Манай малчин ардууд олон үеийн турш хийсэн ажиглалтынхаа үр дүнд хурдан морийг таних, уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулж нэгэн зүйл сургуулийг бий болгожээ. Хурдан морийг шинжиж танина гэдэг тун бэрх, морь морины бие бялдраас хамаарч шинжүүд нь харилцан адилгүй байна. Гэвч нэг үүлдрийн адуунд тухайлбал монгол адуунд хурдан сайн морины шинж ерөнхийдөө тэгш байна. Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурван шинжээр шинжилнэ.

Гадаад шинж

засварлах

Аливаа амьтны ашиг шим , бяр чадал , хурд нь уул амьтны галбиртай холбоотой ба харин түүнээс бүрэн шалтгаалдаг тухай эдүгээ шинжлэх ухааны үүднээс төгс тогтоогдсон зүйл байхгүй байна.Гэвч аль ч үүлдэрт харъяалагдах ямар ч адуу нэг бол ажлын өндөр бүтээмжийг илрүүлэх явдалд чухалчлагдах бат чийрэг, эсвэл уналга , спортод хэрэглэгдэх хөнгөн шалмаг шинжийг биеийн галбиртаа агуулсан байх нь дамжиггүй.Морины шинжийн сургаалд хүлэг моринд байх 51 шинжийг ажиглалтаар тодорхойлсон нь гадар биеийг шинжих аргын үндэс болно. Үүнд:

1. Арван гурван их: Манлай , эрүү, хөмсөг бүгд яс, нуруу , гэдэс, хөх мах, булчин , омруу, дөрвөн туурай нь их байх хэрэгтэй.

2. Есөн урт: Дөрвөн шилбэ, нуруу, хоншоор сагалдарга, хэл , чих урт байх.

3. Зургаан бүдүүн: Хоёр чихний уг , толгойн хэв , хөлний уг, сүүлний уг, умдаг хавирганы матаас бүдүүн байх.

4. Зургаан нарийн: Хүзүү, моголцог , хоншоор , хоёр чихний мөөгний үзүүр ,салтаа бэрэвхий нарийн байх.

5. Таван богино: Богтос чөмөг, хазлуур, хондлой, сүүл , бэрэвхий богино байх.

6. Есөн агуу: Дөрвөн туурай, хамрын нүх , хоёр нүдний хонхор , омруу , салтаа агуу байх.

7. Гурван өндөр хэрэгтэй гэгч: Дух овоо , мундаа харгам эдгээр болно . Эдгээр 51 шинж моринд бүрэн төгс байх нь нэн чухал боловч ховор бөгөөд хэрвээ бүрэн төгс байвал их хурдан төгс хүчит хүлэг тэр мөн.Үүнээс гадна гадаад шинжийг доорх нэр бүхий арван хэсэгт хуваан үзэж болно. Үүнд:

1. Толгойн шинж 2. Туурайн шинж 3. Сүүлний шинж 4. Дууны шинж 5. Мөрний шинж 6. Усны шинж 7. Идэшний шинж 8. Шүдний шинж 9. Шөрмөсний шинж 10. Бүх биеийн шинж Толгойн шинж: Адууны толгойг хэлбэр дүрсээр нь хонин толгой ,туулайн толгой, хүдрийн толгой, мэлхийн толгой, араатан толгой гэх зэргээр тав зургаан хэсэгт хувааж болох юм.Эдний дотроос туулайн толгой , мэлхийн толгой хоёр сайн. Хурдан морины нүд , магнай ,ам хамрын нүх, самсаа их ,чих түүшүү, омруу буюу доод уруул том , хэлний хэвтэш агуу , эрүүний хоорондын хонхор өргөн , гүнзгий , хоншоор урт болоод монхор , хөмсөг гурвалжин , толгой ерөнхийдөө томруухан агаад шөвгөр , хатингар , доод эрүү нь дээдхээсээ урт юмуу эсвэл чимхлүүр байна. Жишээ нь: Улсын наадамд хоёр түрүүлж , зургаа айрагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Дамдингийн зээрд азарганы толгойг дурдаж болно.

Хонин толгой гэгч: Монхор нүүрт , магнай тэлүү их , толгой урт болоод хуулзар өчүүхэн бүдүүн , нүд их бүлтгэр , хэлний хэвтэш , эрүүний завсар агуу, ам их , дордгор уруултай , шүдний аймаг сайн болой.

"Туулайн толгой гэгч": Нүүр сайн их , нүд их , хуулзар монхор , толгой бяцхан , чих урт , хэлний хэвтэш буюу эрүү завсар агуу нүдний аймаг сайн болой.

"Хүдрийн толгой гэгч": Бяцхан болоод хатингар урт дүгрэг нүдтэй , чих хамар их , ам хамар цэвэрхэн болой.

"Мэлхийн толгой": Уртаашаа богино , магнай тэлүүн их , нүд их бүлтгэр , эрүүний завсар ба хэлний хэвтэш агуу , ам их , хамарын самсай агуу болой.

"Араатан толгой":Уруул ам их , дордгор , ханшаар тасархай , хамар гүдгэр,хүзүү ардгар , нүд , нүдний налхи улаан болоод догшин шилбэлзсэн бүлтгэр их , бага нь дундаж болой.

"Туурайн шинж": Туурайг лавай аяган туурай, махан туурай , шувууны хумс, сарлаган туурай, хурдан хумс, хулан туурай зэргээр мөн зургаа хуваана. Үүнээс хамгийн тэргүүн нь сарлаган туурай.Энэ нь уг нь бүдүүн богино, амсраараа хөмөргүү, ирмэг хурц, ялихгүй зууван агаад өсгий зүгт сэтэрхий , гахай гүн хатингар , ерөнхий хэлбэр нь далбигар биш цомбон том байна. Бас галуун сагагтай морь байдаг.Галуун сагаг хоёр янз байдаг. Давхихаараа босдог галуун сагагтай морины хурд буурдаггүй сайн. Жишээ нь : Улсын наадамд дөрөв түрүүлж , гурав айрагдсан Төв аймгийн Баянжаргалан сумын Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы хөл туурай ийм байсан.Давхихаараа улам налдаг галуун сагагтай морины хөл их муу байдаг. Учир нь ийм адуу тун амархан маахайлдаг. Хойд хөлийн хүчтэйгээр авч шидсэн их биенийхээ хурдыг урд хөл нь тогтоож дийлэхгүй учраас маахайлна. Ялангуяа уруу газар татвал их осолтой.Богино сагагтай морь маахайлахгүй хөл сайтай байдаг.Мөн туурайны ширхэг хөндлөн , тэв тэгшхэн байвал сайн.

Лавай аянган туурай нь: Аяга мэт туурайн захаар агуу , ихэнх нь буурцаг лугаа адило , нударга , гахай нарийн болоод урт , мэлхий ёроолд тогтсон мэт туурайн хүрээ өндөр болоод хазгай туурайтыг хэлнэ.

"Махан туурай нь": Хавтгай богино болоод гонзгойлдог , туурайн хүрээ дотогш үзүүр урт , гадаад өнцгийн сагаг эвэргүй , өсгий газарт чирээд явах буй, гахай их бултайх болой.

"Шувууны хумс туурай нь": Туурай нударганы өндөр их сул , нимгэн халбагар, их богино, шувууны алга мэт нимгэн болоод унжуу өсгийгөөрөө газар чирээд явах , гахай их бултайх.

"Сарлаган туурай нь": Дээшээ өндөр , уг бүдүүн их , гонзгор , амсраар хөмрүү , ирмэг хурц, туурайны завсар уудам болоод ам хөндий , нурууны үзүүр өчүүхэн хурц болоод өсгий зүг их цойцон ангархай , гахай хатингар болоод хонхор нь гүн. Энэ туурай эрхэм сайн.

"Хурдан хумсан туурай нь": Шувууны хумстай адил болоод өндөр , гахай хоосон хатсан буй . Эдгээр туурайнуудаас махан туурай , шувуун хумс туурай гэгч хоёр туурай муу хэмээжээ.

Сүүлний шинжЯсан сүүл нь урт , самбай нь өтгөн , үзүүр нь шингэн байх хэрэгтэй . Мөн сүүлний нэг үс олон салаалсан байх нь эрхэм. Урт бүдүүн юмуу , богино нарийн сүүл дунд зэрэг . Нарийн урт,сул сүүл муу. Улсын наадамд нэг түрүүлж , хоёр айрагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Дамдингийн “Аранзал” гэдэг буурал морины ясан сүүл нь урагш нь татаж үзэхэд ташаан толгойндоо хүрдэг ба самбай нь маш өтгөн , үзүүр уруугаа шингэн байлаа.

"Морины нэгэн сударт":Сүүлний хамаг .....богиныг таальюуУрт богино боловч эрчимтэйг хэргэльюуБүдүүн болоод богино бол эрхэмНарийн болоод богино бол дундажСул болоод урт бол адагЗүлгэнд тугалын гадас шаасан мэт бол эрхэмСэтгэлийн төдийхөн нь дундажМаш сул нь адагМаш богино нь хэтэрхий эрхэм буюуДундаж нь дундажУрт нь адагМуруй хазгай , өтгөн тэргүүнтэн магадгүй хэмээжээ Дууны шинжДууг шинжлэн үзвээс гахайн дуу мэт хамраар дугардаг бол адаг.Араатны дуу мэт хүрхрэн дуугарвал дунд зэрэг .Болжморын дуу мэт нарийн чанга эрчимтэй бол тэргүүн.Сэцэн хан аймгийн Хардал жанжин бээс Пүрэвжав “Зандан хүрэн азаргаа Гадин хошуунаас дуугаар танин авж байсан тухай бяцхан түүх өгүүлье: Хардал жанжин бээс Цэцэнхан аймгийн цэргийн жанжин байсан тул нэгэн удаа албаны хэргээр Гадин засгийн хошуунд явж байжээ. Нэг орой улс амьтан унтах болж морь малаа тавьцгаажээ.Энэ үеэр уяан дээр ганцхан адуу үлдээд морьдын хойноос янцгаан тэмүүлж байв. Түүний болжморын жиргээ шиг нарийн чанга дууг сонссон Пүрэвжав хамт явсан хиадаа:Чи гарч энэ морийг сайн хараад ир ? гэхэд нөгөө хүн үзэж ирээд :Нэг үрээ л байна .Зүс нь хүрэн юм шиг байна .Чи маргааш таних уу?Танина гэжээ. Маргааш өглөө нь улс моридоо барихад нөгөө хүрэн үрээ ногтоо чирээд дагаад иржээ.Пүрэвжав түүнийг харж шинжиж хурдныг нь таньж ,эзнийг мэдээд буцжээ. Сүүлд Пүрэвжав өөрийн албан тушаалын нөлөөгөөр Гадин хошууны өртөөний албанаас хөнгөлж өгөөд нөгөө хүрэн үрээг зохих үнээр авч азарга тавьжээ.Энэ нь хожимоо Хардал жанжин бээс Пүрэвжавын нэрт хурдан азаргануудын нэг нь болох идэр залуудаа том жижиг ямарч уралдаанд урдаа яарч адууг оруулж үзээгүй Зандан хүрэн азарга болжээ.

"Мөрний шинж" Туурайн ирмэгнээс өөр тод мөр гарахгүй байвал сайн.Урд хоёр хөлийн мөрийг хойд хоёр хөлийн мөр эс гүйцвээс муу.Гэлдэрч явахад хэт давбал дунд зэрэг.Яг онолдуулж юмуу эсвэл урд хоёр хөлийн мөрний гадна талд нь хойд хоёр хөлөө зэрэгцүүлж тавьж гишгэсэн байвал эрхэм сайн тэр болой.Жишээ нь Төв аймгийн Бор-Өндөр сумын Дугарын улсын наадамд хоёр аман хүзүүлж нэг айрагдсан хул морины туурай нь аяга шиг хүнхэр байснаас түүний мөр нь маш цэвэрхэн тах хэлбэртэй зураас гардаг байлаа.

"Ус уухыг шинжлэх" Усыг үргэлжлүүлэн бяцхан бяцхан уувал шувууны ёст тул сайн.Усыг гурван үе таслан уувал барсын ёст тул дундаж. Усыг хоёр үе тасалжуувал чихтэй ,буга ёст тул дундаж. Усыг таслалгүй бяцхан их уувал илжиг хийгээд үхэр ёст тул муу.

"Идэшний шинж" Идэш их баас бяцхан бол эрхэм.Идэш бага баас их бол адаг . Соливол дундаж(Идэш их баас их буюу идэш бяцхан мөн баас бяцхан).

"Шүдний шинж" Шинжний сударт адууны шүдийг хулан шүд , тэмээн шүд, хонин шүд , буудай шүд, гахай шүд, тахиа шүд гэж ангилдаг.

"Хулан шүд гэгч": Үзүүр ёзоор адил бөгөөд их зузаан урт адил , буйл хатингар , цөгц гүн хав хар буй.Хулан шүд нь ургац сайн хулан , матааст хулан , ахар хулан,буур хулан, можгор хулан, хулан буудай, нарийн хулан,нууцат хулан , тодорхой хулан , янаг хулан, ерийн хулан , их урт хулан , мөлөө урт хулан , гэх зэрэг 13 зүйл буй.

"Тэмээн шүд гэгч": Урт нь адил , нимгэн өргөн, дардагай цагаан буй.Тэмээн шүдийг Дардагай тэмээ, хагт шар тэмээ гэж 2 хуваадаг.

"Буудай шүд гэгч":Цагаан алаг , цавчуур мэт хурц буюу. Буудай шүдийг урт буудай, ахар буудай ,нарийн буудай, зүг буудай, их урт буудай гэж 5 хуваадаг.

"Хонин шүд гэгч": Яриг цагаан ,язгуур урт нарийн эрхгүй шөвгөн хатгуур больюу, уг нь нарийн артай буй.Хонин шүд 6 зүйл буй:Хонин шүд , буудай хонь,ахар хонь ,зүг хонь, арт хонь.

"Гахай шүд гэгч":Буйл мах өчүүхэн гуривгүй, эрс хурц нимгэн, зүтгээгүй эрс байдалтай буй.Гахай шүдийг дотор нь эр гахай, дэлбэн гахай , шар гахай , хагт гахай гэж 4 хуваадаг.

"Үхэр шүд гэгч":Дөрвөлжин хэвтэй,дундуур гурван гуривтай, шар хагтай богино шар шүд буй.Үхэр шүд нь их үхэр ,ахар үхэр ,зүгээр үхэр , хасагт үхэр, ховилт үхэр , артай үхэр , чөлөөт үхэр , гиваант үхэр, мөлөө үхэр, ноцгон үхэр, дөрвөлжин зузаан үхэр , бүлтгэр шар үхэр , сэрэвгэр үхэр, гэх зэрэг 14 зүйл буй.

"Тахь шүд гэгч": Зузаан урт бөгөөд үзүүртээ бяцхан гуривтай моголцог шар буй.Тахь шүд нь шар тахь,их тахь,сайн тахь гэж 3 зүйл буй.Бүх шинжийг ажиглаж үзвэл пэмбэгэр буйлтай давчхан хомбогор шүд онцгүй , хатингар буйлтай, хонхорт нь арвай эргэм зайтай зууван гүнзгий цөгцтэй,хоорондоо зайтай , гадагшаа сарвагархан богино шүд сайн байдаг. Бас соёо нь буурын соёо мэт том байх бөгөөд гадагшаа байх нь сайн.

"Бүх биеийн шинж" Галшарын нууцын арван зүйл (10)-д “..........сайхан адуу давхих нь цөөн , муухай адуу давхих нь олон “ байх тухай дурдсан нь дүр , өнгөний сайханд үл дурлан , үл хууртахыг сануулсан хэргээ.Морины шинжийн судар 6-т нэгэн хурдан хүлгийн эрдэмт хэлбэрийг “Толгой нь хандгайн толгой мэт , дөрвөн шилбэ нь бугын чац мэт , аргалан бэрэвхийтэй , тайган борвитой , угалзан биетэй , өвөөлжин овоотой , хүхээ буюу цагаан мөгөөрс нь том ,аман хүзүү бүдүүн , хүзүү урт ,мундаа тэмээний бөх мэт , бүдэрхий маш товгор , мөр дал нь ташуу урт , бөгтрөг их , хавирга нь нь өргөн урт ,матаас ихтэй хоорондоо зайгүй , гэдэс их буюу сүюрэгдэс доор , богино хавирга ташаан толгой хоёрын хооронд зай тун бага , урт налуу хондлойтой , агуу том салтаатай , умдаг багатай ,мөн дээд гурван овоо тэгш , хаа гуяны хөх мах , булчин их товгор , шилбэ хатингар хавтгай , бүх биеийн арьс сул , нимгэн цавь их , суганы арьс олон нугларсан , дөрвөн хөл нь бадриун гадагшаа тэлгэр маягтай , үүнтэй холбогдож давхихад дөрвөн хөлний хаялга гадагш самарсан янзтай , үенүүд нь бөөрөнхий том , толгой дээр биш омруунаас урд хөлийн туурай хүртэлх зай , урд хөлийн сагагнаас хойд хөлийн туурай хүртэлх зай , бүдэрхийнээс мундаа хүртэлх зай их , сүврэгдэс нь гуя ташаанаасаа наана шахуу төмбөгөр байвал сайн хэмээжээ.Сайн морины нүд ширүүн харцтай болон уулихархай бөгөөд шөрмөс нь хийтэй тэлүүн өргөн , срэвээ өндөр , аман хүзүү бүдүүн , толгойн мах хатингар , олон ясны уулзар агуу, сүвээний хавирга матаастай тэлүү , ташаа нь цухал , хас нь дүүрэн , салтаа агуу , зоо нуруу нь бөгтрөгтэй , хөл нь эрс шударга , хүзүү нь урт нарийн , сүүл нь эрчимтэй хатуу, бөгс нь хатингар эдгээр шинж цөм бүрдвэл түмэн мянгад торохгүй ганцаар түрүүлэх эрхэм сайн морь буй.Бас сайн морь олон адуунд байхад тарган цатгаланд үзвээс дээр гурван овоо тэгш , доор гэдэс бумба мэт, чих нь дэлэндээн үл дарагдах , хөхөл нь шингэн нүдэндээ үл хүрэх , дээд уруулаас доод уруул элбэг илүү урд туурайнаас хойд туурай их , хүнийг угтаж харах ийм бол лавтай сайн морь буй. Үсэнд хэчнээн олон эргүүлэг байвал төдий чинээ сайн.Тэр дундаа нэвт эргүүлэг бүүр сайн .Шинжний судруудад “Үс нь эрчимт ёнхор утас мэт “ хэмээсэн байдаг . Ёнхор утас гэж тусгай боловсруулсан мяндсан ширхгээр нийтгэж хийсэн утсыг нэрлэдэг. Иймээс үс нь нийлж, нийтгэсэн юм шиг мушгирсан байвал сайн. Хурдан адууны сүүлний үс арьснаас ургасан уг нь нэг атлаа сул унжсан үзүүр нь хоёр гурван салаа болсон байх явдал олонтоо тохиолддог.Дээр толгойтой , өндөр цээжтэй ,бөгс муухантай адуу өөд газар уул харж давхихдаа муу , толгой цээж доортой , бөгс цээж сайтай адуу хөнтөргүү газар муу. Цээж бөгс тэнцүү нь сайн .Шув шулуухан нуруу муу. Ялангуяа бага насны адуу бөгтрөг муутай байвал хойд хөлийн түлхэлтийн хүчийг урагш нь муу дамжуулна. Даага шүдлэн насандаа хурдлах адууны нүд нь хулганы нүд мэт бүлтгэр байна. Хурдан даага бол доорх долоон зүйлээр тодорхойлогдоно. Үүнд:

1. Дээд уруул нь доод уруулаасаа давуухан

2. Хойд хоёр туурай нь урд хоёроосоо ихээхэн

3. Чих нь дэлэндээ үд далдлагдах

4. Гөхөл нь нүдэндээ үл хүрэх

5. Гэдэс нь бумба мэт дугараг