Төгрөг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт юм.

Төгрөг
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Бутархай мөнгөний нэгж: 100 мөнгө
ISO 4217 код: MNT
Товчлол: , Төг.
Валютын ханш:
(2020 оны 12 сарын 23)

10 000 MNT = 3,76227[1] USD
1 USD = 2,892.41116 MNT

Түүх засварлах

Монгол Ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргаж, 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200 100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаар төгрөг Монгол улсын газар нутагт гүйлгээнд оров.

Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж "төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоос болон цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргаж байжээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ.

Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ.

Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгүүдийг гүйлгээнээс татаж авах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна. Харин хятадын янчаан нь тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв.

Ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байлаа.

1925 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэнд Монголын эд хэрэглэгчдийн хоршоо болон гадаадын худалдаачдын нийт 20 гаруй сая гадаадын мөнгөн тэмдэгт гүйлгээнд явж байжээ.

Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа.

Мөнгөний шинэчлэлт явуулах нь ард түмний ашиг сонирхолд нийцсэн хувьсгалт арга хэмжээ байсан учраас Монголын нийт ард түмний ухамсартай дэмжлэгийг хүлээсэн байна.

Засгийн газар Төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах бэлтгэл ажлыг далайцтай зохиож, мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөн сурталчилж, мөнгөний шинэчлэлт хийхэд онцгой анхаарал тавьж байсан бөгөөд, үүнийг хэр амжилттай хэрэгжүүлснээс эдийн засгийн бусад арга хэмжээний үр дүн шалтгаалах ёстой байв.

Зах зээл дээр явагдсан төгрөг, янчааны хороондын тэмцлийн явцад янчааны ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж байв. Төгрөгийн нэр хүнд, эзлэх жин нь түргэн өсч анх гаргахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг, жилийн дараа тодруулбал 1926 оны сүүлчээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулж байна. Ингэж шинэ мөнгөн тэмдэгт "төгрөг" зах зээл дээр ноёлох чанартай үндсэн валют болон хувирчээ.

Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гадаадын мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ.

1927 оноос тус орны бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл, тайлан баланс, хоорондын тооцоо, үнэ, татвар хураамжийг төгрөгөөр тооцоолон бодох болж улсын зах зээлээс хятадын янчаан бүрэн шахагдан төгрөг дангаараа үйлчлэх болов.

Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд (1926-1927) Монголбанкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ.

1925-1927 оны хооронд олон улсын байдалд зарим өөрчлөлт гарч дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч алтны эрэлт хэрэгцээ өсч ирсэнтэй уялдуулан төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах зорилгоор 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монголбанкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ.

Ингэснээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндэсний валют "Төгрөг" бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны 8 дугаар сарын 1 гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ.

Үүгээр мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ төгсч шинэ валют төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чаджээ.

Засгийн газраас мөнгөний шинэчлэлттэй холбогдуулан 1924-1928 онд авч явуулсан шат дараалсан арга хэмжээний дүнд Англи, Америк болон бусад орны худалдаачид, хятадын томхон пүүсүүд Монголын зах зээлээс шахагдан гарсан байна.

Мөнгөний шинэчлэлтийг амжилттай явуулж, үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон нь эдийн засаг, улс төрийн ихээхэн ач холбогдолтой юм.

Ингэж үндэсний мөнгөн тэмдэгт "төгрөг" улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, олон улсын мөнгөний үүргийг бүрэн чанартай гүйцэтгэж ирлээ.

Улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ.

Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна.

1925 оны цаасан дэвсгэртүүдийн 100, 50, 25 төгрөгийн дэвсгэртүүд дээр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, Бат-Очир, Дугар, нярав Большаков нар, бусад жижиг дэвсгэртүүд дээр дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, нярав Большаков нар гарын үсгээ зурсан байдаг.

1939 онд төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэйгээр монгол үсгээр хэвлүүлж, 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольж гаргасан бөгөөд 1941 онд төгрөгийн хэмжээ, өнгө, хээг өөрчлөхгүйгээр зөвхөн бичиг тооны зарим хэсгийг крилл (шинэ) үсгээр хэвлэж, 1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож зураг хээг өөрчлөн бүх бичиг тоог крилл үсгээр хэвлэж, 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижигрүүлж, өнгө, зураг урлалыг цоо шинээр өөрчлөн бүтээж, хэвлэн гаргасныг одоо гүйлгээнд хэрэглэж байна. 1966 оны шинэ тэмдэгтийг гүйлгээнд оруулахдаа урьд нь гүйлгээнд явж байсан бүх цаасан тэмдэгтүүдийг богино хугацаанд сольж олгох замаар гүйлгээнээс татсан байна. Тэгэхдээ ханшийн өөрчлөлт хийгээгүй ажээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн нөөцийг хуучин зураг загвараар нь 1981, 1983 онд сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна.

1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн цаасыг үйлдвэрлэхдээ хуурамчаар үйлдэхээс хамгаалсан усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын 3/5-ийг хөвөн, 2/5-ийг нийлэг эд, маалинга, бусад хольц эзэлдэг. Иймээс төгрөгийг томруулж нарийвчлан харвал улаан, цэнхэр болон бусад өнгийн зураасыг ажиглан харж болно.

1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн.

Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн болно. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг "колограмм" хийцийг оруулсан. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монголбанкны Ерөнхийлөгч Д. Моломжамц гарын үсэг зурсан. 1998 онд гүйлгээнд гарсан 1000-тын дэвсгэрт дээр Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат гарын үсэг зурж 2000 оноос хойш гадаадад хэвлүүлж буй дэвсгэртүүдэд Монголбанкны ерөнхийлөгч О. Чулуунбат гарын үсгээ зуржээ.

Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ.

1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-тын зоос, 1937 онд 10, 15, 20-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан. 1959 онд хөнгөн цагаанаар 1, 2, 5-тыг голдоо нүхтэй зоос гаргажээ.

Одоо 1970 онд гаргасан зоосон мөнгө юм уу энэ хэлбэр хэмжээгээр түүнээс хойш үйлдвэрлэсэн зоосон мөнгөнүүд гүйлгээнд хэрэглэгдэж, 1970 оноос өмнө үйлдвэрлэж гаргасан зоосуудыг гүйлгээнээс хасагджээ.

Гүйлгээнд яваа төгрөг зоосон мөнгөний гүйлгээнд тэнцэх эсэхийг төв орон нутгийн банкны бүх байгууллагууд шалган тогтоож ялган, муудсан мөнгөн тэмдэгтийг Төв банкинд татан авч, Тусгай комиссын хяналттайгаар шалгаж зориулалтын машинаар хигэж үртэс болгон устгадаг.

1970 оноос хойш нэг төгрөгний зоосон мөнгийг Карл Маркс, Д. Сүхбаатарын хөрөг, соёмбо, сансрын билэг тэмдэг зэрэг 8 төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргажээ.

БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор нэг төгрөгний цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулагдсын 50 жилийн ойгоор 10 төгрөгний зоосон мөнгө цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байжээ.

Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай. Өнгөрсөн 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргав.

Монгол улсын хэрэглээнд байгаа мөнгөн тэмдэгт засварлах

дэвсгэрт Нүүрэн тал Ар тал Хэмжээ (мм) Нүүрэн тал (тайлбар) Ар тал (тайлбар) Анх хэвлүүлсэн он
Нэг төгрөг 57х115 Арслан Соёмбо тэмдэг 1993
Таван төгрөг 59х120 Д.Сүхбаатарын хөрөг Адуун сүрэг 1993
Арван төгрөг 61х125 Д.Сүхбаатарын хөрөг Адуун сүрэг 1993
Хорин төгрөг 64х130 Д.Сүхбаатарын хөрөг Адуун сүрэг 1993
Тавин төгрөг 66х135 Д.Сүхбаатарын хөрөг Адуун сүрэг 1993
Зуун төгрөг 68х140 Д.Сүхбаатарын хөрөг Адуун сүрэг 1993
Таван зуун төгрөг 70х145 Чингис хааны хөрөг Гэр тэрэг 1993
Мянган төгрөг 72х150 Чингис хааны хөрөг Гэр тэрэг 1993
Таван мянган төгрөг 72х150 Чингис хааны хөрөг Эртний Хархорин хотын дотоод талбайн дүрс 1994
Арван мянган төгрөг 72х150 Чингис хааны хөрөг Эртний Хархорин хотын дотоод талбайн дүрс 1995
Хорин мянган төгрөг 72х150 Чингис хааны хөрөг Төрийн есөн хөлт цагаан туг 2006

[2]

Он оны мөнгөн тэмдэгт засварлах

 
1925

1924 онд батлагдсан манай улсын анхны үндсэн хуулийн дагуу "соёмбо" сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна. Энэ оны мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан боловч үнэн хэрэгтээ 1940-өөд оноос гүйлгээнээс бараг хасагдсан байна.

  • 1939 оны мөнгөн тэмдэгт
 
1939

Энэ оны мөнгөн тэмдэгт нь "соёмбо" сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн байна.Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1955 оноос гүйлгээнээс гарчээ.

  • 1955 оны мөнгөн тэмдэгт
 
1955

Энэ оны мөнгөн тэмдэгтийг зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна. Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдон мөнгөн тэмдэгт дээрхи бүх үг үсгийг кирилл үсгээр бичжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс хасчээ.

  • 1966, 1981, 1983 онуудын мөнгөн тэмдэгт
 
1966

1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг, 1983 онд 1, 3 төгрөгийн дэвсгэртүүд тус тус гарсан байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтүүдийг зураач Ц.Минжүүр, Д,Цэрэнпил нарын зургаар 1966 онд батлагдсан шинэ сүлдтэйгээр хийжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. 1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. 20 төгрөгийн дэвсгэрт гарсантай холбогдон 1966 онд үйлдвэрлэгдсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй боловч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн байна.

Нууцлал засварлах

  • 1. Металл утас.
  • 2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэлтэнэ.
  • 3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
  • 4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.
  • 5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
  • 6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
  • 7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.
  • 8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
  • 9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.
  • 10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.

БНХУ-ын төгрөг засварлах

ӨМБ-ын төгрөг (1947-1948) засварлах

Өвөр Монголын Бангхи (Өвөр Монголын Банк), 1947.6.1

ЗМБ-ын төгрөг (1946-1947) засварлах

Зүүн Монголын Бангхи (Зүүн Монголын Банк), 1946.3.1

ӨМАБ-ын төгрөг (1948-1951) засварлах

Өвөр Монголын Ардын Бангхи (Өвөр Монголын Ардын Банк), 1948.6.1

Мөн үзэх засварлах

Эx сурвалж засварлах

  1. Монголбанкнаас зарласан ханш, 2019 оны 1 сарын 7 өдрийн хаалтын ханш
  2. www.mongolbank.mn// – [1]
Өмнөх
Монгол доллар
Монголын мөнгөн тэмдэгт
1921 -
Дараах
байхгүй