Агипарын Бакей
Агипарын Бакей (Ағыпар Бәкей) Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 1 дүгээр 10 жилийг 1980 онд, Хөдөө аж ахуйн их сургуулийг 1984 онд эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, академич.
Тэрбээр 1984 оноос Зүүнхараагийн сангийн аж ахуйд эдийн засагч, 1984-1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн тэнхимд багш, 1989-1996 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч, 1996-1997 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Нийгэм-эдийн засгийн албаны проректор, 1997-2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн факультетэд декан, улмаар 2001-2004 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын албаны проректороор тус тус ажиллаж байсан.
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон Өлгийчүүдийг парламентад төлөөлж байхдаа 2005-2006 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүнчлэн 2009-2011 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Шинжлэх ухааны албаны проректор, 2010-2011 онд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн байсан.
Их, дээд сургуульд зориулсан "Эдийн засгийн ухаан", "Микро эдийн засаг", "Хөдөө аж ахуйн эдийн засаг" сурах бичгүүдийн болон "Монголын бэлчээрийн мал аж ауйн тогтвортой хөгжлийн онол-арга зүйн асуудал", "Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" нэг сэдэвт бүтээлийн зохиогч. 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдон 4 жил удирдан ажилласан.
1998 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, 2011 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болсон.2015 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн. Англи, орос хэлтэй.