Японы эзэн хаан

Япон улсын эзэн хаан (天皇, тэнно, хуучнаар Микадо гэгддэг байсан, япон ханзнаас орчуулбал "Тэнгэрийн эзэн" гэсэн утгатай) нь Японы ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Эзэн хааны гэр бүлийн тэргүүн нь юм. Эзэн хааны сэнтий эрэгтэй удмаа дагадаг байна.

Одоогийн эзэн хаан Нарүхито

Түүх засварлах

Домог зүйн үүднээс авч үзвэл Японы анхны эзэн хаан болох Жиммү нь Аматэрасү хэмээх нарны бурхны удам бөгөөд МЭӨ 660 онд хаан сэнтийд заларсан гэж үздэг байна. Түүхийн үүднээс энэ домгийг боломжтой гэж үздэггүй ч, өнөөгийн Японы Эзэн Хааны гэр бүл нь 1500 жилийн турш хаан сэнтийд байсан нэг хааны удам угсааных гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байна.

Түүхийн ихэнх мөчлөгт Японы эзэн хааны эрх мэдэл хүч нь хэмжээт, мөн цэвэр бэлгэ тэмдгийн чанартай байсан боловч Фүживара, Хоожо, Минамото, Ашикага, Токүгава гэх мэт бүхий л захирагч, шогүнүүд эзэн хаанаа хүндэлж дээдэлдэг байсан байна.

1868 оны Мэйжийн шинэчлэлээр Токүгавагийн шогүнүүдын эрх мэдлийг авч хаяснаар Эзэн Хаан Мэйжи төрийн өндөрлөг, эрх мэдлийг гартаа авсан ба Мэйжийн үндсэн хуулиар абсолют, хэмжээгүй эрхт хаан болсон юм. Гэвч үнэн хэрэгтээ жинхэнэ хүчийг улс төрийн олигархууд, сүүлд генералууд болон адмиралууд гартаа авсан билээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 онд Японы Эзэн Хаан нь цэвэр бэлгэ тэмдгийн чанартай болсон. Эдүгээ тэрээр дипломат уулзалтууд болон ёслолуудад оролцдог ч улс төрийн ямар нэгэн хүч, эрх мэдэл байхгүй билээ.

  • 1926 оны 12 дугаар сарын 25-наас 1989 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл 124 дахь Эзэн хаан Хирохито (япон. 裕仁; 1901-1989) хаан ширээнд суужээ.
  • 1989 оны 1 дүгээр сарын 7-ноос Эзэн хааны сэнтийд суусан 125 дахь Эзэн Хаан Акихито (япон. 明仁 : 1933 онд төрсөн) 2019 оны 4 дүгээр сарын 30-нд Хаан ширээнээсээ татгалзсан байна.
  • 2019 оны 5 дугаар сарын 1-нээс Эзэн Хаан Нарүхито (япон. 徳仁 : 1960 онд төрсөн) Японы 126 дахь эзэн хаан болсон ба тэрээр Хатан Масакотой 1993 онд гэрлэж, 2001 онд тэдний охин нь Гүнж Айко төрсөн байна.

Цахим холбоос засварлах

  Commons: Японы эзэн хаан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Тэнно – Энэ үгийг тайлбар толиос харна уу