Ургамал ой хамгаалал

Ургамал ой хамгаалал (Англи: Plant and Forest Conservation)

Ургамал болон ойн байгальд гүйцэтгэх үүрэг засварлах

Агаар мандал, ус, хөрсөнд хүчилтөрөгчийг ялгаруулж амьд бүхний амьдрахуйн орчныг буй болгон сайжруулагч ургамал нь хүнд хүнс, эм, харин амьтанд тэжээл болохын хамт хөрсний элэгдэл, элсний нүүдлийг хязгаарлаж, ус хангамжийг сайжруулан бидний аятай тухтай амьдрах нөхцлийг эерэг сайн болгох, орон байр барилга барих, хувцас хэрэглэл үйлдвэрлэхэд анхдагч материал түүхий эд болдог зэрэг тоо томшгүй олон ач холбогдолтой. Дэлхий дээр хамгийн эртний ургамал үүсээд 2-3 тэрбум жил болж байна. Харин 430 сая жилийн өмнө ургамал хуурай газар шилжсэн түүхтэй. Ногоон ургамлын хооллолтын үндсэн арга нь ус, нүүрсхүчлийн хийн оролцоотойгоор органик бодис үүсгэх фотосинтезийн процесс юм. Энэ нь зөвхөн ургамлын ногоон эдэд явагддаг ба ургамал нь тодорхой эрхтэн системтэй, үндэсний хэсгээрээ хөрсөнд бэхлэгдэн оршдог, дэлхийн энерги шим тэжээлийн бодисын эргэлтийн эхлэл суурийг нь бүрдүүлж байдаг амьд биес юм шүү.


Ой гэдэг нь хамгийн энгийнээр модлог болон бусад ургамлууд их хэмжээний нягтшил үүсгэн ургаж байгаа юм уу, ямар нэгэн модлог ургамлууд их хэмжээний талбай эзлэн тодорхой массыг бүрдүүлэн ургаж байгаагаар тайлбарлагддаг. Модлог ургамал ноёрхсон экосистемийг ой гэж нэрлэх бөгөөд түүний амьд бүрэлдэхүүнд мод, сөөгүүд, сөөгөнцөрүүд, өвслөг ургамлууд, хөвд, мөөг, замаг, хаг шавьжууд, амьтад, шувууд, сээр нуруугүйтэн, ургамал болон бичил организмууд хамаарна. Эдгээр нь өөр хоорондоо болон бусад амьгүй бүрэлдэхүүн хэсэгтэй харилцан уялдаатай оршино.

Ногоон ургамлын бүлгэмдэл нь гэрлийн оролцоотой фотосинтезийн урвал явуулж энерги үүсгэх ба энэхүү энерги нь идэш тэжээлийн хэлхээний дараа дараагийн түвшнүүд оршин тогтноход хүргэдэг. Газрын ургамлын биомасст барагцаагаар 83*1010 т нүүрстөрөгч агуулагдах ба жилд ойролцоогоор 5*1010 т ургамлын биомасс бүрэлддэг. Фотосинтезийн үр дүнд бий болсон ногоон биомасс нь эцэстээ ургамал идэштэнд хэрэглэгдэх, эсвэл ургамлын үлдэгдлээр хооллогчдоор дамжин задрах замаар энерги, бодисын солилцооны эх үүсвэр болно. Ийм учир ногоон ургамлыг үйлдвэрлэгчид гэж үздэг.

Ургамал бүлгэмдэл нь биологийн олон янз байдлуудын хамгийн өргөн хэмжээнд судлагдсан бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хамгийн их үүрэг бүхий нөөц баялаг билээ. Тухайлбал: цөөн тооны үр тарианы ургамлууд үндсэн хүнс тэжээл, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба хэдэн арван мянган зүйл зэрлэг ургамал эм, хүнс тэжээл, түлш, хувцас болон сууц үйлдвэрлэхэд хэрэглэгдэх замаар эдийн засаг аж ахуйн хувьд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна ногоон ургамал нь дэлхийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж бусад амьтад болон дэлхийн амьтдын амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. Дэлхийг нэг том амьтан гэж үзвэл ногоон ургамал түүний амьдран орших нөхцөл нь болдог. Одоогоор дэлхий дээрх бүх ургамлуудыг бүрэн таньж тодорхойлж дуусаагүй байгаа ба нийтдээ 300,000 гаруй зүйл бүртгэгдээд байна. Маш олон тооны ургамлууд ховордон устаж амьдрах орчин нь өөрчлөгдөн цөөрсөөр байгаа билээ.

Монгол орны ой-ургамлын онцлог засварлах

Монгол орны ургамлан нөмрөгийг бүрдүүлэгч дээд цоргот ургамал 130 гаруй овгийн 660 гаруй төрлийн 3000 орчим зүйл байдаг ба үүний дотроос Монгол орноос өөр нутагт ургадаггүй зөвхөн Монголын унаган ургамал 150 гаруй зүйл, хөрш зэргэлдээ орнуудад ургадаг боловч тархацын зах сэжүүр нь манай оронд орж ирсэн завсрын унаган ургамал 200 гаруй зүйл байдаг.

Манай орны ой нь Төв Азийн хээр цөл, зүүн Сибирийн их тайгын зааг дээр дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан бөгөөд гол мөрний усыг зохицуулах, цуглуулах, хөрсний эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамлын амьдрах орчин бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтон барих зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, хамгаалалтын өндөр ач холбогдолтой, эмзэг тогтоцтой экосистем юм.

А. А. Юнатов /1950/ анх Монгол оронд ургамалжлын 6 үндсэн бүс бүслүүрийг ялгаж үзсэн. Хожим Н. Өлзийхутаг /1989/ шинэчлэн боловсронгуй болгосон.

Монгол орны ургамалжлын бүс бүслүүр
Бүс, бүслүүрийн нэр Дэд бүс, бүслүүрийн нэр Газар нутгийн эзлэх хувь
/Н. Өлзийхутагийн тогтоосноор, 1984/
1. Өндөр уулын бүслүүр 1. Ян 3.0%
2. Сарьдаг
3. Таг
4. Царам
2. Уулын тайгын бүслүүр 1. Тагийн армаг тармаг ой 4.1%
2. Умардын тайга
3. Уулын ойт хээрийн бүслүүр 1. Уулын ойн дэд бүслүүр 27.2%
2. Уулын хээрийн дэд бүслүүр
4. Хээрийн бүс 1. Жинхэнэ хээр 26.1%
2. Хуурай хээр
5. Цөлийн хээрийн бүс 1. Цөлжүү хээр 25.1%
2. Цөлийн хээр
6. Цөлийн бүс 1. Хээржүү цөл 14.5%
2. Жинхэнэ цөл
3. Янхан

Монгол орон дахь ой ургамал хамгаалал засварлах

Бид өнөөдөр дэвшил хөгжлийн зэрэгцээ хүрээлэн буй орчны хувьд нэн даруй шийдэх асуудал ихтэй, эрсдэлтэй эрин үед амьдарч байна. Тухайлбал Монгол орны агаарын температур сүүлийн 60 жилд 1.56 хэмээр дулаарч, дараагийн 25 жил гэхэд дулааралтын эрчим 2 дахин, хуурайшилт 7-10 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Судалгаанаас үзэхэд ган, гэнэтийн салхи-шуурга, хуурайшилт, үер зэрэг байгалийн хүчин зүйлсээс гадна ургамлыг хүнс, эм, тэжээл болон барилгын гэх мэт олон чиглэл зориулалтаар түүний нөөц, нөхөн сэргэх үржих чадварыг харгалзахгүйгээр ашиглах үйл явц давамгайлж байгаа төдийгүй хүний үйл ажиллагааны нөлөөнөөс шалтгаалсан ой хээрийн түймэр зэрэг нь ургамлын нөөц багасах, ховор нэн ховор зүйлүүд устах аюулд хүргэж байгааг харуулдаг.

Монгол улсад "Байгалийн ургамлын тухай" хуулиар баталсан нэн ховор ургамал 133 зүйл, Засгийн газрын 1995 оны 153, 2004 оны 165 дугаар тогтоолын хавсралтад багтсан ховор ургамал 358 зүйл тус бүр орсон нь нийт ургамлын зүйлийн бүрдлийн 12 хувийг эзэлдэг. Хөнөөгдөж устах аюулд орсон эмийн ургамлын зүйл 75 байгаагаас 20 зүйл нь устаж байгаа, ийм хандлагатай хүнсний ургамал 11 зүйл байгаагаас 6 зүйл нь устаж байгаа, техникийн ургамал 16 байгаагаас 4 нь, гоёл чимэглэлийн 55 зүйл байгаагаас 5 зүйл тус бүр устаж байгааг судлаачид тодорхойлсон байна.

1980-1990 оны үеийнхтэй харьцуулан үзвэл ургацын бууралт 60-82 хувь, хог ургамлын тархалт 40-80 хувь, хортны тархалт 10-20 хувь нэмэгдэж, бэлчээрийн зүй бус ашиглалт, үлийн цагаан оготнын олшролт 4-6 дахин ихэсч түүний даац, ургац 3-4 дахин буурч байгаа, эрчимжээгүй сул дорой тариалан эрхэлж байгаа орны тоонд ордог. Эрчимжээгүй технологитой улс орны хувьд /бордоо, ургамал хамгааллын арга хэмжээ бараг авдаггүй, байгалийн чадавхыг ашигладаг/ уур амьсгалын огцом өөрчлөлттэй үед услах, бордох, дасан зохицох чадвартай сортыг тариалах, ургамал хамгааллын ажлыг оновчтой болгох замаар ургацыг эрчимжилгүй үеийнхээс 70-80 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Ургамал хамгааллын арга хэмжээний гол үндсэн зорилго бол байгалийн бэлчээр, хадлан, таримал ургамалыг өвчин, хортон, хог ургамлаас хамгаалж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх явдал.

Ургамал хамгааллын асуудал нь нэг талаас албан буюу улс орны төрийн бодлого хууль эрхзүйн хүрээнд явагдах ба энэ нь байгалийн ургамлын тухай хууль, ургамлын хорио цээр – хилээр нэвтрүүлэх хяналт шалгалтын тухай хуулиуд, ургамал хамгааллын алба, ховордсон амьтан ургамал, тэдгээрийн гадаад худалдааг зохицуулах тухай, ойн тухай хуулиуд, бусад журам–тушаалууд зэргээр хэрэгждэг. Энэ нь Монгол улсын ургамлын аймаг хамгаалагдах үндэс болох ба ургамал хамгааллын бүхий л үйл ажиллагаанд зөвхөн нэг улс орны төрийн бодлогоос гадна олон улсын хэмжээнд хамтарсан хамгааллын томоохон гэрээ хэлэлцээрүүдийн үүрэг байнга өссөөр байна. Учир нь ургамлын баялаг түүний ач холбогдол нь нэг улс орны газар нутгийн хүрээнд биш олон улсын хэмжээнд үнэлэгддэг. Монгол улсын ургамал хамгааллын тухай хууль нь ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, хорио цээр тогтоох хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон төр засаг, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилготой.

Устах аюулд орсон хөнөөгдөж байгаа 133 зүйл ургамлын ашиглалтыг хуульчлан зогсоож "Монгол улсын улаан ном"-нд 128 зүйл дээд, доод ургамлыг бүртгэн байгалийн аясаар нөхөн сэргээх нөхцлийг бүрдүүлжээ. Зарим унаган болон нэн ховор ургамлыг нутагшуулах, нөхөн сэргээж ургуулах, байгалийн тархац нутгийг хамгаалах, ашигт ургамлыг зохистой ашиглахад хяналт тавихаар 2002 онд батлагдсан "Монгол орны ховор ургамлыг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн дагуу Алтайн сонгино, мангир, гоньд, сийрэг нохойн хошуу, нарийн навчит жигд, сухай, тоорой, заг, жодоо, гандигар, үнэгэн сүүлхий лидэр, урал чихэр өвс, сибирь гачуур зэрэг ховор, ховордож байгаа 40 гарй зүйлийн ургамлыг 20 гаруй га талбайд тарьж туршин үржүүлж байна. Мөн "Говийн ховор, аж ахуйн ашигт зарим ургамлыг нутагшуулах, тарималжуулах", "Чацаргана", "Монгол орны унаган ховор, аж ахуйн ашигт ургамлын удмын сан" зэрэг 20 гаруй шинжлэх ухааны төслүүд хэрэгжсэнээр Монгол орны нэн ховор, ховор ургамлын удмын санг амьд биетээр хадгалах, тарьж хамгаалах, зүлэг, хөрс хучигч, балт болон эмийн ургамлыг тарималжуулах, хот суурингийн ногоон байгууламжийг сайжруулах шинжлэх ухааны үндэслэл боловсрогдон хэрэгжиж байна.

Монгол улсын ойн нөөц баялагийг хамгаалах, ашиглах асуудал нь олон улсын гэрээ хэлэлцээрүүд болон байгаль орчны талаарх дотоодын бодлогоос бүрддэг байна.