Шичигосан (япон: 七五三, しちごさん) нь 7, 5, 3 настай хүүхдийн өсч бойжиж буйг тэмдэглэх Японы уламжлалт ёслол юм.

Шичигосан ёслолын үеэр япон охид сүмд байгаа нь

Ерөнхий ойлголт засварлах

Эрэгтэй хүүхдийг 3, 5, эмэгтэй хүүхдийг 3, 7 нас хүрсэн жилийн 11 сарын 15-нд тэднийг эрүүл энх өсч бойжиж буйг мэтдэглэн Шинто шашны сүмд аваачин, хамгаалагч бурханд мөргүүлдэг ёслол. Уг нь хий насаар тоолдог ч орчин үед төрсөн өдөр нь болж, дээрх насанд бүрэн хүрсэн хүүхдээ сүмд аваачих нь олширчээ.

Өдгөө Япон орон даяар энэхүү ёслолыг үйлддэг ч анхандаа зөвхөн Кантоо хавьд үйлддэг ёслол байсан бөгөөд, Кансайд Жүүсанмайри буюу 13-ны жилийг тэмдэглэх ёслол үйлдэгддэг аж.

Гарал үүсэл, орчин үе засварлах

Билгийн тооллын 15-ны өдөр нь ямар ч үйлийг эрхлэхэд сайн өдөр гэгддэг. Түүнчлэн хуучин тооллын 11 сард ургац хурааж дуусаад, байгалийн хишгээс бурхандаа өргөл өргөж, талархал илэрхийлдэг сар учраас 11 сарын тэргэл сартай өдөр ургацын баяртайгаа хамтатган хүүхдээ бурханд даатгах болжээ. Мэйжи эринд аргын тоололд шилжсэнээр шинэ тооллын 11 сарын 15-нд энэхүү ёслолыг үйлдэх болсон байна. Гэхдээ энэ нь бүх нийтийн амралтын өдөр биш учраас ажил албатай эцэг эхчүүд зөвхөн 11 сарын 15 гэлтгүй, 11-р сарын аль нэг амралтын өдөр үйлдэх нь элбэг болжээ. Хоккайдоо зэрэг хүйтэн бүс нутагт 1 сар урагшлуулж, 10 сарын 15-нд үйлдэх нь ч бий.

Японд хүүхэд 3 нас хүрэхээрээ үсээ ургуулах, хөвгүүд 5 нас хүрэхээрээ хакама өмсөх, охид 7 хүрээд кимоногийн тусгай бүс обиг бүслэх эрхтэй болдог. Бяцхан охид энэ үедээ анхлан нүүрээ будан, сүмд зочилдог байна. Энэхүү заншилд сондгой тоог ээлтэй хэмээдэг Хятадын соёлын нөлөө их бий.

Орчин үед анагаах ухаан өндөр хөгжиж, хүүхдийн эндэгдэл багасахын хажуугаар төрөлт цөөрч, нийгмийн хурц асуудал болж байна. Хүүхдийн эндэгдэл их байсан эрт цагт, ялангуяа эрэгтэй хүүхдийн эндэгдэл их байсан тул эрэгтэй хүүхдийг 3, 5, эмэгтэй хүүхдийг 3, 7 нас хүрмэгц цаашдын амьдралыг нь бурханд даатгаж энэхүү ёслолыг үйлддэг аж.

Читосэ чихэр засварлах

Шичигосаныг читосэ чихэр (千歳飴) идэж тэмдэглэдэг. Читосэ чихэр гэдэг нь эцэг эх нь хүүхдээ урт наслахыг бэлгэдэн хийдэг урт нарийхан хэлбэртэй (диаметр нь 15см-ээс бага, урт нь 1м илүү), ээлтэй өнгө гэгдэх улаавтар, цагаан өнгөтэй чихэр болно. Уг чихрийг мөн урт наслахын бэлгэдэл болсон тогоруу, яст мэлхий зэргийн дүрсийг зурсан уутанд хийсэн байдаг.

Читосэ чихрийг Эдо эринд Асакүсагийн чихрийн худалдаачид зарах болсноор улс орон даяар тархсан гэж үздэг.

Гадны холбоос засварлах