Агваандандар
Агваандандар нь яруу найрагч, буддын гүн ухаантан, учир шалтгааны ухаанч, хэл шинжлэлтэн байв.
Алашаа хошууны хүн. Төрсөн нутгийнхаа нэрээр Алашаа Дандар, Алашаа лхарамба хэмээн алдаршжээ. Төвдийн Лхас, Гүмбүм зэрэг хийдэд шавилан сууж, буддын шашин, гүн ухааны лхарамбын зэрэг хамгаалсан.
Буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан, хэл шинжлэлч, яруу найргийн онол, шашны зан үйл, толь бичиг зэрэг олон мэдлэгийн салбараар дөчөөд бүтээл туурвисны дотор Дигнага, Дхармакирти зэрэг эртний Энэдхэгийн буддын учир шалтгааны ухаантны зохиолыг судлан тайлбарласан бүтээл нь зонхилдог. Агваандандар учир шалтгааны гаргалга, баталгаа хийхдээ юм, үзэгдэл нь мөнх хөдлөх маш нарийн тоосноос тогтдог бөгөөд хөдөлгөөний эх сурвалж бол эсрэг, тэсрэгийн зөрчил гэж үзэж байв.
Агваандандарын зохиосон Хүний номын баяр хурим сургаал, Зохист аялгууны толь-ийн гурван бүлгийн жишээ шүлэг, Саруул оюутны хүзүүний чимэг үзэсгэлэнт сувд эрхи хэмээх яруу найраг, Монгол үгсийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх оршив, Сарны гэрэл дохионы бичиг зэрэг олон зохиол нь алдаршжээ. Тэрбээр Үгсийн онол мэргэдийн амны чимэг зохиолдоо хэлний боловсролын чухлыг өргөн дээдэлсэн байдаг бөгөөд уг санааг гаргасан завсрын шүлэгтээ:
- Эрдмийг олонтаа сонсовч, номлохуйд эс мэргэжвээс
- Эмээр хоосрон гуцуудсан мэргэн сайн эмч мэт,
- Эгнэгт тэмцэхүйд мэргэн ч, туурвих ёсыг эс мэдвээс
- Элдэв зуун хэлтэн болж өгүүлэвч, хэлгий балай мөн.
- Зохиох туурвихуйд сайн боловч, бичих дадхал муу аваас
- Зориг хүчит их баатар боловч, гар мухар мэт
- Бичих зохиохуйд үг үсгийг ёсоор эс найруулбаас
- Билгүүн сайн эрдэмтэн авч сонжуурлагдахын гэмт
- Үг үсэг алдаагүй ч, яруу хэллэг төгөлдөр бус аваас
- Үзэсгэлэнт эхнэр чармай нүцгэн гүйсэн мэт,
- Илт өгүүлэхүй хуучин дохио үгээр эс чимэвээс
- Эгнэгт бүдүүлэг хар үг холилдох тул, мэргэд орхивоос зохист
гэжээ (Доктор Л. Хүрэлбаатарын хөрвүүлэг).
Дандар тавин настайдаа Зохист аялгууны толь-ийг суралцахаар шийдэж, улмаар Эгшигтнийг баясгах эгшиг дуу зохиолыг үндэс болгон Зохист аялгууны толь-ийг судлах анхны туршлага зохиол бичжээ.
Оросын эрдэмтэн И. Щербатский Агваандандарыг "тэргүүн зэргийн гүн ухаантан" гэж үнэлсэн нь бий.