Алба тэгшитгэх
Сум эрийн тоо өссөн, хорогдсоныг хянан үзэж, эр хорогдсон аймгаас албыг хасах буюу хөнгөлөх, эр нэмэгдсэн буюу алба ногдоогүй сул эр бүхий аймагт нэмэн оноохыг алба тэгшитгэх гэдэг байжээ. XVII зууны сүүл үеэс алба тэгшитгэх хэмээх нэр томъёо албан бичиг дансанд тэмдэглэгдэх болжээ. Алба тэгшитгэх үеэр хошууд эрийн тоо дарах явдал байсан ба эр хорогдсон учир ногдсон албанаас хөнгөлж, чөлөөлөхийг мэдүүлэх нь олонтаа байжээ. Хожим эрийн тоог харгалзахын хамт, хөрөнгө чинээний байдлаар алба оноох шинэ журам тогтсоноор мал хөрөнгийн тоог байцаан бүртгэхэд ноёд тус тусын аймаг хошуудын албат харьяат нарын малын тоог мөн дарах болжээ. Эрийн тооноос илүү алба хаахыг тэгшгүй алба, хэлтгий алба гэнэ. Алба тэгшитгэхдээ дөрвөн аймгийн чуулганы дарга нар Улиастай буюу Хүрээний газар цуглаж, Манжийн сайд амбан, тэдний төлөөний хүмүүсийн хяналтан дор гүйцэтгэдэг байв. Оногдсон албыг хошууд, аймгууд хоорондоо бие бие рүүгээ түлхдэг байсан бөгөөд үүнийг алба түлхэлцэх гэдэг байж. Харин Манжийн эрхшээлийн сүүл үед Халхын дөрвөн аймгийн чуулганы дарга нар нэгдэж бүгдээр хамтран Манжийн албыг хөнгөтгөх хорогдуулах тухай хамтран бичиглэх явдал дэлгэрчээ. XIX зууны хоёрдугаар хагасаас Манжийн алба хүндэрч, түүний дээр байгалийн ган зудын аюул нэрвэх болсон нь ард түмний аж байдлыг хүндрүүлж алба тэгшитгэхээр цуглах нь нэмэгджээ. Алба залгуулж чадахгүйд хүрсэн тохиолдолд хошуудыг нэгэн аймгийн доторхи арай байдал хөнгөвтөр хошуудад давхарлан хаалгах ба хөрөнгө чинээгүй болсон ядуу өрхийг хошууны доторхи баян чинээлэг өрхүүдэд зарц болгон өгдөг байжээ. Хэрэв аймаг даяар гачиг тохиолдвол тэр аймгийн гол албыг бусад аймагт хуваан өгч хаалгах зэргээр зохицуулдаг байжээ. Хятадын худалдаа, мөнгө хүүлэгчдийн өр сум ардад давхар дарамт учруулж байв. Энэхүү алба тэгшитгэх хэмээх нь Манжийн ноёрхол эцэслэснээр төгсгөл болжээ.