Алахуш Дигитхури

Их Монгол Улсын үеийн улс төрийн зүтгэлтэн, Онгуд аймгийг захирсан Чингис хааны мянганы ноён.

Алахуш нь нэр, Дигитхури нь цол. Уул нь Алтан улсын хилийг сахисан түшмэл байв. Тухайлбал, Цзинчжоу (өнөөгийн Өвөр Монголын Дөрвөн хүүхэд хошуунаас баруун хойд зүгт, хуучин туурь нь бий) хотыг сахин суусан Онгуд аймгийн ноён байжээ. Онгуд болон Найман аймаг нь эртнээсээ холбоо харилцаатай явж иржээ. 1204 онд Найманы Таян хаан, Онгуд аймагт элч илгээж, хамтаар Монгол улсыг довтлохыг санал болгосонд хүлээн авсангүй бөгөөд гэдрэг Чингис хаанд элч томилон, Чингис хаантай холбоолж Найман аймгийг мөхөөхөд хүчин зүтгэл гаргажээ. 1206 онд Их Монгол Улс байгуулагдсаны сүүлээр Алахуш Дигитхурийг 5000 Онгудыг захирсан мянгатын ноёноор томилжээ. Мөн Чингис хаан өөрийн охин Алага Бэхийг хатан болгон шагнасан байна. 1211 онд Чингис хаан Алтан улсыг дайлах үед, Алахуш Дигитхури газарчлан явж Алтан улсыг байлдан ялахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс хойш удалгүй Онгуд аймгийн дотоодод самуун дэгдэж, Алахуш Дигитхури болон түүний хөвгүүн Буяншибал нар хөнөөгдөв. 1305 онд Өлзийт Төмөр хаанаас Алахуш Дигитхурийг “Гаотан чжун-у ван” цолоор нөхөн өргөмжилсөн бөгөөд гэрэлт хөшөө босгож, гавьяа зүтгэлийг нь тэмдэглэжээ.