүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон юм.

2011 оны 4 дүгээр сард ЕХ-ны Зөвлөл 2011 оны 10-р сарын 31 хүртэл Ерөнхийлөгч Лукашенко болон бусад 35 албан тушаалтныг ЕХ-нд нэвтрэхийг хориглож, визний хязгаарлалт хэрэглэхгүй байх дэглэмийг хэвээр үлдээв.

2016 оны 2 дугаар сарын 15-нд Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер ЕХ-ноос Беларусь, тэр дундаа Ерөнхийлөгч Лукашенкогийн эсрэг авсан хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцалсан тухай баримтыг баталжээ. Тодруулбал, 170 иргэн, 3 хуулийн этгээдэд тавьсан хоригийг цуцалж байжээ. Ерөнхийлөгч Лукашенко Европ дахь банкны хөрөнгийг битүүмжилж, Европын холбоонд нэвтрэхийг хориглосон хориг арга хэмжээнээсээ чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн нэг юм.

2020 оны наймдугаар сарын 31-нд Латви, Литва, Эстони улсууд Александр Лукашенко болон бусад Беларусийн 29 албан тушаалтныг хилээр нэвтрүүлэхийг хориглов.

2020 оны 9 дүгээр сарын 25-нд энэхүү хоригийн жагсаалтыг өргөжүүлсэн. 2020 оны есдүгээр сарын 29-нд Их Британи, Канад улсууд Александр Лукашенко болон бусад долоон Беларусийн өндөр албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авсан.

2020 оны 11-р сарын 6-ны өдөр Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр Европын холбооны хувийн хориг арга хэмжээг нэвтрүүлсэн.

11 дүгээр сарын 20-нд Албани, Исланд, Лихтенштейн, Норвеги, Хойд Македон, Монтенегро, Украйн улс ЕХ-ны хориг арга хэмжээний багцад 12 дугаар сарын 11-нд Швейцарь нэгдсэн. 2021 оны 6-р сарын 17-нд Шинэ Зеланд улс Лукашенко болон түүний (Беларусь) Оросын дэглэмтэй холбоотой 50 гаруй хүнийг хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулсан.

Беларусын Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад 2024 оны 6-р сарын 1-4-ний өдрүүдэд айлчилсан.

Эхнэр - Галина Родионовна (1975 оноос хойш гэрлэсэн). Гэо бүл албан ёсоор салаагүй ч тэд тусдаа амьдардаг байна. Тэрбээр гурван хүүтэй: Виктор (1975), Дмитрий (1980), Николай (2004). Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гол хувилбарын дагуу бага хүү Николайгийн ээж нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын эмнэлгийн ерөнхий эмч асан, Александр Лукашенкогийн хувийн эмч асан Ирина Абельская юм. 2011 онд түүний бага хүү Николай Острошицко-Городокийн дунд сургуульд явсан боловч тодорхойгүй шалтгаанаар зургаан сарын дараа гэрээр ганцаарчилсан сургалтанд шилжсэн. Түүнийг эцгийнхээ залгамж халааг авч улсыг удирдах болно гэж судлаачид үздэг.


Цахим холбоос

  Commons: Александр Лукашенко – Викимедиа зураг, бичлэг, дууны сан